Жил болгоны тодорхой үед олон нийтийн ярианы сэдэв, “хэрүүлийн алим”, маргаан мэтгэлцээний үндэс болдог ч хэсэгхэн хугацааны дараа ор тас мартагдаж орхидог, тэр хэрээр бодит нөхцөл байдал нь улам дордсоор буй олон асуудлын нэг нь идлэг шонхрын хамгаалал. Монголчууд эл жигүүртнийг үндэсний бахархалт шувуу хэмээн өргөмжилж, гадаад паспортынхоо хуудсанд хүртэл дүрслэн, түүх соёл, эв нэгдэл, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахын бэлгэдэл болгосон ч аливаа аюул эрсдэлээс хамгаалах, амьдрах орчинд нь тулгамдаж буй бэрхшээлүүдийг шийдэх чиглэлээр дорвитой арга хэмжээ авалгүй өдий хүрлээ. Үүний уршгаар өндөр хүчдэлд цохиулан эндсэн бахархалт шувуу мянга мянгаар тоологдох боллоо.
Шонхрыг зөвхөн соёлын зориулалтаар, Засгийн газрын нууц тогтоолын хүрээнд хил давуулах шийдвэрийг далимдуулан ил, далд наймаа, тохиролцоо хийдэг, бэлэглэх нэрийн дор харийнханд ая тал засдаг хүмүүс ч Ойрхи Дорнодын орнууд руу үүнээс ч олон тооны шувуу гаргалаа. Харин бид тав, 10 жилийн өмнөх өнөөх байрандаа л “зогсож”, хий хоосон шогшрон, нэгэн рүүгээ үсчсэн хэвээр.
Уламжлал ёсоор энэ жил ч шонхрын асуудал олны анхаарлын төвд ороод, гарлаа. “Өвөрхангай аймгийн Хужирт сумд арабууд шонхор агнаж байна” гэсэн тайлбартай нэгэн дүрс бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан нь ийм шуугиан дэгдэх үндэслэл болов. Үүнээс үүдээд монголчууд хэдэн өдөр идлэг шонхроор “амьсгаллаа”. Нэг хэсэг нь “Бахархал, бэлгэдэл болгосон шувуугаа хамгаалахгүй байсаар барж дууслаа” гэж халаглав. Нөгөө хэсэг нь “Зардгийг нь зараад, хядахыг нь хядаад хэдийн дуусаж байна” хэмээн шогширцгоолоо. Харин өдгөө энэ асуудал хичээлийн шинэ жил, улс төрийн мэдээ, мэдээллийн сүүдэрт дарагдан таг чиг болов. Хэрэв бид шонхрын асуудалд яг ингэж цаг зуурын байдлаар хандвал хойд хөршийнхөө араас ороход ойрхон байна. Оросууд идлэг шонхроо Ойрхи Дорнодын орнууд руу ил, далд зөөсөөр нөөцийг нь барж буй гэдэг. Тус улс дахь шонхрын хамгийн том популяц оршдог Алтайн бүсэд гэхэд хяналтгүй экспорт, хууль бус ангийн нөлөөгөөр эл шувууны тоо 43.4 хувиар багассан гэсэн статистик бий. Эцэстээ тэд идлэг шонхрын тоо толгойг өсгөх зорилгоор томоохон фермүүд ажиллуулж эхэлсэн ч эл шувуугаар мөнгө олдог, улс төр, бизнесийнхэнтэй сүлбэлдэн хил давуулдаг хүмүүсийн “урт гар”-аас төдийлөн сайн хамгаалж хүчирдэггүй гэнэ лээ. Монголчууд одоо ийм л замналаар явж байна.
Бахархалт шувуугаа харийнхнаас хамгаалах асуудал сөхөгдсөний дараа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нийгмийн сүлжээгээр тархсан нэгэн зураг (олон тооны шонхор шувуу ачсан жийп машины)-ийг цахим хуудсандаа нийтлээд “Зэрлэг амьтан судлах, хамгаалах төв, Монголын шувуу хамгаалах төвийнхөн цахилгаан дамжуулах агаарын шугамд 2019 онд тусгаарлагч зүүх явцад шонгийн утас дагуу үхсэн шувуудыг Сүхбаатар аймгийн Мөнххаан сумд цуглуулж, бүртгэж авсан зураг. Сайтууд үүнийг хэдэн өдрийн турш явууллаа. Мэдээллийг зөв авч, дамжуулах нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн хариуцлага байх. Олон нийтийг төөрөгдүүлсэн ийм мэдээллийг цаашид үнэн, зөвөөр цацаж байхыг хүсье” хэмээн бухимдлын үг дайв. “Арабууд монголчуудын бахархалт шувууг авлаад дууслаа” гэсэн иргэдийн сэтгэгдэл эрхэм сайдыг ихэд сандаргасан бололтой. Тэрбээр арабууд бус, агаарын шугам л идлэг шонхрын гол дайсан болж байна гэсэн мессежийг олон нийтэд өгөхийг хичээв. Угтаа бол хяналтгүй экспорт, хууль бус ан агнуурын улмаас хорогдсон шонхрын тоо цахилгааны шон, агаарын шугамд цохиулж эндсэнээс хол илүү шүү дээ.
