Үндэсний их баяр наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд буй ч суудлын хуваарилалт тодорхойгүй байгаа нь аялал жуулчлалынхныг бухимдуулав. Энэ жил жуулчдад хэдэн тасалбар олгох, аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг ямар байгууллагаар дамжуулан хэрхэн авах нь бүрхэг байгаа учраас тур операторууд, аяллын агентлагууд гадаадаас захиалга авч, баталгаажуулж чадахгүй, ацан шалаанд ороод буй гэнэ. Манай улс 2023 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбоотойгоор аялагчдын тоо өссөн. Үндэсний их баяр наадам үзэх хүсэлтэй жуулчид ч манай улсын компаниудад олноороо хандаж байгаа аж. Даанч наадам зохион байгуулагчдын хайнга, хариуцлагагүй байдлаас болж тэдэнд шийдтэй, таатай хариу өгч чадахгүйд хүрчээ. Монголын аялал жуулчлалын холбоо үүсээд буй нөхцөл байдалтай холбогдуулан Шадар сайд, Үндэсний их баяр наадам зохион байгуулах үндэсний хорооны дарга С.Амарсайханд ханджээ. Тэд “Аж ахуйн нэгжүүдийг суудал хуваарилалттай холбоотой мэдээ мэдээллээр хангах, захиалгынх нь хүсэлтийг хүлээн авч, нэгтгэх зэрэг ажлыг манай холбоо нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран зохион байгуулж ирсэн. Энэ жилийн хувьд хүсэлтээ хаана өгөх, ямар зохицуулалт хийх нь тодорхойгүй байгаагаас аялал жуулчлалын байгууллагууд болон бидний ажилд хүндрэл учирлаа. Иймдэл асуудлаар нэн яаралтай, тодорхой мэдээлэл өгнө үү” гэжээ. Өчигдрийн байдлаар лав үүнд хариу өгөөгүй байв.
Манай улс “Монголд тавтай морил”, “Монгол ахуй, соёлтой танилц” хэмээн гадаадынхныг урин дуудаж буй ч холбогдох байгууллагууд нь зорин ирсэн, ирэхээр төлөвлөж байгаа хүмүүсийг энэ мэт хариуцлагагүй байдлаараа “үргээсээр” буй нь харамсалтай. Энэ байдлаараа жуулчлалын улиралд гадаадаас 500 мянган аялагч хүлээж авах нь юу л бол.
Бэлтгэсэн: Н.Мишээл