Сонгуулийн холимог тогтолцоо олон хүнд найдвар төрүүлж байна. Тойрогт өрсөлдөж, мөнгөөр “зодоод” ч амжилт олохгүй зарим хүн энэ тогтолцоог намын жагсаалтад багтан УИХ-ын гишүүн болох боломж гэж харж буй бол жижиг намууд, нийгмийн бүлгүүд төлөөллөө оруулах эхлэл гэж үзэж байгаа юм. Сонгуульд оролцсон нийт сонгогчийн дөрвөн хувийн саналыг авч чадсан улс төрийн нам жагсаалтаар УИХ-д гишүүнтэй болно. Тиймээс намын жагсаалтыг хэрхэн эрэмбэлэх, “ногоон гэрэл”-ээр хэн хэн гишүүн болох бол гэдэг сэдэв анхаарал татаж эхлэв.
Хүн амын тал хувийг эзэлдэг эмэгтэйчүүд олон жилийн тэмцлийн дүнд нэр дэвшүүлэх 30 хувийн квотыг хэрэгжүүлэх гэж байна. Мөн намын жагсаалтад хүйсийн харьцааг 1:1-ээр сөөлжүүлэх учир бүсгүйчүүдийн хувьд төлөөллөө тодорхой хэмжээнд бүрдүүлж чадах нь. Одоо нийгмийн бусад бүлгийн эрх ашгийн тухай ярих учиртай. Хүн амын дөрвөн хувийг эзэлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэд 30 гаруй жилийн турш парламентын гадна үлдсээр ирсэн. Пропорциональ тогтолцоо тэдний төлөөлөлд хүрд эргүүлэх боломж олгох болов уу.
ЭХЛЭЛ БОЛ АЛИВАА АЖЛЫН 50 ХУВЬ
Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдээс бусад нийгмийн бүлэгт ямар нэгэн квот тусгаагүй. Өнөөдрийн байдлаар манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэн байгаа бөгөөд тэд сонгогчийн 1.5 орчим хувийг эзэлж байна. Цөөхөн хувь мэт сонсогдох ч тэдний гэр бүлийнхнийг оролцуулаад 400 мянган хүний эрх ашгийн тухай асуудал юм. Парламентад хөгжлийн бэрхшээлтэй иргэн сонгогдож байсан түүх манай улсад үгүй учраас баталсан хууль тогтоомж нь амьдралд ойр биш, бэлгэдлийн чанартай заалт оруулах байдлаар хандсаар ирсэн гэхэд буруудахгүй.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл, аюулгүй, бэрхшээлийг нь сануулах биш мартуулсан орчинд амьдрах эрхтэй. Тэдний сонгох эрхийг баталгаажуулахтай холбоотой хуулийн заалт, журам манай улсад хангалттай бий. Брайль үсэгтэй хавтас, томруулдаг шил ашиглуулах, саналын бүхээгт аудио болон хадмал, дохионы хэлтэй зааварчилгаа байршуулах, хөтөч зам, тэргэнцэртэй иргэн суух боломжтой ширээ бэлдэх зэргийг СЕХ-ны заавар зөвлөмжид ч дурддаг. Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгээс “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх нь” хөтөлбөрийн хүрээнд 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох эрхийг хангаж чадаж буй, эсэхэд ажиглалтын судалгаа хийжээ. Үүний үр дүнд дээрх заавар зөвлөмжүүдийг хагас дутуу, оромдсон байдалтай хэрэгжүүлдэг дутагдал илэрсэн аж. Хэдий тийм ч бид энэ талаар тодорхой дэвшилд хүрээд, урагшлах алхам хийж байна. Харин эдгээр иргэний сонгогдох эрхийг хэрхэн хангаж байгаа бол.
