Эмэгтэйчүүд аливаа шатны сонгуульд өрсөлдөхөд тулгардаг үндсэн гурван бэрхшээл байдаг аж. Намаасаа нэр дэвших эрх олж авах, гэр бүлдээ хүлээн зөвшөөрөгдөх, санхүү мөнгөө шийдэх. Гэхдээ сүүлийнх нь байвал эхний хоёрыг “зохицуулж” болно. Мөнгөгүй л бол хэчнээн чадварлаг, боловсрол, мэдлэгтэй байгаад боломж хомс. УИХ-ын 2020 оны сонгуулиар нэг нэр дэвшигчийн тойрогтоо зарцуулсан зардлын дээд хэмжээ 775 сая төгрөг байв. Үүн дээр нэр дэвших эрх авахын тулд намдаа өгдөг хандив нэмэгдэнэ. МАН нэр дэвшигчдээсээ хандив аваагүй гэсэн бол АН 100 сая төгрөгийн дэнчинтэйгээр “виз” олгосон юм. Хэдэн зуун саяар тоологдох энэ мөнгийг төлөөд, шалгуур даваад гараад ирэх хүн эмэгтэй улстөрчдийн дунд тийм ч олон биш. Тэгш гараанаас өрсөлдөхөд тэдэнд учирдаг саад хэтэрхий их байлаа. Тэгвэл энэ удаа хонгилын үзүүрт гэрэл харагдаж магадгүй нь.
...Нам, эвслээс өрсөлдөж буй бүх нэр дэвшигчийн зураг, мэдээллийг нэг дор байршуулдаг байхаар хуульд өөрчлөлт оруулжээ. Нэг тойрогт ийм самбар хоёроос илүүгүй байх аж. Санхүүгийн чадамж муутай нэр дэвшигчид олон самбар “өлгөж” чаддаггүй, тэр хэрээрээ танигдах боломж муу байсан болодоо тэгш боломжтой болж байна...
Юуны өмнө сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, 78 гишүүнийг тойргоос, 48-ыг нь намын жагсаалтаар сонгохоор болсон. Намын жагсаалтад хүйсээр сөөлжиж оруулах ёстой. Мөн нам, эвслээс нэр дэвшигчдийн 30 хувь нь аль нэг хүйсийнх байх заалтыг анх удаа хэрэгжүүлэх гэж байна. Бүсгүйчүүдийн гол айдас болдог сонгуулийн зардлыг бууруулахтай холбоотой хэд хэдэн зохицуулалтыг ч хуульд тусган баталжээ. Үүний үр дүнд эмэгтэйчүүд сонгуульд өрсөлдөх санхүүгийн дарамт харьцангуй буурна гэж судлаачид үзэж байна.
ЭНД ТЭНДГҮЙ САМБАР ӨРДГИЙГ ЗОГСООНО
Манай улсад сонгуулийн сурталчилгаа эхэлснийг мэдэх амархан. Нэг өглөө босоод ирэхэд л гудамж, талбай, авто замын хоёр талаар фото зургийн “үзэсгэлэн” гарчихсан байдаг юм. Нүүрэндээ инээмсэглэл тодруулсан, ажил хэрэгч хувцастай тэдгээр хүнийг намын логогоор нь л ялгадаг гэхэд болно. Зай завсар бүрт шахам байрлуулчихсан нэр дэвшигчдийн зурагт самбар заримдаа салхинд унаж, урагдан, хөлөөр хөглөрөх нь бий. Нэр дэвшигчид сонгуульд зориулдаг зардлынхаа багагүй хувийг ийм самбар хэвлүүлэх, байршуулахад зарцуулдаг. Хэн олон самбар байршуулж, сонгогчдын нүдэнд илүү давтамжтайгаар өртөж, нэр усаа тогтоолгож чадсан нь санал авна. Хуулиар хүлээн зөвшөөрсөн, өөрийгөө таниулах нэг арга нь ийм л байв. Өнгөрсөн цаг дээр бичээд байгааг уншигчид анзаарсан байх. Уг нь Япон, БНСУ зэрэг оронд ийм “эрээн самбар” байдаггүй юм билээ.
