“Нүүрсний” гэх хэргийг шалгах ажлын хэсгийнхний мөрдсөн, төрийн өндөр албан тушаалтнуудтай холбоотой нэг ч хэрэг шүүхэд ирээгүй талаар өнгөрсөн долоо хоногт ШЕЗ- өөс хэвлэлийн бага хурал хийхдээ мэдэгдсэн. Тэгвэл НПГ-аас УИХ-ын дэд дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Б.Ганхуяг нарын 11 хүн холбогдсон, албан тушаалаа урвуулан ашигласан, бусдад давуу байдал бий болгосон, үндэслэлгүй хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулсан, гэрчид нөлөөлсөн, худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж дуусаад Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ.
Т.Аюурсайханыг улс төрд нөлөө бүхий этгээд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт их хэмжээний хахууль авсан, хахуулийн мөнгөөрөө барилга бариулж мөнгө угаасан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж буй юм. Харин Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нарын ойрын хамаарал бүхий хүмүүсийг худал мэдүүлэг өгсөн, гэрчид нөлөөлөхийг оролдсон хэмээн буруутгаж яллах дүгнэлт үйлдсэн аж. Одоо шүүх “Нүүрсний” гэх тодотголтой, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон энэ хэргийг шуурхай, шударгаар шийдвэрлэхийг харах л үлдлээ. Ташрамд дурдахад, авлигын хэргүүдтэй ганц АТГ тэмцдэггүй. Ял, цээрлэл хүлээлгэх нь шүүх, прокурорын хийх ёстой ажил. Тэгэхээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хэлсэнчлэн шүүхээс ял зэмлэл, шударга, хараат бус шийдвэр шаардах цаг ирж байна гэсэн үг.
Зуны амралт зугаалга, найр наадам үргэлжилж буй энэ өдрүүдэд “Нүүрсний” гэх олны анхаарал татсан хэргийг ард түмэн бараг мартах шахсан гэхэд хилсдэхгүй. Харин эл хэргийг шалгах болон хяналт тавих ажлын хэсгийнхэн амралтгүй ажилласаар байгаа аж. Тэд УИХ-ын гишүүн асан, өнгөрсөн хавар бүрэн эрхийг нь түдгэлзүүлсэн “Ажнай групп” ХХК-ийн захирал Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтыг үргэлжлүүлж байгаа юм. Хэдхэн хоногийн өмнө түүнд холбогдох хэргийг НПГ-аас татаж хянаж эхэлсэн бөгөөд зарим шаардлагатай нэмэлт ажиллагаа хийлгэхээр төлөвлөж буй бололтой. ЭЦА-нд шалгасан Д.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг АТГ-т мөрдөж байгаа хэрэгтэй нэгтгэн шүүхэд шилжүүлэхээр төлөвлөсөн учраас хүлээгдэж буй аж.
Харин Өмнөговь аймгийн Засаг дарга асан, ИТХ-ын даргаар ажиллаж байгаад өнгөрсөн хавар чөлөөлөгдсөн Б.Бадраа, Ханбогд сумын Засаг дарга Х.Нэхийт нарт холбогдох хэргийг яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх саналаа мөрдөгчид илэрхийлэн НПГ-т хүргүүлснээс хойш нэлээд удааширч байна. Тэд Ханбогд сумын нутагт гаалийн хяналтын талбай байгуулахын тулд газар авахаар хандсан хамаарал бүхий аж ахуйн нэгжүүддээ давуу байдал бий болгосон хэрэгт яллагдагчаар татагдсан билээ.