Ирэх сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, УИХ-ын 126 гишүүний 78-ыг мажоритар, 48-ыг нь пропорциональ хувилбараар сонгоно. Тойргоос сонгох гишүүдийн тоо хоёроор нэмэгдэж буй гэсэн үг. УИХ-ын сонгуулийн тойргийн хуваарилалтад ихээхэн асуудал бий. Үүнийг сонгууль бүрээр ярьж, шүүмжилдэг ч өөрчлөлгүй, өнөөдрийг хүргэсэн учраас одоо аль болох оновчтой хуваарилмаар байна.
“ТУН” НЬ ТААРДАГГҮЙ ХУВААРИЛАЛТ
Cонгуулийн тойргийг ирэх жилийн хоёрдугаар сарын 1-нээ сөмнө байгуулах ёстой ч хаана хэдэн гишүүн хуваарилахаа эрх баригчид хэдийн тохирчихсон байж ч мэднэ. Учир нь сонгууль бүрийн өмнө тогтолцоог нь өөрчлөхдөө тойргийн хуваарилалтыг ч үе үеийн эрх баригчид “самарч” ирсэн юм. Сануулбал, 76 тойргоос76 гишүүн (нэг тойрог-нэг мандат) сонгох хувилбарыг 1996, 2000, 2004, 2016 онд хэрэглэсэн. Харин нэг тойргоос олон гишүүн (мандат) сонгох хувилбарыг гурван удаа буюу1992, 2008, 2020 онд ашигласан юм.
...Хэнтий аймагт хийх төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн онуудад буюу сонгогдсон гишүүд нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллах болсноос хойш үлэмж өсөж байгааг жил бүр ярьж буй. Баянхонгорын гаралтай хоёр хүн ҮАБЗ-д байхад ч тус аймагт хийх төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өссөнийг олон нийт шүүмжилж байлаа...
Үндсэндээ найман удаа явуулсан сонгуулийн гуравт нь буюу 1996-2004 онд л нэг тойрог-нэг мандат зарчмыг тогтвортой баримталсан хэрэг. Гэхдээ тогтолцоо нь ижил ч аймагт ногдох мандатыг энэ хугацаанд өөрчилсөн байдаг. Тодруулбал, 1996 оны сонгуулиар Дундговь аймгийн 19, 20 дугаар тойргоос Ж.Отгонбаяр, Н.Тогтох нар сонгогдсон бол 2000 онд тус аймагт ердөө нэг мандат ногдон, Ж.Наранцацралт УИХ-ын гишүүн болж байж. Үүнээс хойш тойргийг томсгосон тохиолдолд тус аймагт хоёр, жижигсгэсэн үед нэг мандат ногдож иржээ.
Сонгуулийн тойргийг байгуулахдаа аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил зэргийг харгалзан ногдох мандатыг тогтоох ёстой. Өнгөрсөн 30 гаруй жилд аймаг, дүүргүүдийн хүн амын тооноос бусад нь өөрчлөгдөөгүй. Гэвч сонгогчийн тооны өсөлттэй уялдуулан тойргийн хуваарилалтаа оновчтой хийсэн үү гэвэл үгүй. Жишээ нь, Дундговь аймгийн сонгогчийн тоо 1992 онд 25.2 мянга байсан бол өдгөө 40 мянгыг даваад буй. Энэ хугацаанд сонгуулийн тойрог том, эсвэл жижиг байхаас хамааран мандатын тоо нь долоон удаа өөрчлөгдсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл, тэдний хувьд томсгосон тойрогтой байвал аймгаасаа хоёр гишүүн сонгох тул “ашигтай”. Ер нь ийм маягаар мандатаа “идүүлдэг” хэд хэдэн аймаг байдаг нь Булган, Говь-Алтай, Сүхбаатар юм. Тэдгээрийн хүн амын тоо ч ойролцоо.
Өнгөрсөн сонгуулийг томсгосон тойргоор явуулсан учраас нэг мандаттай аймаг, дүүрэг байгаагүй, бүгдээс нь 2-3 гишүүн сонгогдсон. Нарийвчилбал, 18 нь гурав, 11 нь хоёр мандаттай байв. Харин хүн амын тоогоор нь харьцуулбал, хоёр мандаттай тойргуудаас хамгийн цөөн сонгогчтой нь Говь-Алтай (37.4 мянга). Хамгийн олон нь Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрог, 110 мянга гаруй сонгогчтой. Аймгаасаа 14.8 мянган хүний буюу нийт сонгогчийн бараг 40 хувийн дэмжлэг авч, парламентад сонгогдсон гишүүн Б.Энх-Амгалангийнхаас даруй 2.5 дахин их саналыг Б.Энхбаяр дүүргээсээ цуглуулсан байх жишээтэй. Бас гурван ман Оросын даттай тойргуудаас хамгийн олон сонгогчтой нь Баянгол дүүрэг (135.1 мянга) бол цөөн нь Хэнтий (49.6 мянга) аймгийнх. Одоогийн парламентад тойргийнхноосоо хамгийн бага санал авч “орж” ирсэн хүн бол С.Одонтуяа. Тэрбээр Баянгол дүүргийн 27 143 сонгогчийн буюу тухайн сонгуульд оролцсон иргэдийн 26.2 хувийн санал авсан юм. Гэтэл саналаа өгсөн сонгогчдоос хамгийн өндөр дэмжлэг авсан хоёр гишүүн нь Хэнтий аймгийнх. Өдгөө Ерөнхийлөгчөөр ажиллаж буй У.Хүрэлсүх 72.2, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 71.7 хувийн дэмжлэг хүлээсэн ч тэдний хэн хэнийх нь цуглуулсан санал С.Одонтуяагийнхад хүрэхгүй. Өөрөөр хэлбэл, хамгийн бага хувиар сонгогдсон гэгдэж буй түүний “оноо” ч тэднийхээс өндөр байна. Мөн өнгөрсөн сонгуулиар хамгийн олон буюу 53.6 мянган хүний санал авч, гишүүн болсон хүн бол Н.Учрал. Гэхдээ тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн нийт сонгогчийн олонхынх нь дэмжлэгийг аваагүй. Харин түүний авсан санал Хэнтий аймгийн нийт сонгогчоос ч олон байгааг анзаараарай. Түүнчлэн тус аймгийнхаас олон сонгогчтой Дорнод (52.2 мянга), хүн амынхаа тоогоор ойролцоо Завхан (47.3 мянга) хоёр мандаттай байна.
