Улс орны хөгжил дэвшил урагшаа, шулуун замаар явах учиртай. Гэтэл манайд тойрог замаар явсаар эхлэл цэгтээ ойртов. 1990 оны хувьсгалын үр дүнд коммунист дэглэмтэй БНМАУ-ын удирдлага бүрэлдэхүүнээрээ огцорч, ардчилсан Монгол Улсыг байгуулсан түүхтэй. Нэг нам ноёрхсон тогтолцоог халж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн ардчилсан, олон ургалч үзэл бүхий олон намт системийн эхлэлийг үүгээр тавьсан юм. Тухайн үед ардчиллын салхийг сэвэлзүүлж, хувьсгал эхлүүлэн үр дүнд хүргэсэн залуус өнөөдөр Монгол Улс буцаад албан бусаар нэг намын тогтолцоотой болчихно гэж зүүдлээгүй биз ээ. Улс төр судлаачид нэг намын тогтолцоотой болж буйг сануулсаар байна. Гуравдагч хүчин бэлгэдэл төдий байсаар 30 жил улирч, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж явсан АН “түүх” болон үлджээ.
ПАРЛАМЕНТ БҮРТ 3-6 НАМ СОНГОГДЖЭЭ
Түүхийг эргэн сануулъя. 1992 онд Монгол Улс анхны ардчилсан Үндсэн хуулиа баталж, парламентын сонгуулиа зохион байгуулсан. Анхны энэ сонгуульд тухайн үеийн МАХН-аас гадна Монголын ардчилсан нам, Нэгдсэн нам, Монголын үндэсний дэвшлийн намынхан “Ардчилсан хүчний эвсэл” байгуулан оролцож дөрөв, Монголын социал демократ нам нэг суудал авсан юм. Мөн нэг бие даагч сонгогдож байжээ. Үнэмлэхүй олонх буюу 70 суудлыг МАХН авсан ч парламентад анх удаа олон намын төлөөлөл орж ирснээрээ уг сонгууль ач холбогдолтой байлаа. 70 жил “хайрласан” намаасаа монголчууд шууд салж чадахгүй байсан биз. Харин үүний дараагийн сонгуулиар огцом өөрчлөлт гарч, Монголын үндэсний ардчилсан нам, МСДН-ын “Ардчилсан холбоо” эвсэл 50 суудал авснаар МАХН анх удаа өвдөг шороодон, сөрөг хүчний байр суурин дээр буусан байдаг. Тэд 25 суудал авсан бол МУНН нэг суудал авсан юм.
2000, 2016, 2020 оны сонгуулиар МАН буюу хуучны МАХН дахин үнэмлэхүй олонхыг бүрдүүлсэн билээ. 2004 оны сонгуулиар МАХН болон Ардчилсан нам, Эх орон намын “Эх орон-Ардчилал” эвсэл тус бүр 36 суудал авч хайнцан, шийдвэр гаргах “онцгой эрх” БНН-ын Б.Жаргалсайхан болон бие даагч гурван гишүүнээс хамаарахад хүрсэн сонирхолтой түүх бидэнд бий. 2008, 2012 оны парламентын сонгуулиар МАХН, АН харьцангуй ойролцоо гэж болохоор санал авч, хамтарсан Засгийн газар байгуулан ажилласан байдаг. Ийнхүү өнгөрсөн найман сонгуулийн дөрөвт нь МАН дөрвөн удаа үнэмлэхүй олонх болж, АН хоёр удаа олонх болж, улмаар хамтран төрийн эрхийг барьжээ. Нэг нам нь илүү давамгай ч тэдэнтэй “сөргөлдөх” АН байсан гэсэн үг. Мөн парламент бүрт 3-6 намын төлөөлөл сонгогдсоор ирсэн байх юм.
ЦОРЫН ГАНЦ СӨРӨГ ХҮЧИНД ЮУ ТОХИОЛДОВ
Манай улс төрийн 30 жилийн түүхэнд сөрөг хүчин байх хэмжээнд нөлөөлөх суудал авч, ажилласан ганцхан нам байдаг нь АН. Тус намын оролцсон эвсэл 1996 оны сонгуульд 50 суудал авч, засгийн эрхийг барьсан. Гэвч 1996- 2000 оны парламент маргаан, талцал ихтэй, Засгийн газраа ойр ойрхон огцруулж, сольдог, маш тогтворгүй ажилласан нь сонгогчдыг үргээж орхижээ. 2000 онд иргэд МАХН-ын 72 гишүүнийг парламентад сонгож, АН 50 суудлаас нэг рүү маш хүчтэй унав. Гэхдээ тэд уйлаагүй, бас ухраагүй юм. Алдаагаа засаж, даагаа нэхсэнээр нэг суудлаа 36 болгож чадсан.
2012 онд АН дангаараа сонгуульд оролцож, анх удаа хамгийн олон буюу 34 гишүүнтэй ажиллав. Дотроо талцал ихтэй, ашиг сонирхлын зөрчилтэй фракцуудад хуваагддаг, энэ олон “толгой”-гоо зангидах амаргүй үүргийг намын дарга нь үүрдэг гээд АН-д онцлог бий. Тухайн үед Н.Алтанхуяг тус намыг даргалан сонгуульд оролцож, олонх болсноор хамтарсан Засгийн газар байгуулан ажилласан. Мөн анх удаа нийслэлийн ИТХ-д АН ялалт байгуулсан билээ. Н.Алтанхуягийн тэргүүлсэн Засгийн газар Ардчилсан намын түүхэнд хамгийн удаан буюу хоёр жил гаруй хугацаанд ажиллаж “чадсан” юм. Ингэхдээ чамлахааргүй олон ажил хийсэн. Гэвч дотоод зөрчил нь дийлж, “Шонхор” фракцынхан МАН-ын гишүүдтэй нийлэн түүний Засгийн газрыг огцруулсан. Эндээс уг намын өнөөдрийн “уналт” эхэлсэн гэхэд болно.
