Манай улсын энэ жилийн эхний найман сарын гадаад худалдааны эргэлт 15.9 тэрбум ам.долларт хүрч, 2022 оны мөн үеийнхээс 2.5 тэрбумаар буюу 19.4 хувиар өсжээ. Экспортод 10 тэрбум ам.долларын түүхий эд, бараа нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 29 хувиар нэмэгдсэн дүн аж. Импортод 5.9 тэрбумыг зарцуулсан нь 6.2 хувиар өссөн гэсэн үг. 1-8 дугаар сард 40.9 сая тонн чулуун нүүрс борлуулсан нь 2022 оны мөн үеийнхээс 2.8 дахин нэмэгдсэн дүн бөгөөд экспортын орлогын 57.3 хувийг бүрдүүлжээ. Түүнчлэн 1.02 сая тонн буюу 2022 оны 1-8 дугаар сарынхаас 4.7 хувиар их зэсийн баяжмал нийлүүлж, экспортын орлогын 17.7 хувийг бүрдүүлсэн байна. Харин импортод зарцуулсан хөрөнгийн 21.1 хувиар нь нефтийн бүтээгдэхүүн, 14.1-ээр нь ачааны болон суудлын автомашин, тоног төхөөрөмж, эд анги, 2.1-ээр нь эрчим хүч худалдан авчээ. Тайлант хугацаанд импортын гурил, улаан буудай, тахиа, гахайны махны нийлүүлэлт 10-2200 дахин өссөн бол элсэн чихэр, өндөг, өтгөрүүлсэн болон хуурай сүү, ургамлын тосны худалдан авалт 0.4-34 хувиар буурчээ. Ташрамд дурдахад, эл хугацаанд Монгол 74 оронд бараа, түүхий эд экспортолж, 151 улсаас гарал үүсэлтэй бүтээгдэхүүн импортолсныг Гаалийн ерөнхий газрын тайланд дурдсан байна.