БНХАУ-ын аялал жуулчлал, эдийн засгийн гол бүс, шилдэг хот болох Шанхай, Сүжөү, Нантунь, Чидүн, Наньжины бүтээн байгуулалт, инновац, байгаль орчны нөхөн сэргээлт, хөгжлийн түүх зэрэгтэй Монгол, Хятадын сэтгүүлчид 10 хоногийн хугацаанд танилцлаа.
Хөх мөрөн Хятадаар урсан өнгөрдөг нь том олз гэлтэй. Тэд мөрнийг хамгаалж, бас эргийг нь түшиглэн эдийн засгийн хувьд ихээхэн ашигтай аялал жуулчлалын бүс, боомт олноор байгуулжээ. Тухайлбал, Нантунийн өмнөд хэсгээр урсах Хөх мөрний дагуух хуучин боомтын үйл ажиллагааг 2016 онд зогсоож, дахин төлөвлөсөн байна. Үүний хүрээнд мөрний эргийн дагуух 14 км газарт байсан байшин барилгуудыг нурааж, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсоон, оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн аж. Ингэхдээ аж ахуйн нэгжүүддээ нөхөн төлбөр өгч, иргэдээ ажлын байраар хангасан нь дахин төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлэх үндэс болсон гэнэ. Улмаар Хөх мөрний бохирдлыг бууруулснаар хөх халим нь эргэн ирж, эрэг дагуух байгалийн үзэмжийг сэргээж чадсан байна. Өөрөөр хэлбэл, энд таван уулын аялал жуулчлалын бүс бий болгож, цэцэрлэгт хүрээлэн байгуулж, эргийнх нь 10 ам километр газрыг ойжуулж, түмэн зүйлийн мод ургуулан, зэрлэг амьтдыг нутагжуулжээ. Хүний гараар цогцлоосон ч гэлээ таван уул нь өөр өөрийн онцлогтой, жуулчдыг татах нууцлаг шидтэй гэмээр аж. Оройгоор нь манан татаж, шигүү ойгоо нэг харуулж, нэг нууна. Өдгөө эл цэцэрлэгт хүрээлэн Нантунийн нэрийн хуудас болж, жилд долоон сая жуулчин хүлээн авч, Хөх мөрнөөр завьтай аялуулж, эргээр нь зугаалуулж байна. Бас дахин төлөвлөлтөд гаргасан зардлаа хэдийн нөхсөн гэнэ.
Хөх мөрний эрэгт Люсы боомтыг байгуулжээ. Далайн тээвэр нь агаар болон газрынхтай харьцуулахад хямд, найдвартай гэдгээрээ ялгардаг. Тиймээс БНХАУ далайн тээврээ дээд зэргээр хөгжүүлснийг Люсы боомтын үйл ажиллагаанаас тод томруун харж болно. Эл боомтыг 2008 онд “Бүс ба зам” санаачилгын хүрээнд, дэлхийн жишигт нийцүүлж, Шанхайд ойр байгуулсан аж. Улмаар олон улсын Люсы боомтод 100 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, эрчим хүч, тээвэр ложистик зэрэг дэд бүтцийг нь бүрдүүлжээ. Мөн үйлдвэрүүд, том хот байгуулан, цогцоор нь хөгжүүлж буй юм байна. Мөрний эргийн бүс, газрын нөөц баялгаа бүрэн ашиглахын тулд усан онгоцны томоохон зогсоолуудыг шинэчлэн байгуулжээ. Аварга том усан онгоцнууд 100 мянган тонн ачааг зургаан салаа суваг замаар тээвэрлэн, газар газрыг зорин нааш, цааш аялдаг. Цаашдаа 50-100 мянган тоннын даац бүхий усан онгоцны 60 зогсоол байгуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна боомт түшиглэсэн орон нутгийн хүнсний аж үйлдвэрийн парк, хүнд машин механизмын үйлдвэр, микрофибр материал үйлдвэрлэгч компаниудын үйл ажиллагаа хурдацтай хөгжиж байна.
