Улс төрийн намуудад хөдөлгөөн эрчимжиж эхэлжээ. 2024 оны УИХ-ын сонгуульд дангаар, эсвэл хамтарч оролцох, эсэхээ шийдэхээс өмнө намын нэр, даргаа солих, гишүүнчлэлээ өөрчлөхөөс эхлээд хөшигний арын яриа, тохироонууд өрнөж байна. Энэ бүхний шалтгаан нь тойрогт нэр дэвших эрх олж авахаас гадна намын жагсаалтад урдуур эрэмбэлэгдэх ашиг сонирхолтой холбогдож буй юм.
Ирэх онд сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, 48 гишүүнийг намын жагсаалтаар сонгоно. Анх удаа холимог тогтолцоогоор зохион байгуулсан 2012 оны сонгуулийн туршлагаас харахад МАН, АН-ын хувьд жагсаалтын эхний 10-т эрэмбэлэгдсэн хүнд УИХ-ын гишүүн болох магадлал хамгийн өндөр. Жижиг намуудын тухайд эхний 2-3 хүнд л илүү найдвар бий. Тиймээс жагсаалтын урдуур нэрээ эрэмбэлүүлэхийн төлөө улстөрчид “үнэ хаялцаж” явна.
...МАН, АН-ын жагсаалтын эхний 10-т багтахгүй нь тодорхой зарим улстөрч 3-5 хувийн босго давах магадлалтай гэж тооцсон намууд руу “урваж” эхэлжээ. МАН-ын гишүүн, Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон үүрээ орхиж, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дэд дарга болсон нь үүний нэг жишээ...
СОНГУУЛЬД ОРОЛЦДОГГҮЙ НАМУУДЫГ ЦЭГЦЭЛНЭ
Улстөрчид яаж ногоон гэрлээр парламентын гишүүн болох тухай мөрөөдөж байх зуурт намуудыг хэрхэн төлөвшүүлэх, нэр дэвшигчдэд тэгш гараанаас өрсөлдөх боломж олгох зохицуулалт хийх гээд илүү чухал ажил уг нь бий. Үүний нэг нь тогтмол үйл ажиллагаа явуулдаггүй буюу УИХ-ын сонгуульд оролцдоггүй намуудыг цэгцлэх. Иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэж, шат шатны сонгуульд оролцох, улмаар парламентад төлөөлөлтэй болж бодлогоо хэрэгжүүлэх зорилго өвөртлөн нам байгуулдаг. Төрийн бус бусад байгууллагаас улс төрийн намыг ялгах гол зүйл нь энэ. Монгол Улсад өнөөдрийн байдлаар Дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байгаа. Тэгвэл Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам нэг ч удаа ямар ч шатны сонгуульд оролцож байсангүй. 2003 онд байгуулагдсан тус намын Дээд шүүхэд бүртгэлтэй утас нь ч ашиглалтад байхаа больжээ. Бусад нь ядаж ганц удаа болов сонгуульд тоосоо өргөсөн байна.
Улс төрийн намуудыг илүү төлөвшүүлэх, бодлогын нам болгохын тулд идэвхгүй байгааг нь цэгцлэх зарим зохицуулалтыг Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаад буй юм. УИХ-ын сонгуульд хоёр удаа дараалан оролцоогүй намыг идэвхгүйд тооцох заалт төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, тухайн нам сонгуульд оролцох эрхээ хасуулна гэсэн үг. Мөн таван жилд төлөөллийн дээд байгууллагынхаа хурлыг хийгээгүй бол “идэвхгүй” ангилалд орно. Том нэртэй ч үйл ажиллагаа явуулдаггүй, цаасан дээр бүртгэлтэй, амьгүй намуудыг цэгцлэх нь чадваргүй гишүүдийг цөөлөхийн эхлэл юм.
“БАРЫН СҮҮЛ БАЙСНААС БАТГАНЫ ТОЛГОЙ ЯВ”
ХолимогтогтолцоогоорзохионбайгуулсананхнысонгуулиарАН нийт сонгогчийн 35.3 хувийн санал авч жагсаалтаар 10, тойргоос 21 гишүүнтэй болсноор олонхыг бүрдүүлж байв. МАН-ын хувьд нийт сонгогчийн 31.3 хувийн санал авч жагсаалтаар ес, тойргоос 19 гишүүн УИХ-д сонгогдсон. Сонгогчдоос 22.3 хувийн санал авсан МҮАН, МАХН-ын “Шударга ёс” эвслээс жагсаалтаар долоо, тойргоос дөрвөн гишүүн сонгогдож байв. ИЗНН тойргоос гишүүнтэй болж чадаагүй ч нийт сонгогчийн 5.5 хувийн саналыг авч, УИХ-д хоёр төлөөлөлтэй ажилласан түүхтэй. Тухайн үед нийт сонгогчийн таван хувийн санал авсан намд жагсаалтаар эрэмбэлэх эрх олгох босго тогтоосон байв. Харин одоо Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд нам дангаар сонгуульд оролцвол гурав, хоёроос дээш нам эвсэл байгуулбал тав, гурваас дээш нам бол долоон хувийн босго тогтоохоор тусгасан. Энэ шаталсан босгыг тэгшилж, дөрөв болгох тухай санал, яриа бас өрнөж байгаа бололтой.