Монгол Улсаас экспортолж байгаа нийт зэрлэг амьтдын 90 гаруй хувийг энэ төрлийн шувуу дангаараа бүрдүүлдгийг, зөвхөн 1996-2015 онд 24 748 идлэг шонхор хил давуулсныг олон улсын байгууллагуудын хамтран гаргасан “Зэлүүд тал” судалгааны тайланд дурдсан байдаг. Ингээд зогсохгүй “Зэрлэг амьтан ба ургамлын ховордсон зүйлийг олон улсад худалдаалах тухай конвенцод багтсан амьтдыг экспортолж буй тоо зарим бүс нутагт хэдэн зуун мянга, саяар хэмжигддэг бол Монгол Улсын хувьд харьцангуй бага. Гэвч тоо хэмжээ бага байгаа нь эдийн засгийн үр өгөөж муу, экологийн хохиролгүй гэсэн үг биш. Тус улсын зэрлэг амьтад эрс тэс, хуурай ширүүн уур амьсгалд тэмцэж амьдардаг учир тоо толгой цөөн, нөөц нь хязгаарлагдмал. Мэрэгч болон шавж л олон сая бий. Тиймээс агнуурын болон худалдааны квот тогтоохдоо тооцоо, судалгаанд үндэслэж, тэнцвэртэй байдлыг хангах нь чухал” гэж зөвлөсөн юм. Тэгэхээр цахилгааны шонгийн аюулгүй байдлыг хангахаас гадна ан агнуур, экспортын зохистой бодлого хэрэгжүүлэх нь ч манай улсын хувьд тулгамдсан асуудал болоод байна.
“Үлийн цагаан оготно барьж, байгалийн тогтвортой байдлыг хангадаг шувууг олон тоогоор гадаадад гаргах нь зөв үү” гэсэн нэгэн иргэний асуултад БОАЖ-ын сайд “Олон тоогоор гаргадаггүй. Цаг нь болохоор өөрсдөө гараад явчихдаг шувуу” гэж хариулсан байна билээ. Эндээс “Идлэг шонхор хүссэн үедээ нисээд явчихдаг учраас бидэнд хамаагүй” гэсэн хүнийрхэг хандлага л харагдлаа. Шувууд хил хязгааргүй нисэж, нэг тивээс нөгөөд нүүдэллэдэг байлаа гээд нутаггүй, эзэнгүй гэсэн үг биш. БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Уранчимэг “Монгол орны нутаг дэвсгэрийн 46 хувьд нь идлэг шонхор байдаг. Тодруулбал, 12 аймгийн нутагт 10 380 толгой идлэг шонхрын нөөцтэй гэж тогтоосон. Өнгөрсөн жил эдгээр аймаг шонхроос 12 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлсэн. Ер нь жил бүр 10 гаруй тэрбум төгрөгийн орлого олдог. Энэ шувуу манай улсад элбэг боловч бусад оронд ховор” гэж ярьсан. Гэтэл сайд нь мэдлэггүй, мэдрэмжгүйгээ гайхуулах гэсэн шиг ийм зүйл ярьж байгаа нь харамсалтай. Ялангуяа идлэг шонхрыг үндэсний бахархлаа болгон өргөмжилсөн, эл шувууны томоохон популяц оршдог орны байгаль орчны асуудал хариуцсан сайд нь ингэж ярина гэдэг дэндүү харалган, хариуцлагагүй явдал юм.
Жил болгоны намар ёс юм шиг яригддаг ч иргэдийн хий хоосон хөөрхийлөл, сүржигнэл, төрийн байгууллагынхны өөрсдийгөө хаацайлах гэсэн явуургүй оролдлогын сүүдэрт дарагдаж орхидог идлэг шонхрын хамгааллын асуудал салбарын судлаач, мэргэжилтнүүдийн хувьд хамгийн эмзэг, тэр хэрээр итгэл алдарсан зүйл болж хувирчээ. Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвийн захирал, шувуу судлаач, доктор Б.Нямбаяр “Жил бүрийн найм, есдүгээр сард идлэг шонхрын асуудалд нэг их анхаарал хандуулсан хүмүүс энд тэндгүй гарч ирж, эх сурвалжийг нь ч нягтлаагүй мэдээллүүдийг хэвлэл мэдээлэл, нийгмийн сүлжээгээр түгээдэг. айд болон холбогдох газар, хэлтсийн дарга нар энэ үед хамгийн их хардалт, дарамтад өртөнө. Үүнээсээ болоод гал унтраах маягийн арга хэмжээ аваад л өнгөрөөдөг. Булангийн орнуудаас ирсэн шонхор авлагчид энэ хооронд хэрэгтэйгээ аваад, ажлаа дуусгаад, нутаг буцсанаар чимээгүй болно. Хойтон бүх юм дахиад л давтагдана. Хэдэн шувуу судлаачид нь байдгаараа зүтгээд нэмэргүй.
Байгаль орчин болон эрчим хүчний салбарынхантай ойр ажиллалаа, хэдэн мянган км үргэлжлэх шонд тусламжийн хөрөнгөөр хамгаалах хэрэгсэл суурилууллаа, шувууны “алуурчин” шугамын бүтцийг ээлтэй болгох стандарттай болголоо. Гэвч ЭХЯ-ныхан нь хуучин шон (стандартын бус)-гоо үргэлжлүүлэн барьсаар, БОАЖЯ нь тодорхой бодлогогүй явсаар. БОАЖ-ын сайд аа, ирэх оны хаварт багтаад идлэг шонхрыг хамгаалах, ашиглах үндэсний хөтөлбөртэй болгох, түүнийг бүх нийтээр дагаж мөрддөг байх тал дээр анхаарч өгнө үү. Салбарын сайдын хувьд энэ чиглэлээр дорвитой арга хэмжээ авч, судлаачдаа сонсоосой гэж хүсье” хэмээн өгүүлснийг энд онцолъё. Түүний үг эздэдээ хүрч, биеллээ олж, идлэг шонхрын хамгаалал эзэнтэй болоосой.
Бэлтгэсэн: Н.Мишээл