Улс төрийн намын тухай шинэчлэн найруулж баталсан хуулиар Сонгуулийн ерөнхий хороо (СЕХ)-нд хяналтын бүх эрхийг шилжүүлээд байна. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийг ч өөрчлөн батлав. Ингээд намууд Дээд шүүхэд бүртгүүлснээс хойших бүх үйл явцыг СЕХ хянахаар болж буй юм. Намууд бэлгэ тэмдэг, дүрэм, хөтөлбөр, байгууллагын хаяг, байршил, холбоо барих утасны дугаар, дарга, бүх шатны удирдлага, санхүү эрхэлсэн ажилтны нэрээс эхлээд холбогдох мэдээллээ жил бүр СЕХ-нд илгээж, шинэчилж байх үүрэг хүлээжээ. Ийм жижиг гэмээр мэдээллээс эхлээд гишүүдийнх нь тоо, бүртгэл, шат шатны сонгуульд хуульд заасан квотоор бүсгүйчүүдийг нэр дэвшүүлж байгаа, эсэх, удирдах байгууллагынхаа 40-өөс доошгүй хувьд эмэгтэйчүүдийг оруулсан уу гэдгийг хянана. Мөн намууд жил бүр санхүүгийн тайлангаа гаргаж, СЕХ-нд ирүүлэх ёстой. Хуульд заасан энэ бүх шаардлагыг зөрчвөл төрөөс олгох санхүүжилттэй нь “ярина”. Тухайн намыг сонгуульд оролцох эрхгүй болгох асуудлыг Дээд шүүхэд тавьж, шийдүүлнэ. Олон жил эрх дураараа явсан улс төрийн намуудыг ийнхүү дэгэнд оруулах гэж байгаа нь сайн хэрэг. Гэвч Дээд шүүхэд бүртгэлтэй 37 намыг “удирдан хянах” чадамж, боломж СЕХ-нд бий юү. Тэднийг өөрсдийг нь хэн хянах вэ гэдэг асуулт гарч буй юм.
...СЕХ-ны дарга, нарийн бичгийн даргыг УИХ-ын дарга санал болгодог учраас тэд нэг талаар эрх баригч намын “хараанд” байна гэсэн үг. Тиймээс хардах эрх олон нийтэд бий. Хяналтын эрх мэдлийг төрийн нэг байгууллагад төвлөрүүлсэн учраас ийм хардлага гарах нь ч зүй юм. Тэгвэл Улс төрийн намын тухай хуулиар тэднийг “хазаарлах” эрхийг Дээд шүүхэд олгосон юм байна...
ШААРДЛАГА БИЕЛҮҮЛЭХ ҮҮ, СОНГУУЛЬД ОРОЛЦОХ ЭРХЭЭ ХАСУУЛАХ УУ
Улс төрийн намын тухай 2005 онд шинэчлэн найруулсан хуулиар намууд өөртөө хяналт тавьдаг зохицуулалттай байв. Мөн жил бүр санхүүгийн үйл ажиллагаандаа аудит хийлгэн, олон нийтэд тайлагнах үүрэгтэй ч хуулийн энэ заалтыг мөрддөг нам байсангүй. Үндэсний аудитын газраас 2007 онд л төсвөөс намуудад олгож байгаа санхүүжилтэд гүйцэтгэлийн аудит хийж байсан юм билээ. Үүгээр олон зөрчил илрүүлсэн ч өнөөдрийг хүртэл түүнийг залруулалгүй явж ирсэн байх юм. Намууд өөрийгөө хянаж, өөртөө аудит хийгээд, “гаргасан” тайлангаа зөвхөн өөрсдөө харж, дүн тавих маягаар тогоон дотроо л “болгоод” ирсэн бололтой. Хуулийг ийнхүү үл тоосон намуудад хариуцлага тооцох тодорхой зохицуулалт ч байгаагүй. Харин одоо тэднийг ингэж эрхлүүлэхгүй нь. Хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа СЕХ-нд өгөөгүй, их хурлаа таван жилд хоёроос доошгүй удаа хуралдуулаагүй намыг идэвхгүйд тооцох хүсэлтийг Дээд шүүх рүү илгээхээр тусгажээ. Ингэснээр тухайн нам сонгуульд оролцох эрхээ хязгааргүй хугацаагаар хасуулна гэсэн үг. Уг нь Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх явцад ийм нөхцөлд нам гэдэг нэршлийг нь бүр хасаж, төрийн бус байгууллагад тооцох саналтай байсан юм билээ. Гэвч нэрийг нь хэвээр үлдээж, гагцхүү сонгуульд оролцох эрхийг хугацаагүйгээр хасахаар баталсан байна.