Юутай ч МАН, АН-ын жагсаалтын эхний 10-т багтахгүй нь тодорхой зарим улстөрч “барын сүүл байснаас батганы толгой яв” гэдгийн үлгэрээр 3-5 хувийн босго давах магадлалтай гэж тооцсон намууд руу “урваж” эхэлжээ. МАН-ын гишүүн, Эрүүл мэндийн дэд сайн асан Ж.Цолмон үүрээ орхиж, Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын дэд дарга болсон нь үүний нэг жишээ. 2020 оны сонгуулиар уг шинэхэн нам 200 гаруй мянган сонгогчийн санал авч байжээ. Энэ нь хувь тэнцүүлсэн тогтолцоогоор УИХ-д суудал авах боломжтой санал учраас тэрбээр ШИНЭН-д нэгдэх сонголт хийсэн бололтой. Намын жагсаалтаар нэр дэвшигчдийн хүйсийн харьцаа1:1 байхаар төсөлд тусгаад буй. Намын дэд дарга, эмэгтэй хүн учраас тэрбээр жагсаалтын эхний хоёрт найдвартай нэрээ бичүүлэх боломжтой юм.
2016 оны сонгуулиар хамраараа шороо хатган ялагдсанаас хойш АН өөдөлж амжаагүй л явна. Дотроо хоёр хуваагдаж, хэдэн жил маргалдсаны эцэст тус намынхан саяхнаас нэг дээвэр дороо орсон. Л.Гантөмөрийг намын даргаар сонгосныг хуучин дарга С.Эрдэнэ хүлээн зөвшөөрч, өөрөө зөвлөхөөр нь ажиллах болжээ. “Хүлээн зөвшөөрөхгүй” хэмээн эсэргүүцэж байснаа ийнхүү буулт хийсний ард өөрийн хүмүүстээ нэр дэвших, жагсаалтад багтаах квотын тохироо байсан гэж буй. Нэг намын тогтолцоог халахад сөрөг хүчний үүрэг их, тиймээс АН-ыг өндийгөөд ирээсэй гэж ардчилсан үзэлтэй хүн бүр л хүсэж буй байх. Гэвч тус намын дотоодод байдал тийм ч тайван бус байгаа гэнэ. Л.Гантөмөр БЗС-гаас эрх мэдлээ далимдуулж зээл авч, хамааралбүхийхүмүүстээдавуубайдалолгосонтухай мэдээлэл гарсан. Уг сангаас зээл авсан албан тушаалтнуудын дөрвөн хувь нь АН-ын угшилтай байгаа юм. Эрх мэдлээ хэтрүүлсэн, зээлээ хугацаанд нь төлөөгүй зэргээр буруу булхай байгаа бол шалгуулах нь зөв. Гэхдээ бусад 96 хувийг нь хамт ярих, шүүх ёстой юм. Юутай ч дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Л.Гантөмөрийг АН-ын даргаас огцруулах хүсэлтэй хүмүүс тус намд цөөнгүй бий болсон. Тэд намын даргаа дахин өөрчлөх эсэх, сонгуулийн өмнө нэгдэж чадах үгүй нь удахгүй тодорхой болно.
Жижиг намуудын хувьд ч дотооддоо багагүй хөдөлгөөнтэй байна. Холимог тогтолцоогоор сонгууль зохион байгуулснаар тэдэнд парламентад төлөөлөлтэй болох боломж нэмэгдэж буй учраас хэнтэй эвсэх, ямар тохироо хийх гээд бодох ажил их. Өмнөх сонгуулиудаар МАН, АН-аас гадна 2-3 нам л нийт сонгогчийн таван хувиас давсан санал авч байсан. 2012 онд уг босгыг МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН давсан бол 2016 онд МАХН, 2020 онд “Та бидний эвсэл” 8.1, “Зөв хүн-электорат” 5.23, “Шинэ” эвсэл 5.34 хувийн санал тус тус авсан байна. Босгыг давахын тулд хүчээ нэгтгэх нь зөв гэсэн гуравдагч хүчний намууд байхад “Эрх баригчдын халаасны намууд олон болсон учраас дангаараа оролцоно” гэсэн хэсэг ч бий юм. Монголын үндэсний ардчилсан нам, энэ оны эхээр АН-д нэгдэхээр хүсэлтээ Дээд шүүхэд өгч байсан ч хүлээж аваагүй. Тэгвэл тус нам одоо МҮАН нэрээрээ бусад намтай эвсэл байгуулан сонгуульд оролцох аж. Мөн ИЗНН даргаа сольж, Б.Батбаатарыг сонголоо. 2016 онд АН-аас мандат авч чадахгүй “жийгдсэн”-ий дараа тэрбээр ИЗНН-аас нэр дэвшсэн билээ.
УИХ-ын сонгуульд бүх нам ялах гэж, эсвэл суудал авахын тулд оролцдоггүй нь өнгөрсөн түүхээс харагддаг. Санал хуваах, “бизнес” тохироо хийх гэж оролцдог жижиг нам цөөнгүй. Тэд ч хэдийн “бизнес”-ийн яриа хөөрөөгөө эхэлсэн биз ээ.