Намууд ирэх оны парламентын сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нэр дэвшүүлбэл төрөөс бонус урамшуулал олгохоор болсон байна. УИХ-аас шинэчлэн найруулж баталсан Улс төрийн намын тухай хуульд ийм зохицуулалт оруулсан аж. Нийгмийн бүх хэсгийн төлөөллийг парламентад хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох эрхийг баталгаажуулах зорилгоор дэмжлэг үзүүлэхийг үүгээр зорьжээ.
2024 онд парламентад холимог тогтолцоогоор 126 гишүүн сонгоно. Тиймээс нэр дэвшигчдийнхээ бүрэлдэхүүнд нийгмийн дээрх хэсгийн төлөөллийг оруулбал нэг хүн тутамд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцүү буюу одоогийнхоор 13.5 сая төгрөгийг тухайн намд олгох нь. Энэ нь нэг удаагийн дэмжлэг байх юм байна. Дээрх хуулийг ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэх бөгөөд тэр үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдвэл төрөөс олгох уг санхүүжилт ч өсөх юм.