НҮБ-ын гишүүн 193 орон бараг 20 жил хэлэлцсэний эцэст даваа гарагт үндэсний харья мэдлийн бүсээс гадна далайн биологийн олон янз байдлыг хамгаалах чухал хэлэлцээрийг баталжээ.
НҮБ-ын Далайн хуулийн конвенцид тусгагдсан зарчмуудад үндэслэн энэхүү гэрээ нь далай тэнгисийн гуравны хоёрыг хамгаалах эрх зүйн орчныг ихээхэн бэхжүүлэх юм. Тодруулбал, далай тэнгис, түүний нөөц баялгийг хөгжүүлэх чиглэлээр олон улсын болон агентлаг хоорондын хамтын ажиллагааны шаардлагатай тогтолцоог бий болгожээ.
Энэхүү хэлэлцээрийг үр дүнтэй, цаг алдалгүй хэрэгжүүлэх нь далайтай холбоотой Тогтвортой хөгжлийн зорилтууд болон Кунмин-Монреалын дэлхийн биологийн олон янз байдлын тогтолцоог хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Химийн хорт бодис, олон сая тонн хуванцар хог хаягдал далайн эргийн экосистемийг эвдэж, загас, далайн яст мэлхий, далайн шувууд, далайн хөхтөн амьтдыг устгаж, их хэмжээний хохирол учруулж байна. Үүнээс гадна аюултай тоосонцор нь хүний идэж буй хоолонд ордог.
Тогтвортой хөгжлийн зорилтуудын (SDGs) хамгийн сүүлийн үеийн тайланд дурдсанаар, 2021 онд дэлхийн далайд 17 сая гаруй тонн хуванцар хаягдсан нь далайн хог хаягдлын 85 хувийг эзэлж байна. 2040 он гэхэд энэ тоо жил бүр хоёр, гурав дахин өсөх төлөвтэй байна.
Энэхүү гэрээ нь далайг бохирдуулж буй хүмүүст хариуцлага хүлээлгэж, болзошгүй маргааныг шийдвэрлэх механизмыг бий болгожээ.
Баримт бичигт заасны дагуу, өөрийн улсын харьяаллаас гадна усан бүст хийхээр төлөвлөж буй аливаа үйл ажиллагааны хувьд талууд өөрсдийн үйл ажиллагааны байгаль орчинд үзүүлж болзошгүй нөлөөллийг үнэлэх үүрэгтэй.
НҮБ-ын мэдээлснээр дэлхийн загасны нөөцийн гуравны нэгээс илүүг хэт их ашиглаж байгаа тул үүнтэй тэмцэх олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхээр гэрээнд тусгасан байна
Дэлхийн дулаарлаас болж далай тэнгисийн хэм улам бүр нэмэгдснээр хар салхины давтамж хүч эрчимжиж, далайн түвшин дээшлэн, эрэг орчмын газрууд давсархаг болж байна.
Энэхүү гэрээ нь уур амьсгалын өөрчлөлт, далай тэнгисийн хүчиллэгжилтийн сөрөг нөлөөг даван туулах, экосистемийн уян хатан байдлыг нэмэгдүүлэх, далайг удирдах нэгдсэн арга барилыг санал болгожээ.
Хэлэлцээрийг 2023 оны есдүгээр сарын 20-ноос эхлэн хоёр жилийн хугацаанд гарын үсэг зурахад нээлттэй байх бөгөөд 60 улс соёрхон баталсны дараа хүчин төгөлдөр болно.