Америкийн Сенатын гишүүн Линдси Грэм саяхан Киевт айлчлах үеэрээ Оростой сөргөлдөх явцад Украиныг идэвхтэй дэмжих нь шийдвэрлэх цаг мөч хэмээн мэдэгдэж, энэ хоёр улсын хооронд дайн өрнөсөн өнгөрсөн хугацаанд оросуудын амийг хороосон явдлыг “АНУ-ын мөнгийг хамгийн үр ашигтай зарцуулсан” гэж үзэж буйгаа илэрхийлэв. Энэ “хүний үнэргүй” мэдэгдлийг Орост ихээхэн эгдүүцэж хүлээн авлаа. Өмнөд Каролина муж улсаас Сенатад сонгогдсон БНН-ын нөлөө бүхий депутат Грэм энэ онд Киевт хоёр дахь удаагаа ирсэн юм. Тэрбээр нэгдүгээр сард Сенатын хоёр намын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж Украинд ирээд Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзсаныхаа дараа хэлсэн үгэндээ АНУ хийгээд түүний холбоотнууд, тухайлбал Германыг Киевт танк нийлүүлэхдээ хойрго хандаж байна хэмээн шүүмжилж байв.
Конгресст Оросын эсрэг үзэлтэй гол хүн гэгдэж байсан Жон Маккейнийг нас барсны дараа түүний халааг Линдси Грэм авсан гэж үздэг. Батлагдсан тохиолдолд Оросыг алан хядагч улс гэж нэрлэх агуулгатай тогтоолын төслийг энэ хүн өнгөрсөн онд Конгресст өргөн барьж байлаа. Түүнчлэн “сүүлчийн украин хүн үлдтэл дайтах” томьёолол мөн Грэмийн толгойд “төрсөн” байдаг. “Бидний явж буй зам санаанд минь нийцэж байна. Одоогоор бид Украинд хэрэгтэй байгаа зэвсэг өгч тусалж, эдийн засгийн дэмжлэг үзүүлж байна. Украин сүүлчийн хүнээ үлдтэл тэмцэнэ” хэмээн өнгөрсөн наймдугаар сард “Golden state” телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо хэлж байжээ. Саяны айлчлалаараа Линдси Грэм Украины Ерөнхийлөгч Зеленский, Батлан хамгаалах яамны удирдлага, Киев хотын захирагч Виталий Кличко нартай уулзсаныхаа дараа Украины Төрийн тэргүүний хэвлэлийн алба Сенатын гишүүний хэлсэн “Оросууд амиа алдаж байна. Бид мөнгөө хэзээ ч үүн шиг үр ашигтай зарцуулж байсангүй” гэсэн үгийг эш татжээ. Энэ үгийг дэлхийн хэвлэлийн хэрэгслүүд тэр дор нь шүүрж авч олны сонорт хүргэв. Эл үг маш харгис сонсогдож байгаа учраас Грэм “Russians are dying” (Оросууд амиа алдаж байна) гэж хэлээгүй, харин “Russians are down” (Оросууд суларч байна) гэсэн болов уу гэх таамгийг олон нийтийн сүлжээнд бичих болсон байна.
Гэхдээ Америкийн эх сурвалжууд түүний хэлснийг эхнийхээр нь ойлгож, эш татсан болохоор хоёр дахь хувилбар үнэнд нийцэхгүй байх магадлалтай. “Бидэнтэй уулзаж, гуйвшгүй байр суурьтай байж, Украины батлан хамгаалах чадварыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсанд нь Линдси Грэмд талархаж байна” гэж Владимир Зеленский олон нийтийн сүлжээнд бичжээ. Линдси Грэм Киевт хийсэн айлчлалынхаа дүнгээр “довтолгоонд орж, эзлэгдсэн газар нутгаа оросуудаас булаан авах украинчуудын чадварт үүнээс илүү өөдрөг үзэл бодолтой байсангүй” гэж мэдээлжээ. “Оросууд суларч, доройтсон нь энэ айлчлалын үед надад тодорхой боллоо. Украинчуудын сөрөг довтолгоог амжилттай болгохын тулд бид зэвсэг, холын тусгалтай пуужинг нэмж өгөх ёстой. Ид шидтэй зэвсэг одоогоор байхгүй ч Украины шийдмэг ард түмний гарт хэрэгтэй зэвсгийг нь бариулбал байлдааны талбарт гайхамшиг бүтээнэ” гэж Грэм мэдэгдсэн байна. Түүний сүүлд хэлсэн үг нь харгис хатуу өнгө аясаараа Конгресс дэх нөхрийнхөөсөө давж гарсан ч нэг намынх нь олон хүний үзэл бодлыг илэрхийлж байгаа юм.