2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд АН-ыг З.Энхболд удирдан оролцсон ч эв түнжингүй байсныхаа хариуг тэд ханатал амссан юм. Уг сонгуулиар АН-ын есөн гишүүн л парламентад сонгогдсон билээ. 34-өөс ес рүү унах нь 50-иас нэг дээр буухаас мэдээж дээр. Гэвч тооны биш, агуулгын хувьд энэ нам мад тавиулж, “сэхээ”-нд орсон. 2016-2020 онд АН-д тохиосон ганц амжилт нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ялуулж чадсан явдал. Тус намаас нэр дэвшсэн Х.Баттулга 50.6 хувийн саналаар Төрийн тэргүүн болсон билээ. Ерөнхийлөгчийн сонгуульд намаа амжилттай удирдсан аз нь С.Эрдэнийг үүнээс хойш дахин ивээсэнгүй. 2020 оны УИХ, орон нутаг болон 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэд амжилт гаргаж чадаагүй. АН-ын дүрмээр сонгуульд намаа амжилттай удирдаж чадаагүй дарга ажлаа өгөх ёстой ч энэ заалт яагаад ч юм С.Эрдэнэд үйлчлэхгүй удсан.
Ингээд манай улсын цорын ганц сөрөг хүчний “эмгэнэлт түүх”-ийн өрнөл хэсэг эхэлсэн байдаг. Тэд дотроо хоёр хуваагдан, тус тусын даргатай болж, тамгаа булаацалдаж явсаар энэ оны хоёрдугаар сард сая нэг учраа олж буй юм. Л.Гантөмөрийг даргаараа сонгож, С.Эрдэнэ өөрөө зөвлөх нь болов. Шинэ даргад халаагаа өгөх гэж нэлээд юм болсныг уншигчид санаж буй биз. Юутай ч АН-ын фракцууд тохироогоо хийж, нэг дээвэр дороо ороод байна. Үргэлж л шуудайд хийсэн эвэр мэт байдаг “онцлог”-той учраас зарим нь Л.Гантөмөр Боловсролын зээлийн сангаас эрх мэдлээ ашиглаж охиндоо зээл авсан, тиймээс даргаас нь огцруулна гэсэн яриа хөөрөө гаргасаар байгаа юм.
Хамгийн ууган, хүчтэй нам хэвээр байгаа МАН-тай тулж чадах ганц сөрөг хүчин бол АН. Тиймээс энэ нам “сэхээ”-нээс гарч, биеэ тэнхрүүлээд эргээд ирэх нь Монголын улс төрд хэрэгтэй. Ийм хүлээлт, найдвар байгааг эрхбиш АН-ынхан мэдэж буй учраас сүүлийн удаа хүчээ нэгтгэж, бодлого, бүтцээ шинэчлээд үзээд алдах гэж байна. 2024 онд тус нам шинэ брэнд болж эргэн ирэх өөдрөг төсөөлөлтэй явна. Тэгж эс чадвал АН-ынхан “оршуулга”-даа бэлдсэн нь дээр.
ГУРАВДАГЧ ХҮЧНҮҮДЭД Ч БОЛОМЖ БИЙ
Манай улсын түүхэнд гуравдагч хүчний төлөөлөл УИХ-д бүлэг байгуулах хэмжээний суудал авсан ганц тохиолдол бий. МҮАН, МАХН-ын “Шударга ёс” эвсэл 2012 онд 11 суудал авсан нь одоогоор анхны, бас сүүлийн амжилт байгаа юм. Тэр үед сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулснаар ийм боломж олдсон. 2024 оны сонгуулийг хоёр дахь удаагаа холимог тогтолцоогоор зохион байгуулна. Ингэхдээ өмнөх туршлагыг бодвол гуравдагч хүчнийхэнд арай зөөлөн хандсан зохицуулалтыг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаад буй. Нэг нам дангаар сонгуульд өрсөлдөх бол нийт сонгогчийн гурав, хоёр нам эвсэл байгуулбал тав, гурваас дээш нам хамтрах бол долоон хувийн санал авч, жагсаалтаар УИХ-д суудалтай болох босго тавьсан. Гуравдагч хүчний намуудаас эдүгээ УИХ-д төлөөлөлтэй байгаа ХҮН, мөн парламентад хэд хэдэн удаа суудал авч байсан ИЗНН, МҮАН зэрэг туршлагатай намд ч боломж бий. Гэхдээ тэд дангаараа гэхээс илүү зөв намтайгаа эвсэл байгуулж чадвал амжилтад хүрнэ. Тухайлбал, 2020 оны сонгуульд МҮАН, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл, Үнэн ба зөв, БНН-ын “Шинэ” эвсэл нийт сонгогчийн таван хувийн санал авсан. Тэд бодлогоо, нэр дэвшигчдээ, давуу талаа сонгогчдод сайн танилцуулж чадвал хоёр намыг ээлжлэн сонгосоор залхсан иргэдийг татах боломж бий. Олон намын төлөөлөл санал хуваадаг сул тал бий ч тэд хамтраад ядаж л хүчтэй сөрөг хүчин болон ажиллаж чадна. Ийм орон зай парламентад үгүйлэгдсээр удаж байна. Тэд хэр зэрэг мэдрэмжтэй ажиллахыг хамтдаа ажиглая.