Геополитикийн түгшүүртэй байдал цар хүрээгээ тэлж буй өнөөгийн нөхцөлд зэвсэгт мөргөлдөөн, бослого тэмцэл бүс нутгийн төдийгүй олон улсын хүрээг хамарч, үр дагавар нь ч үлэмж болж байна. Суданд цэрэг-улс төрийн хоёр гол бүлэглэлийн хооронд өргөжиж буй зэвсэгт тэмцэл тус улсын дотоод байдалд төдийгүй бүс нутагтаа бүхэлд нь ихээхэн нөлөөлж байна. Иракийн дайны хэмжээнд хүрэхэд ойрхон очсон байдал руу Судан “гулсах” тусам түгшүүртэй байдал гүнзгийрэхэд гаднын тоглогчийн үүрэг илүүтэй харагдах боллоо. Одоогийн сөргөлдөөн хөрш орнуудад үсэрхийлж, тэртэй тэргүй түгшүүртэй байсан бүс нутагт нөхцөл байдлыг гүнзгийрүүлж тун болзошгүй байгаа юм. Тэндхийн өөр хоорондоо өрсөлдөгчид аль аль талыг дэмжиж байгаа нь ийн бодоход эрхгүй хүргэнэ.
Энэ зөрчилдөөний гаднын гол тоглогчдын нэг нь Египет юм. Суданы умардын энэ хөрш болж буй үйл явдлыг сэтгэл түгшин ажиглаж байна. Эл хоёр улсын харилцааны түүхэнд Нил мөрнөөс үүдэлтэй сөргөлдөөн, хилийн маргаан ч байсаар ирж. Египетийг үндэсний аюулгүй байдалд нь шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх нөлөөтэй гэж Судан ямагт үзэж байв.
Суданд ужгирч байгаа хүчирхийлэл Египетийн төдийгүй бүс нутгийн тогтвортой байдалд бүхэлд нь онцгой үр дагавартай гэж умард хөрш нь үзэж буй. Суданаас Египет рүү цутгаж буй дүрвэгчдийн урсгал хууль бус цагаачдын тоог нэмэгдүүлж, эрс үзэлт бүлэглэлүүдийг тус улс руу нэвтрүүлж, аюул түгшүүртэй байдлыг нэмэгдүүлнэ гэж Египетийн эрх баригчид болгоомжилдог нь зүй ёсны юм. Сулхан эдийн засагт нь дүрвэгчид нэмэлт ачаалал болохыг үгүйсгэх аргагүй. Явсаар энэ нь Египетийн эдийн засгийн байдлаар зогсохгүй бүс нутгийн болон Өрнөдийн холбоотнуудынх нь эрх ашигт нөлөөлж болзошгүй.
Эргэн сануулахын тулд цухас өгүүлэхэд Суданд 2021 онд засгийн эрхийг авсан Абель Фаттах аль-Бурханы командалсан цэргийнхэн, арабын сайн дурын “Жанжавид” хөдөлгөөнөөс “үүссэн” генерал Мухаммед Хамдан Дагалогийн командалсан хүчний хооронд дөрөвдүгээр сарын дундуур зэвсэгт мөргөлдөөн эхэлсэн юм. Тодруулбал, холбоотон байснаа эрх мэдлийн төлөө хоорондоо тэмцэлдэж эхэлсэн гэсэн үг. Суданыг удирдаж байсан Омар аль-Баширыг тэд2019 онд хамтран унагаж, цэргийнхэн хийгээд иргэдийн хооронд эрх мэдэл хуваах зөвшилцлийг эцэслэн шийдвэрлэсэн 2021 оны цэргийн эргэлтэд гол үүрэг гүйцэтгэсэн юм.