Тэд энэ эрхийнхээ төлөө тэмцэх, хөрсөн дээр буусан хууль батлуулахын тулд төлөөллөө УИХ-д сонгуулах гэж зорьсоор, оролдлого хийсээр иржээ. 2004 оноос хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл УИХ-ын сонгуульд өрсөлдөн, сонгогдох эрхээ эдэлж эхэлсэн юм. Тухайн үед ИЗНН-аас Баянгол дүүрэгт Д.Бадамханд нэр дэвшиж байв. 2008 онд одоогийн Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооны тэргүүн Ц.Оюунбаатар Сонгинохайрхан дүүрэгт бие даан нэр дэвшиж, есөн мянга орчим сонгогчийн санал авчээ. 2012 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлж паралимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Д.Баатаржав тэргүүтэй гурван хүн нэрээ дэвшүүлсэн түүхтэй. Д.Баатаржав 2016, 2020 онд мөн сонгуульд өрсөлдсөн юм. Тэрбээр 2020 онд “Шинэ эвсэл”-ээс, жүжигчин Ж.Баясгалан АН-аас тус тус нэр дэвшиж байв. Тэргэнцэртэй иргэдийг төлөөлж өрсөлдсөн жүжигчин Ж.Баясгалан сурталчилгаандаа “Бид цөөхүүлээ, гэхдээ амьд. Ижил дуугарч, тэгш эрхтэй амьдарч, тусгаарлагдах биш, тусгай хэрэгцээгээ мэдрүүлэх хэрэгтэй” хэмээн уриалж байлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний гэр бүлийн төлөө ажиллахаа мэдэгдэж байсан. Эхлэл бол аливаа ажлын 50 хувь байдаг учраас эдгээр хүн хэдийгээр сонгогдох хэмжээний санал аваагүй ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд ч бас эрхийнхээ төлөө дуугарч чадна гэдэг жишиг тогтоох, парламентад төлөөллөө оруулах суурийг бэлдэж яваа юм.
НАЙДВАР ТЭЭСЭН НАМЫН ЖАГСААЛТ
Сонгууль бүрийн өмнө холбогдох хуульд нь нэмэлт, өөрчлөлт оруулдаг уламжлал парламентад тогтсон. Тэр бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, тэдний эрхийг хамгаалах холбоодоос саналаа хэлсээр ирсэн байна. 2020 оны сонгуулийн өмнө Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбооноос сонгогдох эрхийг нь хуулиар баталгаажуулахыг шаардсан мэдэгдэл хийж, таван хувийн квот олгохыг хүсэж, Төрийн байгуулалтын байнгын хороонд уг саналаа хүргүүлсэн ч дэмжлэг авч чадаагүй юм. Энэ удаа ч тэд Ерөнхий сайд, УИХ, улс төрийн намуудад саналаа уламжилсан аж.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэх боломж хязгаарлагдмал байдаг. Тиймээс мажоритар тогтолцоогоор, тойрогт хүч үзэх хөрөнгө мөнгөний боломжтой хүн олон биш. 2020 оны сонгуулиар АН-ын дарга нэр дэвшигчдээсээ 100 сая төгрөгийг дэнчин болгон хурааж байв. Баянзүрх дүүрэгт нэр дэвшсэн жүжигчин Ж.Баясгалан бизнес эрхлэгч учраас энэ босгыг давж чадсан байх. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт ийм боломж байхгүй. Тэгш гарааны боломжгүй, санхүүгийн бэрхшээлтэй нөхцөлд тэдний төлөөллийг намын жагсаалтаар оруулах найдвар л илүү бодит болж байна. Дээрх холбооны ерөнхийлөгч Ц.Оюунбаатар “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгогдох эрх баталгаагүй байна. Хуулиар тэгш боломж олгож байж бид амьдралд ойрхон хууль батлуулж чадна. Тиймээс ч өмнө нь таван хувийн квот шаардаж байсан. Ингэвэл УИХ-д дөрөв хүртэл төлөөлөлтэй байх боломж бүрдэнэ. Бидний олон жилийн тэмцэл, шаардлага пропорциональ тогтолцооны үед биелнэ гэж найдаж байгаа” гэв.
