Монгол Улсын хүн амын 3.7 хувь буюу 122 мянга гаруй иргэн хилийн чанадад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч байгаа тухай Үндэсний статистикийн хорооны мэдээлэлд дурджээ. Тэдний 100 мянга орчим нь 20-иос дээш насныхан юм байна. Гэхдээ энэ бол зөвхөн албан ёсны бүртгэл. Бүртгэлээс “гээгдсэн” хэчнээн хүн байгааг тодорхой хэлэхэд хэцүү. Сурч боловсрох, амьдралаа дээшлүүлэх зорилго өвөрлөн хүний нутагт ажиллаж, амьдарч буй иргэдийн бие нь хол ч сэтгэл нь эх орныхоо төлөө чилж явдаг учраас улс төрийн сонгох эрхээ эдлэхийг эрмэлздэг. Үндсэн хуулийн 21.2-т “УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээн заасан.
Нутаг дэвсгэр, байршил үл харгалзан Монгол Улсын иргэн бүр саналаа өгөх эрхтэй гэсэн үг. Гэвч 1990 оноос хойш зохион байгуулсан найман удаагийн парламентын сонгуулиас зөвхөн нэгт нь гадаадад амьдардаг иргэд оролцсон байдаг. 2012 онд л анх удаа ийм боломж олдож, парламентын сонгуульд намын жагсаалтаар нэр дэвшсэн хүмүүст тэд саналаа өгсөн түүх бий. УИХ-аас Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан баталснаар хилийн чанадад суугаа иргэд маань ирэх онд хоёр дахь удаагаа улс төрийн сонгох эрхээ эдлэх гэж байна. Харин сонгуулийн санал хураах үйл явц 12 жилийн өмнөхөөс хэр зэрэг сайжирсан бэ.
2012 ОНЫ СОНГУУЛЬ БУЮУ ХОЛИМОГ ТОГТОЛЦООНЫ “БУЯН”
УИХ бол Монгол Улсын төрийн эрхийг барих дээд байгууллага. Гэвч гадаадад амьдарч буй иргэд маань төрийн эрхээ барилцах, төлөөллөө бүрдүүлэх улс төрийн сонгох эрхээ бүрэн эдэлж чадахгүй удав. 2012 болон 2024 онд тэдний энэ эрхийг хангах боломжийг гагцхүү сонгуулийн холимог тогтолцоо л бүрдүүлж буй юм. Монгол Улс 2012 онд парламентын сонгуулиа анх удаа холимог тогтолцоогоор зохион байгуулахад тухайн үед гадаадад амьдарч байсан 112 862 иргэнээс 4276 нь бүртгүүлж, 2779 сонгогч буюу 64.9 хувь нь саналаа өгчээ.
Үүнээс хойш парламентын хоёр ч сонгуулийг зохион байгуулахдаа гадаадад байгаа иргэдээ оролцуулсангүй. Учир нь сонгуулийн тогтолцоогоо дахин өөрчилж, мажоритар болгосноор дээрх иргэдээ “мартаж” орхисон юм. Хилийн чанадад сонгуулийн тойрог үгүй ч гадаадад л байгаа болохоос тэд эх орондоо бүртгэлтэй, бас харьяалалтай. Эдгээр иргэнийхээ улс төрийн сонгох эрхийг хангаж, цахимаар саналыг нь авахад болохгүй зүйлгүй. Уг нь парламентаас 2005, 2015 онд баталсан УИХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар гадаадад сурч, амьдарч байгаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэдэд саналаа өгөх боломж олгож байжээ. Гэвч 2007 онд эмэгтэйчүүдэд олгосон 30 хувийн квотыг хасах үедээ гадаадад суугаа иргэдийнхээ сонгох эрхийг ч хамтад нь хүчингүй болгочихсон . 2015 оны хуульд оруулсан зохицуулалтыг мөн 2016 онд цуцалжээ. Хоёр ч удаа оролдлого хийсэн нь мажоритар тогтолцооны үед ч гадаадад суугаа иргэдийнхээ саналыг авах боломжтойг харуулж буй юм. Гэвч тийш хөрөнгө зарцуулах хүсэл, сонирхол, санаачилга өнөөг хүртэл манай УИХ-ын гишүүдээс гарсангүй. Гагцхүү нам, эвслийн нэрийн жагсаалтаар санал авч болдог холимог тогтолцооны “буян”-аар харьд байгаа монголчууд маань хоёр даагаа парламентын сонгуульд оролцож, сонгох эрхээ хагас дутуу боловч эдлэх нь.
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ
Манай улс 2013, 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар гадаадад байгаа иргэдийнхээ саналыг авсан учраас сонгууль зохион байгуулагчид тодорхой туршлага суусан. Гадаадад амьдардаг иргэд сонгуульд бүртгүүлэх болон эж хоёр удаа ирж очих нь хэцүү байгааг ярьж, цахим хувилбараар бүртгэх, болж өгвөл саналаа ч ийм байдлаар өгөх талаар бодлоо хэлсээр ирсэн. Тиймээс бүртгэх үйл явцыг нь цахимжуулах ажил хийжээ. Иргэд сонгуульд оролцох тухайгаа биечлэн очиж хэлэхээс гадна и-мэйлээр, шуудангаар, факсаар илэрхийлж болдог болгосон байна. Харин саналаа өгөхдөө заавал биечлэн очих зохицуулалт нь 2021 оны сонгуулиар ч хэвээр байв.
