Өнгөрсөн долоо хоногт өссөн зэсийн үнэ энэ долоо хоногт ч нэмэгдэж буйг “Reuters” уламжиллаа. Уг таваарын эрэлтийн бараг тал нь ногддог БНХАУ-ын хэрэглээний талаарх мэдээлэл үүнд нөлөөлжээ. Хэдийгээр дэлхийн зах зээлд илүүдэл үүссэн ч энэ оны эхний хагас жилд тус улсын цэвэршүүлсэн зэсийн эрэлт нь кабель үйлдвэрлэл, цахилгаан шугам сүлжээ, барилгын салбарынх нь хэрэглээтэй холбоотойгоор ес орчим хувиар өссөн тухай Олон улсын зэсийн группээс мэдээлжээ.
Лондон дахь “Amalgamated metal trading” компанийн Судалгааны газрын дарга Дэн Смит “Хөрөнгө оруулагчид БНХАУ-ын зэсийн эрэлтийн үзүүлэлтийг харгалзан зах зээлийн нөхцөл байдлыг дахин үнэлж байгаа болов уу” хэмээн өгүүлжээ. Өчигдрийн байдлаар тонн зэсийн ханш 1.1 хувиар өсөн 8330 “ногоон”-д хүрсэн юм. Мөн Лондоны металлын биржид гурван сарын дараа нийлүүлэх суурь металлын үнэ нэг хувиар дээшилснээр тонн нь 8360 ам.доллартой тэнцлээ. Ташрамд дурдахад, манай улс энэ онд 1.39 сая тонн зэсийн баяжмал нийлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд өдгөө 967 орчим мянган тонныг экспортлоод буй билээ.
Бэлтгэсэн: Б.Сонор