Өнгөрсөн жил Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усны Хүннүгийн язгууртны дурсгалт газарт хийсэн археологийн судалгааны үр дүнд Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор олдсон. Улсын хэмжээнд Гол мод, Ноён уул, Дуурлиг нарс гэх мэт нийт 9 язгууртны дурсгалт газрыг нээн илрүүлээд байсан бол Ямаан усны дурсгал бүртгэгдсэнээр 10 дахь дурсгалт газарт албан ёсоор тооцогдож байна.
Огторгуйн цагаан Гарьд сан, УГЗ Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театртай хамтран тус олдворыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор, Аймгийнхаа 100-н жилийн ойд зориулан Б.Цогнэмэхийн зохиол АСАРЫН ӨНДӨР түүхэн аялгуут жүжгийг энэ сарын 24-ны өдөр үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.
Жүжгийн ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, ерөнхий зураач соёлын тэргүүний ажилтан С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор Соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийтөгс, хөдөлгөөний найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Ган-Очир, түүхийн зөвлөхөөр Ж.Мөнхдэлгэр, бүжиг дэглээчээр соёлын тэргүүний ажилтан А.Отгон нар ажиллаж байна.
Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр “Өндөр гэгээн” дуулалт жүжиг, “Гарын таван хуруу” мюзикл жүжиг, “Жангар” хүүхдийн жүжиг зэрэг томоохон хэмжээний бүтээлүүдийг өөрийн тайзнаа туурвиж үзэгчдийн хүртээл болгосон билээ. 2023 онд аймгийнхаа 100-н жилийн ойг угтаж “АСАРЫН ӨНДӨР” түүхэн аялгуут жүжгээр үзэгч түмнийхээ сэтгэл оюунд бэлэг барихаар төлөвлөжээ.