Суданыг иргэний захиргаатай болгох ажлын хүрээнд генерал Мухаммед Хамдан Дагалогийн командалдаг хүчнийг улсын зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд оруулах тухай хэлэлцээрийн дараа одоогийн хурцадмал байдал үүсжээ. Түргэн байрлах хүчний статус, түүнд хяналт тавихаас гол санал зөрөлдөөн үүссэн байна. Нийслэл Хартум хотод гэхэд хоёр талын олон арван мянган цэрэг байгаа юм. Мөргөлдөөн нийслэлээс гадна Дарфурт болон Улаан тэнгисийн усан буудлын дэргэд болж байна. Хүчний байдал бараг тэнцүү гэхээр байгаа нь мөргөлдөөний нэг гол аюул гэлтэй. Сири, Йемен, Ливийнх шиг зөрчилдөөн сунжрах магадлалтай. Энэ дайнд амиа алдагсдын тоо хэдийн хэдэн мянгад хүрчээ. Зөрчил мөргөлдөөнийг ойрын үед зогсоож эс чадваас иргэний дайнд хүргэж тун болзошгүй. Ус, цахилгаан, хүнс, эмнэлгийн хэрэгслээр их дутагдаж байгаагаас хүмүүнлэгийн хямралд нэрвэгдэх аюул Суданд нүүрлэнэ. Тус улсын эдийн засаг нэн хүнд байгаа, НҮБ-ын баримтаар Суданы 45 сая хүний гуравны нэг шахам нь хүнсээр ихээхэн дутагдаж, хүн амынх нь 65 хувь ядуурлын түвшнээс доогуур амьдарч байна. Түүгээр ч барахгүй иргэд нь хамгийн аз жаргалгүй улсын жагсаалтад Судан тавд орж байгаа юм. Байдал тогтворгүй байгаагаас хүмүүс нь бүс нутагтаа олноор шилжин явж, яваандаа дүрвэгсдийн хямрал ч нөмөрч мэднэ. Хүмүүнлэгийн байдлын хувьд мөргөлдөөнөөс өмнө ч хүндхэн, дотооддоо 3.7 сая дүрвэгчтэй байв. Египетэд дайн дажнаас зугтсан таван сая орчим судан хүн байгаа гэнэ. Энэ тоо нэмэгдэнэ гэж Египет үзэж, бэлтгэж буй. Ливи, Гаазад болсон зөрчил тэмцлээс алан хядагч бүлгүүд Египетэд орж ирж түйвээх шахсан явдал бий юм. Тиймээс өмнөд хил дээрээ ийм явдал давтагдахыг тус улс яаж хүсэх билээ.
Судантай тогтоосон харилцаа Египетийн гадаад бодлогод онцгой байр эзэлдэг. Эдний хооронд түүх, соёлын нягт харилцаа байдаг ч тэр нь тогтворгүй, ихээхэн зөрчилтэй. Нил мөрний хөндийн төвд оршдог стратегийн ашигтай байршилтайн зэрэгцээ Улаан тэнгисийн эрэг дээр байдаг нь Суданыг бүс нутгийн чухал тоглогч болгодог юм. Нефть, хий, алт, мөнгөн ус, хром, төмөр болон бусад ашигт малтмалын ихээхэн нөөц тэнд бий. Өмнөд Суданаас нефть зөөх зам тэдний нутгаар дайрдаг. Улс төрийн ямар хүчин засгийн эрхийг авахаас шалтгаалж энэ хоёр улсын харилцаа сүүлийн олон арван жил өөрчлөгдсөөр ирсэн юм. Омар аль-Баширыг Суданы Ерөнхийлөгчийн суудлаас авч хаяснаас хоорондоо зөрчилтэй хоёр зорилт шийдвэрлэхэд чиглэсэн бодлого явуулахаас аргагүй болсон. Нэг талаас, Суданд иргэний Засгийн газар байгуулагдахыг Кайр хүсэж байв. Нөгөө талаас, Судан хөрөнгө чинээ муутайгаас улс төр, геостратеги, хүмүүнлэгийн хямралд өртөх магадлалтай. Тиймээс хоёр генералын хүчний хооронд эрх мэдлийн төлөөх тэмцэл өрнөж буй ч Суданд цэргийн дэглэм тогтоохыг Египет илүүд үздэг. Армийнх нь нөлөө хүчтэй байснаар Египетэд өөрт нь ардчилсан дэглэмд шилжих оролдлого бүтээгүй. Хөрш улсад нь засаглалын ардчилсан хэлбэр гараад ирвэл хүчтэй нөлөө үзүүлнэ, иргэд нь өөрчлөлт шинэчлэлт хийхийг шаардана гэж Аль Фаттах ас-Сиси (Египетийн удирдагч) болгоомжилдог юм.