Люсы боомтыг хөгжүүлсэн гол бодлого нь 2020 оноос хэрэгжүүлсэн “2+2” төсөл гэнэ. Тунжөү булангийн далайд шинэ гарам, гарц нээх “2+2” төслийн хүрээнд Люсы боомтын баруун сав газрын урд хэсэгт барилгын материалын үлэмж агуулахууд, 100 мянган тоннын багтаамжтай, чингэлгийн хоёр терминал байгуулжээ. Үүнээс гадна 100 мянган тоннын багтаамжтай ерөнхий зогсоол байгуулж, шинэ булангийн бүтээн байгуулалт дагасан жижиг төслүүд хэрэгжүүлж эхэлсэнаж. 100 мянган тоннын багтаамжтай, чингэлгийн хоёр терминалыг “Шанхай групп”, “Жянсү групп”, “Нантунь боомт групп” хамтран ажиллуулдаг гэсэн. Төсөл хэрэгжүүлэхэд 4.6 тэрбум юанийн хөрөнгө оруулсан юм байна. Үр дүнд нь дэлхийн стандартад нийцсэн хиймэл оюун ухаан (AI) бүхий, Хөх мөрнийг холбосон авто, төмөр, усан замын систем бүхий ухаалаг “2+2” гармыг барьж дуусжээ. Одоогоор шинэ ухаалаг гарамд олон улсын аяллын 118, дотоодын жуулчдын 18 хөлөг онгоц ирж, очин аялж, 400 мянган тонн ачаа тээвэрлэсэн гэнэ. Тухайлбал, 2023 оны гуравдугаар сард Япон руу чиглэсэн худалдааны анхны сувгийг нээж, тээвэрлэлт амжилттай болсноор “2+2” гарам нээлтээ албан ёсоор хийснийг дэлхий дахинд зарласан байна.
Ийнхүү хуурай газраас усан замын бизнесийг Хятад орон амжилттай хөгжүүлж байна. Өдгөө Люсы боомтоос Шанхай руу долоо хоногт таван удаа хуурай газраас усан замаар хөлөг онгоцоор тээвэр хийдэг болжээ. Боомтыг нээснээс хойш дотоодын худалдааны нийт 69, олон улсын импорт, экспортын 12 хөлөг онгоц тээвэр хийж, мөнгөн урсгал нэмэгдсээр буй гэнэ.
БНХАУ шинэ боомт, гарам, усан онгоцны зогсоолууд нээхийн зэрэгцээ аварга хөлөг онгоцны үйлдвэрүүдээ ч тэлж хөгжүүлсээр байна. Далайн инженерийн хөлөг онгоцны үйлдвэрлэлийн парк Чидүн хотод бий. Уг паркийн газар нутаг нь 35.8 мянган ам метр. Эл паркийн харьяа “Хуань Юй-Ориентал интернэшнл”, COSCO, CIMC, “China сommunications”, “Dongfang еlectric” зэрэг төрийн өмчийн томоохон аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн “Хуа Зы энержи”, “Бээжин”, “Шанхай хүнд инженер” зэрэг 20 гаруй компани нэгдэн үйл ажиллагаа явуулж, нийт хөрөнгө оруулалтын хэмжээ 30 тэрбум юаниас давжээ.
Далайн инженерийн хөлөг онгоцны үйлдвэрлэлийн паркт гол төлөв далайн инженерийн тоног төхөөрөмж, тусгай хөлөг онгоцны үйлдвэрлэл явуулж, мөрний дагуух эргийн шугамыг нэгтгэх, оновчтой болгох, эрчимтэй хөгжүүлэхэд анхаардаг аж. Тиймдээ ч үндэсний нэгдүгээр зэрэглэлийн болон дэлхийд алдартай далайн инженерийн болон хүнд машин механизмын үйлдвэрүүд энд ажиллах эрхтэй гэнэ. Улмаар дээрх парк их, дээд сургуулиудтай хамтран докторын дараах инновацын дадлагын бааз, инженер, технологийн судалгааны 12 төв ажиллуулдаг. Ийнхүү Хөх мөрөн, Шар далай, Зүүн тэнгисийн уулзварт байгуулсан Люсы боомт хөгжсөөр тэлсээр байна.
Дэлхийн, бас Хятадын эртний хотуудын нэг нь яах аргагүй Наньжин. Эртний энэ хотын төвд орших 600 жилийн настай Шү Хү нуурын ойр орчмын гэр хорооллын айл өрхүүдийг ч дахин төлөвлөлт тойроогүй аж. Гэхдээ өмнөх хэв загвараас нь хол зөрүүлэлгүйгээр дахин сэргээж, Шү Хү нуурын аялал жуулчлалын бүс болгожээ. Олны хөлийн газар болох аялал жуулчлалын эл бүсээр оров. Хотынхоо төв хэсэгт орших эл газрыг манай нийслэлийн Гандангийн дэнжтэй адилтгаж болохоор санагдсан. Наньжин хотын удирдлага Ираны хот төлөвлөх олон улсын форум, Дани улсад болсон дээд хэмжээний уулзалтад оролцсон туршлагадаа үндэслэн Шү Хү нуур орчмыг сэргээн зассан гэнэ. Мин, Чин гүрний үеэс буюу 600 жилийн тэртээгээс уламжлаад ирсэн эл түүхэн газарт саяхныг болтол 800 гаруй өрх аж төрдөг байжээ. Тиймээс Наньжины Засгийн газар өнгөрсөн жилүүдэд эдгээр өрхтэй тохиролцож, хэлэлцсээр 400 гаруй айлын газар болон байшинг худалдан авчээ. Ингээд гудамж, талбайг аж ахуйн нэгжүүдэд түрээслэн, эртний Хятадын худалдааны бүс, үндэсний онцлогтой бараа, бүтээгдэхүүн зарах цэг, хуучны байшин, Мин, Чингийн үеийн аж байдлын төрхийг харах гэсэн сониуч жуулчдыг татах газар болгожээ. Байшин, газраа зараагүй 400 өрх ч ийм жишгээр эндээс ашиг орлого олж буй. Зарим нь наймаа хийнэ, нэг хэсэг нь жуулчдад гэр орноо үзүүлнэ. Бүр элдэв үзүүлбэр, гар урлалын бүтээгдэхүүнээр ч сэтгэлийг нь соронзодно.
