Баянгол дүүргийн 30 дугаар хороо буюу олны нэрлэж заншсанаар X хорооллын 24 дүгээр байрны тагтан дээрээс нэгэн иргэн дээшхэд хэдэн удаа буудаж буй бичлэг өчигдөр олон нийтийн сүлжээнд цацагдаж, буун дуу тэр хавийн оршин суугчдыг айдаст автуулсан.
Цагдаагийн байгууллагад энэ тухай дуудлага өчигдөр 13.05 цагийн үед ирсний дагуу Баянгол дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийн хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид очсон байна. Дээрх байрны хоёрдугаар давхарт оршин суудаг, чөлөөт уран бүтээлч, уран барималч иргэн Ц.Г гэх 55 настай эр өөрийн эзэмшлийн “Вепрь” загварын буугаар хоёр удаа буудаж танхайрсан аж. Түүний ийн авирлах болсон шалтгаан нь дээд давхруудад нь амьдардаг иргэд тагтан дээрээсээ хогоо хаясантай холбоотой аж. Ц.Б тухайн үед гэртээ ганцаараа, архи уусан бөгөөд гэр бүлийнхэн нь эзгүй байсан гэнэ. Тэрбээр өмнө нь бас галт зэвсэг ашиглан танхайрч байсан зөрчилд холбогдсон нэгэн юм байна.
Зөрчилд холбогдогч Ц.Б өмнө нь ямар нэг байдлаар ял шийтгүүлж байгаагүй бөгөөд өчигдөр түүнийг эрүүлжүүлэх байранд саатуулсан гэнэ.