2012 онд 39 байсан Дипломат төлөөлөгчийн газрын тоо эдүгээ 45 болж нэмэгдээд буй. 30 улсад 45 төлөөлөгчийн газар байгаа нь дэлхийгээр тарсан монголчуудад хүртээмжтэй байж чадахгүй. 2012 онд иргэд өөрийнх нь амьдарч байгаа биш юм гэхэд ойролцоох хотод сонгуулийн салбар комисс байгуулж өгөх хүсэлт тавьж байсан. Үүнийг ажил хэрэг болговол очоод саналаа өгөх боломж бүрдэнэ. Харамсалтай нь, энэ асуудлыг өнгөрсөн сард баталсан Сонгуулийн тухай хуулиар мөн л шийдэж чадаагүй аж. СЕХ-ноос энэ тухай санал оруулсан ч дэмжлэг аваагүй юм байна. Амьдралын төлөө цаг нартай уралдан зүтгэж буй иргэдэд нэг өдөр ч үнэ цэнтэй. Тийм ч учраас гадаадад амьдардаг нийт иргэний тоог санал өгсөнтэй нь харьцуулахад тун хангалтгүй үзүүлэлт гардаг биз.
2012-2021 онд болсон дөрвөн сонгуульд гадаадад амьдарч байгаа сонгуулийн насны 7394 сонгогч (7.4 хувь) оролцохоор бүртгүүлснээс 5618 буюу 5.6 хувь нь саналаа өгсөн юм байна. Тодруулбал, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор 6233 сонгогч бүртгүүлснээс 68.2, 2017 онд зохион байгуулсан сонгуулийн эхний санал хураалтад 7209 сонгогч бүртгүүлснээс 4816 буюу 68.3, хоёр дахь санал хураалтад 7163 иргэн бүртгүүлснээс 2699 буюу 37.4 хувь нь саналаа өгсөн байна. 2017 онд Ерөнхийлөгчийн сонгуульд гурван хүн нэр дэвшсэн боловч хэн нь ч 50+1 хувийн санал аваагүй. Тиймээс дахин санал хураалт зохион байгуулсан билээ. 2021 оны сонгуульд гадаадад амьдардаг 7394 сонгогч бүртгүүлснээс 5618 нь буюу 75.9 хувь нь саналаа өгчээ.
Сонгогчдын ирц, идэвхийг нэмэгдүүлэхийн тулд өөр арга хэрэглэх, ялангуяа технологийн дэвшлийг ашиглан цахим хэлбэрээр санал авах нь зөв гэж СЕХ-ноос үзэж, 2021 оноос хойш УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороонд хүсэлтээ тавьсан юм билээ. Гэвч УИХ-аас нэмэлт, өөрчлөлт оруулан баталсан Сонгуулийн тухай хуульд үүнийг ажил хэрэг болгож тусгасангүй. Дэлхий ертөнц дижиталчлагдсан, ялангуяа цар тахлын дараа бүх зүйл онлайн болсон ч “Цахим Монгол” улсад саналаа биечлэн өгөх шаардлага тавьсаар байгаа нь энэ. Уг нь манай улс “Алсын хараа-2050” хөгжлийн бодлогодоо “цахим үндэстэн” болохоор зорьж, цахим засаглал төлөвшүүлэхээр ярьж, Цахим хөгжлийн яам ч байгуулаад авсан. Гэхдээ 2024 оны сонгуулиар хилийн чанадад амьдарч буй иргэдийнхээ саналыг цахимаар авч “амжихгүй” гэнэ.
Гадаадад суугаа иргэдийнхээ сонгох эрхийг хангахын тулд дэлхийн улс орнуудад хэд хэдэн зохицуулалт ашигладаг юм байна. ЭСЯ-нд биеэр очихоос гадна и-мэйлээр болон шуудангаар саналаа өгөх, мөн төлөөлөгчөө явуулах сонголтыг иргэддээ олгодог аж. Сонгуульд оролцох бүртгэлийг манайх яг энэ замаар авч болж байгаа. Тиймээс багахан нэмэлт зохицуулалт хийчихвэл саналыг ч ийм аргаар авч, олон улстай хөл нийлүүлэхэд болохгүй зүйлгүй. Аюулгүй байдал, саналын нууцлал зэргийг хангах боломж ч бий. Гэвч хотуудад салбар комисс байгуулах, саналаа цахимаар өгөх тухай 12 жилийн өмнөх санал ажил хэрэг болоогүй, олон өөр орон, хотод тарж амьдарч буй иргэддээ үйл явц нь хүртээмжгүй хэвээр байна.
Юутай ч гадаадад амьдарч буй иргэд УИХ-д төлөөллөө сонгох эрхээ чадлынхаа хэрээр эдэлж, саналаа өгөх биз ээ. Парламентын сонгуульд иргэдээ газар зүйн байршил харгалзахгүй тогтмол оролцуулж, технологийн дэвшлийг ашиглан цахимаар санал авдаг болох цаг ирнэ гэсэн урт холын, “гэгээн” бодолд улстөрчид минь дараастай яваа гэдэгт итгэж л сууя.