Хоёр орны сэтгүүлчид эртний цэргийн музейгээр орж сонирхсон. Дэлхийд хамгийн сайн хадгалж үлдсэн, нарийн төвөгтэй цайз хотуудын нэг энд байна. Халдах дайснаас өөрсдийгөө хамгаалж ирсэн эртний хэрэм цайзыг музей болгон, жуулчдад, хүүхэд багачуудад нууцыг нь дэлгэдэг. 1366 онд байгуулсан Наньжин-Мин гүрний хотын хэрэм нь дэлхийн хамгийн урт, хамгийн том, хамгийн эртнийх. Барилгын нийт талбай нь 12 000 ам метр. Мин гүрний нийслэлийн арван гурван том хаалганы нэг нь эндхийнх бөгөөд урт нь25.1 метр. Эл музейд эртний хотын хэрэмтэй холбогдолтой соёлын 2000 гаруй үзмэр дэлгэсэн аж.
Наньжин хотын Засгийн газар, Наньжин их сургууль хамтран Гол, нуурын экологийн соёл иргэншлийн төв байгуулжээ. Ногоон технологийн инновац хөгжүүлж буй стратегийн эл төвд очсоноор шинэ соргог олон зүйлтэй танилцаж болно. Тус төвийн гол ажил нь ногоон технологийн судалгаа, боловсруулалт, хэрэглээ, сурталчилгаа, аж үйлдвэрийн хөгжлийг холбох юм байна. Жишээ нь, Хөх мөрний экологийн нөхөн сэргээлтийг энд хариуцдаг. Мөрний уснаас дээж авч, шинжлээд л хэчнээн төрлийн амьтан, ургамал байдаг, тэдгээрийн ДНХ ямар онцлогтойг нарийвчлан гаргаад ирнэ. Басхүү далайн усыг цэвэршүүлж, аж ахуйн нэгж, бүр өрхүүдийн хэрэглээнд нэвтрүүлдэг гол газар юм билээ. Товчхондоо, Хөх мөрнийг өндөр түвшинд хамгаалж, ашиглалтыг хөгжүүлж, Наньжин төдийгүй эргэн тойрных нь хотуудын эдийн засгийг тэлж, улсдаа томоохон хувь нэмэр оруулж буй стратеги, технологийн чухал төв.
Хоёр орны сэтгүүлчид ийнхүү БНХАУ-д ид өрнүүлж буй бүтээн байгуулалт, аялал жуулчлалын гол бүс, томоохон компаниудаар явж, үйл ажиллагаатай нь танилцлаа. Хятадын сэтгүүлчдийн тухайд өөр орны хэвлэл мэдээллийнхэнтэй хамт аялж, хамтарсан сурвалжилга төдийлөн хийж байгаагүй гэнэ. Мөн Монголын сэтгүүлчдийг хурдтай, гярхай, мэдрэмжтэй, асуулт нь чамбай хэмээн магтана лээ. Тэд ч улс орон нь хэрхэн хөгжиж байгаа, төр, засаг нь иргэддээ ямар боломж олгож буйг өдөр өдөртөө цацаж, технологийн ололт амжилтыг олон нийтэд шуурхай хүргэж байлаа. Бид харилцан туршлага хуваалцсан хамтын сурвалжилга ийнхүү өндөрлөлөө.
Хамтарсан багийн сэтгүүлчдийн сэтгэгдлээс хүргэе.