Тэд сонгуулийн тухайн тойрогт нэр дэвшиж буй бүх хүний мэдээллийг нэгдсэн стандартаар нэг самбарт байршуулдаг. Сонгогчид тэндээс буюу нэг дороос мэдээллээ авчихна. Энэ жишгийг манайд нэвтрүүлэх тухай олон жил ярьсны эцэст сая нэг ажил хэрэг болгох гэж байна. Сонгуулийн тухай хуульд зардал бууруулахтай холбоотой оруулсан гол өөрчлөлтүүдийн нэг нь энэ юм. Нам, эвслээс өрсөлдөж буй бүх нэр дэвшигчийн зураг, мэдээллийг нэг дор, дээрх зарчмаар байршуулдаг байхаар хуульд өөрчлөлт оруулжээ. Нэг тойрогт ийм самбар хоёроос илүүгүй байх аж. Санхүүгийн чадамж муутай нэр дэвшигчид олон самбар “өлгөж” чаддаггүй, тэр хэрээрээ танигдах боломж муу байсан бол одоо тэгш боломжтой болж байна. Эрээлжилсэн олон самбар гудамжаар өрдөг үе ийнхүү түүх болох нь.
Мөн өмнө нь 200 сонгогчид нэг ухуулагч ногддог байсныг нэмэлт, өөрчлөлтөөр 400 болгожээ. Ингэснээр нам, эвслийн ухуулагчдын орон тоо цөөрөх юм. Мөн энэ ажил нь сайн дурынх байх ёстой гэж үзсэн учраас цалинг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувьтай тэнцүүлэхээр бууруулж тусгасан байна. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ХҮН намаас нэр дэвшсэн Д.Энхбатыг залуус дэмжин, сайн дураараа ухуулагч хийж байсан туршлага манай улсад бас бий. Тэгэхээр цаашид цалингүй, зөвхөн сайн дураар тухайн нэр дэвшигчийг дэмждэг тогтолцоо руу явах бололтой.
ЖАГСААЛТААР НЭР ДЭВШИГЧИД НАМДАА ХАНДИВ ӨГДӨГ БОЛОХ НЬ
Зардал бууруулахын тулд хуульд дээрх байдлаар өөрчлөлт оруулсан ч зарим талаар “нэмсэн” заалт бас байна. Монгол Улс 2012 онд анх удаа холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулах үед тойроггүй улстөрчдөд бусадтайгаа адилхан хэдэн зуун сая төгрөг зарцуулах шаардлага байгаагүй. Тэгвэл энэ удаа байдал өөрчлөгджээ. Тэд ч бас намдаа хандив нэрээр “татаас” төлөх зохицуулалтыг хуульд оруулсан байна. Сонгуулийн хуулийн тухай төслийг хэлэлцэж байх үед улстөрчдийн зүгээс “Жагсаалтаар нэр дэвшигчдийн намдаа өгөх хандив нь тойрогт нэр дэвшигчдийн зарцуулах зардлын дээд хэмжээнээс хэтрэхгүй байна” гэсэн ерөнхий заалт оруулахаар зүтгэсэн гэнэ. Ажлын хэсэгт багтсан судлаач, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд үүнийг эсэргүүцэж, “дунджаас хэтрэхгүй” гэдэг үг оруулснаар гарах зардлыг 50 хувиар бууруулж чадсан аж.
