СУИС-ийн багш нарын бүрэлдэхүүнтэй “Тэнгэр аялгуу” хамтлагийнхан Японы Осака хотод болсон цөөхүүл хөгжимчдийн олон улсын VIII уралдааны гранпри шагнал, алтан медалийг авч, энэ жил анхлан бий болгосон онлайн үзэгчдийн шагналыг нь ч хүртсэн билээ. Эх орондоо хэдхэн хоногийн өмнө ирсэн тэдний төлөөлөл эвэр бүрээч, СУИС-ийн багш, ҮУИТ-ын гоцлол хөгжимчин Н.Жүрмэддоржоос товч мэдээлэл авлаа.
-Та бүхэн Японд яагаад удав?
-Уралдаан, наадамд оролцсоноос хойш тус улсын хэд хэдэн газарт тоглосон юм.
-85 орны цөөхүүл хөгжмийн хамтлагууд онлайнаар өрсөлдөхөд шилдэг 12-т багтаж, тэргүүн байрын төлөө тоглохоор уригдсаныг өндөр амжилт гэж бодсон. Шилдэг 12-ын тэмцэл ширүүн болов уу?
-Амаргүй даваанууд байлаа. Хамтлагуудыг зургаа, зургаагаар нь хувааж, хоёр газарт уралдуулаад тус бүрээс шалгарсан гурвыг Осакад цуглуулж өрсөлдүүлсэн. Хөөмийлөх зэргээр ямар нэгэн авиа гаргалгүй, зөвхөн хөгжим тоглох, бас заасан хугацаанд багтаах гэсэн дүрэмтэй. Мөн үзэгчдийн оноо, үнэлгээнд өндөр ач холбогдол өгдөг юм билээ. Шийдвэрлэх үеийн эхний шатны дүнг шүүгчдийн оноон дээр тусгайлан бэлдсэн 100 үзэгчийн өгсөн оноог нэмж гаргасан. Хоёрдугаар шатанд 250 үзэгчийн оноог нэмсэн. Хөгжмийн зохих боловсролтой тусгай үзэгчдийг бэлтгэдэг нь уралдаанд өрсөлдөгчдийн найз нөхөд, дэмжигчид орохоос сэргийлсэн арга юм байна. Гуравдугаар буюу төгсгөлийн шатанд өмнө авсан бүх оноон дээр онлайнаар үзэгчдийн оноог нэмээд эцсийн дүнг гаргасан. Үйл явцыг дэлгэц дээр шууд харуулахад манай хамтлаг хол түрүүлсэн байлаа.
-Наадамд хурдан хүлгүүд уралдсан мэт сэтгэгдэл төрж байна.
-Бидэнд ч гэсэн тэгж санагдсан. “Арын хаалга” байхгүй, хамгийн шударга явуулдаг уралдаан юм байна.
-Та бүхэн ямар, ямар бүтээл тоглосон бэ?
-Дэлхийн сонгодгуудаас В.А.Моцарт, Ж.Бизе нарын, Монголынхоо хөгжмийн зохиолчдоос Э.Чойдог, Ц.Нацагдорж, Ж.Мэнд-Амар, Х.Алтангэрэл нарын болон өөрсдийн зохиосон аялгуунуудаас тоглосон. Үр дүнд нь алтан медаль, гран при болон онлайн үзэгчдийн нэрэмжит шагнал ч хүртлээ. “Үндэсний хөгжмийн зэмсгээ мэргэжлийн өндөр түвшинд эзэмшиж, гарамгай хөгжимдсөн та бүхэнд баяр хүргэе. Дэлхийн олон орны хөгжимчидтэй өрсөлдөж үе болгонд оноогоор илүүрхэж, дэлхийн хөгжмийн ертөнцөд олимпын медальтай эн зэрэгцэх “Menuhin gold medal” хүртсэнд баяр хүргэе” гэсэн батламж гардсан. Шагнал гардуулах үеэр ерөнхий шүүгч “Та бүхэн мэргэжлийн өндөр түвшинд хөгжимдлөө. Битүү амьсгаа гайхамшигтай байлаа” гэсэн. Мөн зарим зохиолынхоо ноотыг өгч болох, эсэхийг асууж байна лээ.
-Манай хөгжмийн зохиолчдын бүтээл чансаатай байна гэж үзэж болох уу?
-Болно. Дэлхийн сонгодог бүтээлүүдээс дутахгүй чанартай байна шүү дээ.