Дональд Трампын нэгэн адил АНУ-ын дотоод асуудалд анхаарлаа төвлөрүүлэхийг уриалж байгаа бүгд найрамдахчуудын зүүн жигүүрээс ялгаатай нь “харцгууд” Байдены засаг захиргааг Орос хийгээд Украинд төдийлөн шийдмэг хандахгүй байна гэж үзэж байгаа юм.
Линдси Грэмийг Киевт айлчлахын өмнө хууль тогтоогчдын нэг бүлэг Ерөнхийлөгч Жо Байденд захидал бичиж, оператив-тактикийн ATACMS пуужинг Украин руу илгээх ажлаа түргэвчлэхийг уриалсан байдаг. “Украины хүссэн зэвсэг болгоныг ихээхэн дарамт шахалт үзүүлсний дараа өгч ирсэн. ATACMS-ыг өгөхдөө ийм арга хэмжээ авахыг хүлээх шаардлагагүй” гэж бичсэнийг Конгрессын гишүүн Жо Уолсон, Стив Коэн, Виктория Спартц нарын захидлаас “Foreign policy” эш татсан байна. Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохицуулагч Жон Кирби АНУ оператив-тактикийн ATACMS пуужинг Украинд өгөхөөр төлөвлөөгүй байгаа гэж мэдэгдсэн юм. 250 орчим километр зайд байгаа байг онож устгах чадалтай “Storm shadow” далавчит пуужингаа Британи Киевт нийлүүлэх ажлаа эхэлчихээд байхад Вашингтон өөрийн холын тусгалтай пуужинг Украинд өгөх гэж яарахгүй байна. Ямартай ч Линдси Грэмийн Киевт хэлсэн үг Орост уур бухимдлын шуурга дэгдээлээ. Америкийн Сенатын гишүүний хэлсэн үгийн хариуг Оросын албаны хүмүүс, депутатууд, шинжээчид ам уралдан өгч байна.
“Сенатор Грэмд харьцуулан жиших юм бий. Тэдний хөрөнгө оруулалт дэлхийн II дайнд, холокостод хүргэсэн шүү дээ” гэж Америкийн компаниуд нацист дэглэмд хэрхэн тусалсныг Оросын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Мария Захарова тэмдэглэжээ. Түүний хэлснээр бол одоо Америкийн мөнгө “Киевийн шинэ нацист дэглэмийн ханаж цаддаггүй ходоод” руу цутгаж байгаа аж. “Урьдын түрэмгийлэл нь яаж төгссөнийг үүнтэй холбогдуулан Сенатын гишүүд болон Америкийн бүх ашиг хүртэгчид сануулмаар байна” гэж Захарова нэмж хэлжээ. “Ийм Сенатын гишүүнтэй улсад үүнээс илүү шившиг байна гэж төсөөлөхөд бэрх” хэмээн Владимир Путиний хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков Линдси Грэмийн үгийг тайлбарлахдаа хэлжээ. Оросын Аюулгүйн зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведевийн амнаас дадал болсон бүр гашуун үг гарчээ. “Тэр дэмий юм хийлээ. Түүний хайрт эх орон Америкт жирийн хүмүүсийг алж байдаг төдийгүй Сенатынхаа гишүүдийг устгахад ч бохир мөнгөө зориулж л байдаг” гэж тэрбээр дурджээ.
ОХУ-ын Мөрдөн шалгах хорооны дарга Александр Бастрыкин Оросуудыг алж буй талаар Америкийн Сенатын гишүүний хэлсэн үгтэй холбогдуулж эрүүгийн хэрэг үүсгэхийг даалгасан байна. “Линдси Грэм Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нарын уулзалтын бүрэн бичлэгийг үзлээ. Америкийн Сенатын гишүүн оросуудын үхлийг АНУ-ын мөнгийг үр ашигтай зарцуулж байна гэж хэлээгүй нь түүнээс тодорхой байна. Грэм Оросын суртал ухуулгыг буруутгав хэмээн “Reuters” агентлаг мэдээлэв.