ХҮНЭЭС ХАМААРАЛТАЙ ХУВААРИЛАЛТ
Хэнтий аймгийн хувьд энэ талаараа ихээхэн хэл ам дагуулдаг гэхэд болно. Ойрын өдрүүдэд өрнөж буй үйл явдлаар жишээлэн тайлбарлая. Энэ онд таван аймгийн 100 жилийн ой тохиож буй. Өчигдөр гэхэд Архангай, Завхан, Хэнтий аймгийнхан баяраа эхлүүлэв. Хэнтийнхний наадмыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж, аймгийг нь Сүхбаатарын одонгоор шагнаснаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өөрийн биеэр очиж гардууллаа. Төрийн тэргүүн иргэдэд нь олгох одон, медалиа ч богцолчихож. Ойгоо угтаж тэд 3200 үзэгчийн багтаамжтай, жилийн дөрвөн улиралд үйл ажилллагаа явуулах боломжтой цэнгэлдэх хүрээлэнгээс авхуулаад олон томоохон бүтээн байгуулалт хийжээ. Хэнтийг онцолж дурдсанаараа тэдний наадмыг гоёчилж, бусдынх нь бүтээснийг, баярлан хөөрч байгааг үгүйсгэх гэсэнгүй. Бүгд л нутаг нутагтаа зон олноороо, уугуул, суугуул түмнээрээ хавтай сайхан наадаж байгаа нь лав.
Харин өнгөрсөн 30 гаруй жилд нутгаасаа Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, сайд нар, тэр дундаа Сангийн сайд гэх мэт аль “том” албан тушаалтан “төрүүлж”, тойргоо тойглуулсан нь тухайн үедээ хөгжиж, дэвшсэн мэт хөөрцөглөж ирсэн дүр төрх энүүхнээс ч харагдаж байгаа нь нууц биш. Дарга, сайд цөөнтэй аймгууд нь “шоовдор хүүхэд” шиг байдагтай маргах хүн үгүй биз. Хэнтий аймагт хийх төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн онуудад буюу сонгогдсон гишүүд нь Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллах болсноос хойш үлэмж өсөж байгааг жил бүр ярьж буй. Баянхонгорын гаралтай хоёр хүн ҮАБЗ-д байхад ч тус аймагт хийх төсвийн хөрөнгө оруулалтын хэмжээ огцом өссөнийг олон нийт шүүмжилж байлаа. Сангийн сайд асан Ч.Улаан ч Сүхбаатар аймаг, тойрогтоо ажиллахдаа “Сангийн сайд тулдаа “арын хаалгадаж”, ахиухан төсөв хуваариллаа” гэх маягаар сайрхдаг байсан юм даг. Ямартай ч жил бүр улсын төсөв хэлэлцэх үеэр Сангийн сайд болон уг төслийг УИХ-ын хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч хоёрт бараг бүх гишүүн “хайр” зарладаг нь үнэн.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд томсгосон, жижгэрүүлсэн мажоритар болон холимог хувилбарын аль нь ч бай өнгөрсөн найман удаагийн сонгуульд нийслэлд хамгийн ихдээ 28 мандат олгожээ. Харин 2020 оны сонгуулиар нийслэлийн мандатаас дөрвийг нь хасаж, нэг мандаттай Дундговь, Сүхбаатар, Говь-Алтай, Булган гэсэн дөрвөн аймагт нэг нэгээр нь хуваарилсан юм. Нийслэлийн хүн амтай харьцуулбал угаас цөөдөж, чамлагдаж байсан мандатыг нь Улаанбаатараас хасаж, хумсалчихсан хэрэг. Тиймээс л эрх баригчид тойргийн хуваарилалтаа тун удахгүй ил болгохдоо одоогийнх шиг буюу хотоос 24 гишүүн сонгосон хэвээр байх уу, эсвэл бүр цөөлөх үү гэдэг нь анхаарал татаж байна.
Иймд сонгуулийн тойргийг хуваарилахдаа хүн амын тоог үеийн үед хамгийн сүүлд тавьсаар ирсэн эрх баригчдад урьдчилан сануулъя. Тойргоос сонгох суудалд нэмэгдэж буй хоёр мандатыг нийслэлд өгүүлэхийн тулд шахаж, УИХ-ын гишүүний сонгогчдоо төлөөлөх чадварыг нэмэгдүүлэхийг шаардъя. Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, сонгуулийн холимог тогтолцоог хуульчилсан зорилгодоо хүрэх, эсэхийг нь харъя. Шийдвэр гаргагчид тойрон хүрээлэгчдэдээ тойрог “бэлэглэж”, мөнгөтэй, нөлөөтэй хүмүүст найр тавих уу гэдгийг нь нийтээрээ хяная. Тойргийн болон төсвийн хуваарилалт шог байгааг шүүмжилж, Үндсэн хуулийн суурь зарчимтай харшилж буйг залруулах гэсэн хуульчид Цэцэд хандаад ч эрх баригчдыг “ялж” чадаагүй шүү дээ.