ХОЁР УЛСЫН СЭТГҮҮЛЧДЭДЭЭ БАЯРЛАЛАА
ГЭРЭЛТ (ӨМӨЗО-ы Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны Гадаад суртал ухуулгын газрын дэд дарга)
-“Хятадад уулзья Шинэ зуунтай танилцья” Хятад, Монголын хэвлэл мэдээллийн хамтарсан сурвалжилга амжилттай өндөрлөлөө. Гайхалтай дурсамж бүтээсэн хоёр орны сэтгүүлчдэдээ баярлалаа. Хамтарсан сурвалжилгаар бид олон улсын шилдэг нийслэл Шанхай, үзэсгэлэнт Жянсү, Сүжөү, Нантунь, Наньжин зэрэг хотод ажиллаж, Хятад маягийн орчин үеийн бүтээн байгуулалтыг газар дээр нь үзлээ. Цаашид ч Монголын хэвлэл мэдээллийн олон сурвалжлагч ирж, Хятадын шинэ үеийг хөгжлийг сонирхоно гэдэгт найдаж байна. Энэ нь хоёр талын харилцан ойлголцлыг нэмэгдүүлж, нөхөрлөлийг бэхжүүлнэ.
ХЯТАДАД ОНЦЛОХ ОЛОН ЗҮЙЛ БИЙ
ЧЕН ШИН (“Синхуа” агентлагийн редактор):
-Цар тахлын өмнөх болон дараах Хятад орон маш их өөрчлөгдсөнийг харлаа. Хөгжлийн үе шатыг нэг түвшнээр ахиулсан байна. Найруулагч, редактор болохоор тэр бүр томилолтоор явдаггүй. Энэ удаа Монголын сэтгүүлчидтэй хамт томилолтоор явж олон зүйл үзлээ. Нэгдүгээрт, шинжлэх ухаан, технологийн хувьд асар хурдтай хөгжиж байгааг харлаа. Хоёрдугаарт, аялал жуулчлалаас гадна байгалиа хамгаалах чиглэлд олон дэвшил гаргажээ. Гуравдугаарт, эртний түүх соёлоо маш сайн хадгалж ирснийг хараад бахархлаа.
ЭХ ОРНЫХОО ҮСРЭНГҮЙ ХӨГЖИЛТЭЙ ТАНИЛЦЛАА
ЖАН ЛҮ (ӨМӨЗО-ы “Өдрийн сонин”-ы Гадаад мэдээний албаны сэтгүүлч):
-Миний хувьд анх удаа улсынхаа том хотуудаар Монголын хэвлэл мэдээллийнхэнтэй хамтарсан сурвалжилга хийлээ. Үүндээ маш их ач холбогдол өгч ажилласан. Энэ нь Хятад, Монголын сурвалжлагчдын харилцаа, хамтын ажиллагааг сайжруулахад чухал нөлөөтэй байв. Бидний хувьд ч эл завшааныг ашиглан эх орныхоо үзэсгэлэнт байгаль, технологийн үсрэнгүй хөгжлийг үзэж сонирхлоо.
ХААНА Ч ЯВСАН АЖИЛДАА СЭТГЭЛ ЗҮРХЭЭ ЗОРИУЛДАГ ЮМ БАЙНА
ЯН ЖҮН ФЭН (Хятадын “Ардын өдрийн сонин”-ы гадаад мэдээний редактор):
-Манай сониныхон томилолтоор их явдаг. Энэ удаад Хятад дахь манай онцлох хотуудыг сонгож, Монголын сэтгүүлчидтэй хамтарсан сурвалжилга хийлээ. Монголын сэтгүүлчид хаа ч явсан тэмдэглэл хөтөлж, идэвхтэй гэрэл зураг авч, дүрс бичлэг хийн, орчуулагчдаас үе үе асууж, ажилдаа маш их сэтгэл зүрхээ зориулж буйг харлаа. Хятадын хөгжлийн туршлагыг ихэд сонирхож байна. Бид ч Хятадын зарим туршлага, түүх номд орсон сонин хачинтай танилцлаа.
МОНГОЛД ОЧИХ БОЛОМЖ ОЛДВОЛ ДАХИН УУЛЗАХЫН ЕРӨӨЛ ӨРГӨЕ
ДҮ ЧЯАН ФАН (Шанхайн “Глобал таймс” сонины сэтгүүлч):
-Өнгөрсөн 10 хоногтМонголын сэтгүүлчидтэй хамт “амьдрахдаа” Монгол Улс, Монголын ард түмэн, нийгмийн талаар илүү ихийг мэдэж, бидэндижил төстэй зүйл ихбайгааг олж харлаа. Маш их хичээнгүй, мэргэжлийн хүмүүс юм. Залуучууд нь маш эрч хүчтэй, шинэ үеийн уур амьсгалтай. Монголдочих боломж олдвол өлзийтэй уулзахын ерөөл дэвшүүлье.