Эрх баригч МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын жагсаалтаар эрэмбэлэхдээ эхний 10-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана хэмээж, бусад намд бас уриалсан. Нийт сонгогчийн дөрвөн хувийн босгыг давдаг нам цөөн, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг жагсаалтын эхэнд эрэмбэлэх магадлал ч муу. Тиймээс Ерөнхий сайдын уриалга бодит ажил болж чадвал жагсаалтаар МАН, АН-аас л энэ бүлгийн төлөөлөл сонгогдох боломж байгаа юм.
САНХҮҮГЭЭР УРАМШУУЛАХ АРГА
Олон улсад ийм туршлага, зохицуулалт бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг нэр дэвшүүлсэн намд төрөөс нэмэлт санхүүжилтийн дэмжлэг үзүүлдэг аж. Манай судлаачид энэ талаар ярьж, сануулсаар ирсэн. Жагсаалтад эмэгтэйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оруулсан улс төрийн намд урамшуулал өгөх зохицуулалт хийх боломжтой талаар МУБИС-ийн багш, судлаач Э.Гэрэлт-Од ярьдаг. Гэхдээ жагсаалтад эрэмбэлж оруулсан дүр эсгээд, буцаагаад хасах эрсдэл бийг тэрбээр сануулсан юм. Манай улстөрчид эмэгтэйчүүд болон нийгмийн бусад бүлэгтэй эрх мэдлээ хуваалцах тун дургүй. Олон улсын гэрээ, конвенцоор хүлээсэн амлалт, үүрэг байдаг учраас бэлгэдлийн чанартай заалт оруулсан болж, түүнийгээ хэрэгжүүлэхээс нь өмнө хасчихдаг түүх ч олон. Ийм эрсдэл бий учраас цаашид холбогдох хуулиар нарийн зохицуулалт хийх шаардлагатай байгаа юм.
Энэ талаар хөндөхөөр боловсон хүчин байгааюү гэдэг уламжлалт асуултаар ам таглах гэж оролдох нь бий. Хөгжлийн бэрхшээлтэй залуусын төлөөлөл олон улсад ч, төрийн өндөр албанд ч амжилттай ажиллаж буй туршлага бидэнд байгаа. Тухайлбал, Ерөнхий сайдын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн орон тооны бус зөвлөхөөр “Түгээмэл хөгжил-бие даан амьдрах төв”-ийн тэргүүн Ч.Ундрахбаяр хэмээх залуу ажилладгийг уншигчид мэдэх биз ээ. Мөн Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Гэрэл гэдэг бүсгүй НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хорооны гишүүнээр сонгогдон ажиллаж байна.
УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг парламент нэгэнт баталчихлаа. Одоо намын жагсаалтаар төлөөллийн ардчиллын зарчмыг хангаж, бүлгүүдийн төлөөллийг оруулах, эсэх нь улс төрийн намын дарга нараас хамаарах болов. Холимог тогтолцооны үндсэн зорилго нь энэ учраас намын дарга нар шалтаг хэлж, татгалзах арга хайхын оронд бодлогын шинэчлэл хийж, жагсаалтад нийгмийн бүлгүүдийн төлөөллийг оролцуулахад ухаан зарах хэрэгтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлсөн УИХ-ын гишүүнгүй 30 гаруй жил ажиллаж үзлээ, даацтай өөрчлөлт гарсангүй. Тэдний төлөөлөл парламентад сонгогдон, саналаа хэлж, хуулиа санаачлан батлуулж байж бид хүний эрхийг бүх түвшинд хангасан эрх зүйн орчин бүрдүүлж чадна. Намын жагсаалтад эрэмбэлэхдээ жим гаргаж, жишиг тогтоох нь чухал байна.