Дээр дурдсан мэдээлэл, тайлангаа ирүүлээгүй намд төрөөс санхүүжилт олгохгүй. 2024 оноос парламентад авсан нэг суудал бүрийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмсэнтэй тэнцэхээр тооцож, мөнгийг намуудад дөрвөн жилийн турш олгох юм. Энэ нь одоогийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 13.5 сая төгрөг болж буй. Мөн сонгуульд нэг сонгогчоос авсан санал тус бүрийг үнэлж, дөрвөн удаа авах мөнгөө ч намууд хасуулна. Эдгээр санхүүжилтэд төсвөөс жилд таван тэрбум орчим төгрөг зарцуулах тооцоо хийжээ. Гуравдагч хүчнийхэнд энэ нь чамлахааргүй мөнгө байх бол МАН, АН-д хувинтай усанд дусал нэмэхийн төдий санагдах байх. Харин намыг нь идэвхгүйд тооцож, сонгуульд оролцох эрхээ хязгааргүй хугацаагаар хасуулах зохицуулалт тэдэнд цочроо өгөх биз ээ.
Парламентад суудалгүй намуудын хувьд төрөөс санхүүжилт авдаггүй байсан. Тэгвэл одоо сонгуульд оролцоод нийт сонгогчийн нэгээс дээш хувийн санал авсан нөхцөлд төсвөөс мөнгө авна. Мөн нэг намд жилд 1-2 удаа шууд бус дэмжлэг үзүүлж, хурал цуглаан хийхэд нь заал танхимаар хангах зэрэг зохицуулалтыг хуульд оруулжээ.
Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг намуудын хувьд хариуцлагын эдгээр зохицуулалт нь “шийтгэл” болж мэднэ. Тиймээс тэд Улс төрийн намын тухай шинэчлэн найруулсан хуульд тусгасан бүх шаардлагыг хэрэгжүүлэх үү, эсвэл санхүүжилт болон сонгуульд оролцох эрхээ хасуулах уу гэдэг сонголт хийх хэрэгтэй болж байна. Үнэндээ СЕХ-нд “далан булчирхай”-гаа тоочихоор болсонд зарим намын төлөөлөл дургүйцэн, төвөгшөөж байгаа сурагтай. Жил бүр бүх мэдээллээ шинэчилж, санхүүгийн тайлангаа илгээнэ, засуулна, хянуулна. Тиймээс жижиг намууд түрүүчээсээ “шантарч”, төрийн эрхийг барих их хүсэлтэй МАН, АН, ХҮН тэргүүтэй хэдхэн нам л хуулийн энэ шалгуурыг давж үлдэнэ гэсэн төсөөлөл байгаа юм. Хянаж, цэгцлэх, нөгөө талаар олон шалгуур, шат дамжлагаар “залхаах” замаар намуудын тоог цөөлөх ч бодлого гэж ойлгож болох нь. Хүмүүс үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэх эрхтэй. Гэвч нам байгуулах амархан, нам болж оршин тогтнох хэцүү гэдгийг энэ зохицуулалтаар мэдрүүлэх юм байна. Нэгэнт байгуулсан намынхаа үзэл баримтлал, бодлогыг тууштай хэрэгжүүлэхийг хүсвэл хуулиа дагахаас өөр аргагүй.