Улмаар Сонгуулийн тухай хуулийн 53.4-т “Жагсаалтаар нэр дэвшигч нь нам, эвслийн сонгуулийн сурталчилгаанд зориулан хандив өгч болох бөгөөд нэг нэр дэвшигчийн өгсөн хандивын дээд хэмжээ нь хуульд заасны дагуу тогтоосон тойрогт зарцуулах зардлын дээд хэмжээний дунджаас хэтрэхгүй байна” гэж батлуулсан юм байна. “Хандив өгч болно” гэдэг нь өгөхгүй ч байх эрхтэй гэж ойлгогдоно. Гэхдээ тойрогт нэр дэвшигчид зардал гаргаж байхад жагсаалтынхныг “эрхлүүлэхгүй” гэсэн үзэл санаа үүний ард байгаа юм. Өөрөөр хэлбэл, хандив авахын тулд л ийм заалт оруулсныг ойлгоход хэцүү биш. Тиймээс тойрогт өрсөлдсөн ч, намын жагсаалтад багтсан ч ялгаагүй л мөнгө хэрэгтэй болно гэсэн үг. Сонгуулийн зардлын хэмжээг Үндэсний аудитын газраас тогтоодог. 2020 онд тойргоосоо хамаараад нэг нэр дэвшигч 360-775 сая төгрөгийг сонгуулийн зардалд зарцуулж байсан бол 2024 онд үүнийг аль болох бууруулахаар зорьж буй. Одоогоор ирэх оны сонгуулийн зардлын хэмжээг батлаагүй байгаа юм.
Улстөрчид энэ бүхнээс өмнө тойрогт болон намын жагсаалтад багтах эрхээ олж авах ёстой. Үүнд бас л мөнгө шаардагдана. МАН-ынхан 2020 онд нэр дэвшигчдээсээ хандив аваагүй гэж буй ч санхүүгийн тайлан, тооцоо нь нууц байдаг учраас хөшигний ард юу болсныг хэлэх хэцүү. АН-ынхан ирэх жил дэнчингийнхээ хэмжээг нэмэх үү, хасах уу гэдэг нь энэ сарын 28-нд болох ҮБХ-ных нь хурлаас мэдэгдэх болов уу. Улс төрийн бусад гуравдагч хүчний тухайд дэнчин, хандивын хатуу босго байхгүй. Гэвч нийт сонгогчийн дөрвөн хувиас дээш санал авах магадлалтай намуудад жагсаалтын дээгүүр нэрээ бичүүлэхийн төлөөх өрсөлдөөн өрнөж байгаа биз ээ.
Юутай ч сонгуулийн тогтолцоог өөрчилж, зардлыг тодорхой хэмжээгээр бууруулан цэгцлэхээр боллоо. Эдгээр шат дамжлагаа даваад гараад ирсэн эмэгтэйчүүдэд сонгогчдын дэмжлэг бас чухал. Хүн амын 51, нийт сонгогчийн 53 хувь нь эмэгтэйчүүд хэдий ч парламентад эзлэх бүсгүйчүүдийн төлөөлөл ердөө 17 хувь байгаа. Үүнийг “эмэгтэйчүүд эмэгтэйчүүдээ дэмждэггүй” хэмээн тайлбарладаг. Тэгвэл тэдний нэр дэвших боломжит квот нь 20 хувь байсан учраас тодорхой тойргуудад “шахцалддаг” нь гол шалтгаан гэж зарим улс төр судлаач үздэг юм билээ. Олон жилийн тэмцэл, шаардлагын дүнд Сонгуулийн тухай хуульд нэр дэвшүүлэх квотыг үе шаттайгаар нэмэхээр оруулж, 2024 онд 30, 2028 онд 40 хувь болгохоор тусгасан байна. Нэр дэвшигчдийн хүйсийн квот тэнцүү байх тусам бүсгүйчүүдийн өрсөлдөх орон зай тэлнэ, тэр хэрээр сонгогчдоос дэмжлэг авах магадлал нэмэгдэх юм. Эмэгтэйчүүд шийдвэр гаргах түвшинд өрсөлдөхөд учирдаг саад, тулгардаг айдас ийнхүү бага багаар арилж буй нь авууштай.