Хэл ам удаад буй энэхүү Линдси Грэмийн талаар юу тодорхой болсон, тэрбээр ямар дуулиан шуугианд холбогдож байсныг Оросын тал олж мэдэхийг хичээсэн байна. Сенатын гишүүн Линдси Грэм нь одоогийн Ерөнхийлөгчийн засаг захиргааг хатуухан шүүмжилдгээрээ АНУ-д нэрд гарсан улстөрч аж. Пентагоны нууц баримт бичгүүд алдагдахад Цагаан ордон холбоотой хэмээн үзэж буруутгасан байна. Түүнээс гадна Мексикийн цагаачдад хандаж буй Байдены бодлогыг Грэм шүүмжилжээ. Түүний хэлснээр Байдены хийж байгаа бүхэн жүжигтэй их төстэй, энэ чиглэлээр хийсэн болгон нь үр дүнтэй гэнэ. Ерөнхийлөгчийг эрс шүүмжилдэг ч урьд нь Грэм, Байден нарын гэр бүл дотно харилцаатай, цаг хугацааг байс хийгээд л хамт өнгөрүүлдэг байж. Энэ тухай Америкийн тэргүүн хатагтай Жилл Байден “Миний нөхөр, хүүгийн талаар түүний өгсөн тайлбар доромжилсон аястай байснаас бидний удаан хугацааны нөхөрлөл байхгүй болсон. Линдси өөрчлөгдсөн” гэж ярьсан байдаг аж.
2020 оны сонгуулийн саналын хуудсыг тоолохтой холбогдож гарсан хэл аманд Линдси Грэмийг орооцолдсон хэмээн буруутгадаг гэнэ. Өмнөд Каролинагаас сонгогдсон Сенатын гишүүн хөрш Жорж муж улсын удирдлагыг шуудангаар ирүүлсэн саналыг тооцоонд оруулахаас татгалзахыг ятгасан бололтой. Жорж муж улсын нарийн бичгийн дарга Брэд Раффенспергерийн хэлснээр бол муждаа бүгд найрамдахчуудын ялалтыг хангахуйц санал олохыг Трамп, Грэм нар хүссэн аж. Үүний талаар хэвлэлд мэдээлсний дараа Грэм энэ бол хөрш муж улсынхаа удирдлагад өгсөн нөхөрсөг зөвлөгөө байсан юм гэж мэдэгдсэн байна. Сенатын гишүүн Грэм бэлгийн уламжлалт бус харилцаатай хүмүүстэй нарийн ширийн харилцаатай байдаг бололтой. Дорнод Коннектикутын их сургуулийн түүхийн багш Томс Бальчерски “Washington post” сонинд нийтлүүлсэн өгүүлэлдээ “Америкийн олон эрэгтэй ижил хүйстэнтэй холбоо сүлбээтэй байснаас тодорхой хүрээлэлд Грэм нь “Хатагтай G” гэдэг нууц нэрээр танил байжээ” хэмээн бичиж байсан гэнэ. Бүгд найрамдахчуудын хормойн явдлын талаарх элдэв яриа бол Амеркийн улс төрд байдаг л зүйл. Грэм ижил хүйстний явдлыг шүүмжлэгч болохоор өөрөө ийм хүмүүстэй холбоотой байхыг үгүйсгэдэг хүн бас олон байдаг аж. Ижил хүйстнүүд гэрлэхийг зөвшөөрөх хуулийг Линдси Грэм эсэргүүцэж, америкчуудын амьдралд мэдэгдэхүйц нөлөө үзүүлэх зүйлд анхаарахыг Засгийн газартаа уриалж байжээ. Сенатын гишүүн Грэмийн талаарх өөр нэг баримт дурдвал тэрбээр цахим шуудан ашиглаж чаддаггүй гэнэ. Сурвалжлагчтай ярилцахдаа тэрбээр цахим шуудангаар захидал илгээдэггүй, холбоо барихдаа утас л ашигладагаа хүлээсэн байна.