СЕХ ХУУЛЬ ЗӨРЧВӨЛ ДЭЭД ШҮҮХЭД ХАНД
Шат шатны сонгуулийг зохион байгуулах үүрэгтэй байсан уг байгууллагын эрх мэдэл ийнхүү огцом тэлэв. Тэд ачааллаа дийлж, итгэл даан ажиллаж чадах уу. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд оруулсан өөрчлөлтөөр СЕХ-ны бүтцийг өргөжүүлж, ажлын албыг нь тамгын газар болгон, хүн хүч нэмж авах боломжоор хангажээ. Уг тамгын газар нь намуудын “гал тогоо”-ны дээрх бүх асуудлыг хариуцах бөгөөд дотроо тусдаа нэгж, хэлтэстэй байх аж. Тус байгууллагын төсвийг УИХ-аас баталдаг. Нэгэнт бүтэц нь өөрчлөгдөн, ажилтнуудын тоо нэмэгдэх учраас эрх мэдэл нь ч, зарцуулдаг төсөв нь ч өсөхөөр болж байна. Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд СЕХ-ны үйл ажиллагаа бие даасан, хараат бус байхаар заажээ. Мөн үйл ажиллагаандаа хууль дээдлэх, улс төрийн хувьд төвийг сахих, ил тод, шударга байх зарчим баримтална, бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд нь аливаа байгууллага, албан тушаалтан хэн боловч нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно гэсэн байна. Гэвч СЕХ-ны есөн гишүүний тавыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг нь Дээд шүүхээс санал болгосноор парламентаас зургаан жилийн хугацаагаар томилдог. Өөрөөр хэлбэл, УИХ-ын харьяа байгууллага байх нь. СЕХ-ны дарга, нарийн бичгийн даргыг УИХ-ын дарга санал болгодог учраас тэд нэг талаар эрх баригч намын “хараанд” байна гэсэн үг. Тиймээс хардах эрх олон нийтэд бий. Хяналтын эрх мэдлийг төрийн нэг байгууллагад төвлөрүүлсэн учраас ийм хардлага гарах нь ч зүй юм.
Тэгвэл Улс төрийн намын тухай хуулиар тэднийг “хазаарлах” эрхийг Дээд шүүхэд олгосон юм байна. СЕХ-ны гаргасан шийдвэртэй санал нийлэхгүй, хууль бус гэж үзсэн намууд гомдлоо Дээд шүүхэд гаргаж болох аж. Төслийг боловсруулсан судлаачдын зүгээс “Олон улсад намтай холбоотой бүх хяналтыг Сонгуулийн төв байгууллага нь тавьдаг. Энэ жишгийн дагуу өөрчлөлт оруулсан. Уг байгууллага тусдаа хуультай, түүнийгээ мөрдөх үүрэгтэй. Тиймээс СЕХ-ндоо бид шүүхтэй адил итгэх ёстой” гэсэн тайлбар хэлж байна.
ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТ
Намууд хуульд заасан хугацаандаа буюу жил бүр санхүүгийн тайлангаа СЕХ-нд илгээмэгц түүнийг нь цахим хуудсандаа байршуулж, иргэний нийгмийн байгууллага, судлаачид, бусад намынхан, хэвлэл мэдээллийнхэн, сонгогчдод танилцах, хянах боломжийг бүрдүүлэх нь. Үүнийг олон нийтийн хяналт гэж үзэж байгаа юм. Өрсөлдөгчийнхөө аманд багтаж, өгөөш өгөхгүйн тулд намууд хичээж ажиллах учиртай. Нөгөө талаар улс төрийн намд хандив өгсөн байгууллагууд санхүүгийн тайландаа энэ талаар заавал тусгах үүрэг хүлээжээ. Ингэснээр олон нийтийн зүгээс ямар байгууллагаас аль намд хэдэн төгрөгийн хандив өгснийг хоёр талаас нь тулгаж, хянах боломжтой болно. Шаардлагатай гэж үзвэл гомдол гаргах эрх нь ч нээлттэй байх гэнэ. СЕХ ийм байдлаар олон нийтийн дэмжлэгийг авч ажиллах аж.
Юутай ч СЕХ-г парламент хянаж, Дээд шүүх хазаарлах нь. Бас бид уг байгууллагад шүүхийн адил итгэх хэрэгтэй болж байна. Гэтэл шүүх засаглалдаа монголчууд бүрэн итгэдэг бил үү. Тэнд ч мөн эрх баригчдын нөлөө хүрчихсэн, шударга бус, ялгавартай хандаж буй тухай шүүмжлэл өрнөсөөр байна. Дүрэмгүй намуудад даруулга тогтоон, хяналт тавьж, хариуцлага тооцох өөдрөг төсөөллөөр баталсан дээрх хуулийг СЕХ хэрхэн хэрэгжүүлэхийг, хараат бус, бие даасан байдлаар ажиллаж чадах, эсэхийг бид ирэх сонгуулиар харах л үлдэв.