Цаг уур, орчны шинжилгээний газрын үүдэнд байдаг самбарт хоёр хоногийн өмнөх цаг агаарын мэдээлэл байхыг анзаарсан юм. Сар, өдөр, гараг, агаарын температур хоёр хоногийн өмнөхийг “зааж” байсан гэсэн үг. Төхөөрөмжид алдаа гарав уу, эсвэл угаасаа эл самбарыг “тоодоггүй” юу хэмээн бодож дээрх байгууллагад хандлаа. “Самбар бороо, уснаас болж гацав уу, эсвэл ямар нэгэн алдаа гарав уу. Хоёр хоногийн өмнөх мэдээлэл байх юм. Та нар мэдэж байгаа юу” хэмээн тэднээс тодрууллаа. Уг самбарыг хариуцсан инженер нь
“Та ням гарагт баасангийн мэдээлэл харсан байна. Зөв, зөв. Манайх амралтын хоёр өдөрт мэдээллээ сольж чаддаггүй юм. Энэ дэлгэц механик ажиллагаатай” гэлээ.
Цаг уурын хамгийн том байгууллагын хувьд автомат ажиллагаатай самбар, дэлгэцтэй байж болдоггүй юм уу гэж бодлоо. Энэ талаар асуухад инженер залуу унтууцах маягтай “Хоёр хоногийн өмнөхийг мэдээлсэн гээд танд ямар асуудал үүссэн юм бэ. Тэнд хэд хоногийн урьдчилсан мэдээг ч гаргадаг шүү дээ” гэв. Урьдчилсан мэдээ чухал. Хэнд ч гэсэн тухайн өдрийн болон хэд хоногийн дараах цаг агаарын урьдчилсан мэдээ хэрэгтэй. Түүнээс биш ороод өнгөрсөн бороо, шуураад одсон салхи ямар хамаатай байх билээ. Энэ тухай хэлэхэд өнөөх инженер шийдэл амархан олов. Тэрбээр уг дэлгэцэд даваагаас баасан гараг хүртэлх мэдээллийг тухайн өдрүүдэд нь гаргаад, тав дахь өдөр гэртээ харихын өмнө “арчаад” явахаар болов. Ийнхүү Цаг уур, орчны шинжилгээний газрын цаг агаарын мэдээ олон нийтэд хүргэдэг LED дэлгэц хуучирсан, хоцрогдсон нь тодорхой боллоо. Хариуцсан ажилтан нь “Хоёр хоногийн өмнөх мэдээлэл харснаар танд ямар асуудал үүсээд байгаа юм бэ” гэхийн оронд төхөөрөмжийг сайжруулах, нийслэлийн иргэдийг цаг тухайд нь бодит мэдээллийг хүргэх асуудлыг шийдүүлэхэд санаа тавимаар.