Суданд сул дэглэмтэй байвал Каир түүнд нөлөөлөх боломжоо хадгална гэж үздэг. 1899 оны холбооны тухай хэлэлцээрээр Суданыг Египет, Британи хоёр захирч байх үеэс Египет, Суданы цэргийн харилцаа үүссэн байна. Хамтын ажиллагаагаа бэхжүүлэх хэлэлцээр Каир, Хартум хоёр 2021 онд байгуулж, гарын үсэг зурав. Этиоптой удаан маргаантай байсан асуудлаар Суданыг өөртөө татах оролдлогоо хийж Египетийн Ерөнхийлөгч сүүлийн үед хэд хэдэн арга хэмжээ авлаа. Этиоп улсын “Сэргэн мандал” далангийн тухайд Нил мөрний усыг эзэмших талаар гуйвшгүй байр сууртайгаа Египетийн Ерөнхийлөгч АльФатах ас-Сиси хэдийнээс онцлон илэрхийлж ирсэн аж. Суданы сөргөлдөөнд Египет Аль Фаттах аль-Бурханыг дэмжиж байгаа нь тэрбээр Суданы цэргийн уламжлалт нөлөө бүхий хэсгийн төлөөлөл бөгөөд бүс нутгийн тогтвортой байдлыг сахих талаарх байр суурь нь нийцдэгтэй холбоотой. Тэгвэл Мухаммед Хамдан Дагало нь буулт хийж дундын хувилбар сонгох дургүй, Египетийн бодлогод нааштай хандахыг хичээдэггүй аж. Египетийн тал Мухаммед Хамдан Дагалотой харилцаагаа ойртуулахыг хичээж Ерөнхийлөгч АльФатах ас-Сиси нь Хартумд албан ёсны айлчлал хийхдээ түүнтэй уулзаж байжээ. Тэгтэл Мухаммед Хамдан Дагало Этиоп улсын удирдлагатай дотно холбоотой байдаг нь Египетийн эрх ашигтай харшилж байгаа юм. Аль Фаттах аль-Бурхан нь Нил мөрөн дээрх “Сэргэн мандал” далангийн хувьд Египетийн байр суурийг дэмждэг. Түүнээс гадна Судан нь бүс нутагтаа Египетийн худалдааны чухал түнш нь, жилд бараг нэг тэрбум ам.долларын эргэлттэй байдаг. Египетийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний стратегийн нийлүүлэгч нь юм.
Суданд зөрчил тэмцэл эхэлсний дараахан Египет нэлээд хойрго хандлага харуулж байв. Тэгтэл Мухаммед Хамдан Дагалогийн командалсан хүчин Египетийн цэргийн албан хаагчдыг олзолж, тэднийг Аль Фаттах аль-Бурханыг дэмжигч гадаадын цэргийн хүчин гэж үзсэн нь Египет, Мухаммед Хамдан Дагалогийн командалсан хүчин хоёрын ирээдүйн харилцаанд, цаашид Каирын бодлогод сүрхий нөлөөлөх аястай болсон тул аль нэг талыг нь дэмжих зорилгоор Суданд байгаагүй хэмээн Египетийн арми мэдэгдэв.
Одоо Каир дайсагнасан хоёр талын хооронд тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэх боломжтой байгаа гэж хэлж болно. Ерөнхийлөгч АльФатах ас-Сиси Суданд энх тайван тогтоож, тэнд нөхцөл байдлыг нь тогтвортой болгохын тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй харилцан ажиллахыг цаашид эрмэлзэж, үүнд өөрийн нэр хүнд, нөлөөг ашиглах болно. Суданы байдал нь бүс нутагтаа нэр хүндээ бэхжүүлэх боломжийг түүнд олгож буй ч Каирын идэвхтэй оролцоог шаардаж байгаа юм. Байлдааныг зогсоохын тулд тулалдагч талуудтай яриа хөөрөө хийж буйгаа Египетийн Ерөнхийлөгч зарласан. Тэгэхдээ Суданы дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчим баримтлахаа онцолсон юм. Египетийн Персийн булан дахь гол ивээн тэтгэгч, түнш Арабын нэгдсэн Эмират Улс Мухаммед Хамдан Дагалог дэмждэг аж.
Суданы зөрчил тэмцлээс үүдэлтэй бүс нутгийн тогтворгүй байдал Ойрхи Дорнодод уршигтай үр дагавартай байх нь эргэлзээгүй. Энэ зөрчилдөөнийг энхийн яриа хэлэлцээний замаар зогсоож болох уу гэх гол асуултад хариулт өгөхөд одоо төвөгтэй байна. Египетийн зүгээс хөндлөнгөөс оролцох нь өөрийнх нь үндэсний эрх ашигт үр ашиггүй байж болох юм. Ер нь энэ зөрчил тэмцэлд гадаадын тоглогчид аль болох олон оролцох тусам түүнийг сунжруулах магадлал ихтэй байх болно. Энэ тохиолдолд үр уршгийг нь Египет илүүтэй үүрнэ.