Араб, Израилын хоорондын зөрчилд орон орны улс төр судлаачид өнөөдөр янз бүрээр хандаж байна. Ойрхи Дорнодын ард түмэн, олон улсын хамтын нийгэмлэг энэ сунжирсан зөрчлөөс залхсан тул түүнийг ямар нэг байдлаар шийдвэрлэх цаг болсон гэж Өрнөдийнхөн үздэг. Энэ зөрчлийг шийдвэрлэх саналыг Америкийн тухайн үеийн Ерөнхийлөгч Трамп 2020 оны нэгдүгээр сард тавьсан байдаг. Еврейн хийгээд арабын улсуудыг хоёуланг хүлээн зөвшөөрөх нь түүний саналын үндэс байв.
Йерусалимыг Израилын “үл хуваалцах нийслэл” хэмээн нэрлэхээр төлөвлөж буйгаа Дональд Трамп мэдэгдэж байлаа. Түүн дээр нэмээд зэвсэгт тэмцлийн аргаасаа, Гаазын зурваст байгаа ХАМАС хөдөлгөөнийг дэмжихээсээ татгалзахыг АНУ-ын эрх баригчид энхийн үл явцын нөхцөл болгон Палестиний удирдлагаас шаардаж байв. ХАМАС бүлэг, “Исламын жихад”-ын зэвсгийг хурааж, Гаазын зурваст Палестиний эрх баригчид хяналт тавихыг болиулж, Гаазыг бүрэн цэрэггүй болгохоор төлөвлөж байсан юм. Үүнийг хүлээн авбал Палестинд 50 тэрбум ам.доллар хуваарилахаар амлаж байв.
Энэ асуудалд хэрэв бодитой хандвал мөн чанар нь зөрчил сунжирч буйд, түүгээр ч барахгүй үе үед хурцдаж байдагт ч бус ердөө л талууд бүрмөсөн ямар нэг шийдэлд хүрэхэд оршиж байжээ. Хэрэв талуудын аль нэг нь шийдвэрлэхийг эс хүсвэл зөрчил зуун жил ч үргэлжлэх юм. Энхийн үйл явцыг эхлүүлж, түүнийг шийдвэрлэхийн тулд хамтран ажиллах оролдлого талууд олон удаа хийж байв. Гэвч талуудын байр суурийн эхлэлийн цэг нь өөр өөр байлаа. Палестинчуудын хувьд Оттоманы эзэнт улсын бүрэлдэхүүнд багтаж байсан энэ газар нутаг дээр олон зуун жил аж төрж, уг эзэнт улсыг мөхсөнөөс хойш түүний эрхийг залгамжилж авсан улсын оршин суугчид болсноо эхлэлийн цэг болгож байлаа. 1940-өөд оны эцсээр Израил хэмээх улсыг байгуулсан еврейчүүд болохоор энэ газар орон дээр олон мянган жилийн өмнө иудей нар нутаглаж байсныг эш үндэс болгож, түүний нэг хэсгийг нь ч гэлээ эргүүлэн авч эртний еврейн улсаа сэргээхийг хүссэн. Дэлхийн II дайнаас өмнөх сүүлийн зуун жилд Палестин хүн амын ядаж тэн хагасыг нь еврей хүн эзэлж байсан сан бол энэ өөдрөг үзэл санаа магтууштай төдийгүй хүн төрөлхтний ихээхэн хэсгийн хүндэтгэл хүлээх байв.
Пушкиний анд, 1812 оны эх орны дайны баатар, Оросын аялагч Абрам Норов 1830 онд Палестинд ирэхдээ Палестины газар нутаг дээр тэндхийн хийгээд Сирийн арабууд, туркууд, грекүүд амьдарч байгааг, Йерусалимыг оруулаад Палестинд цөөн еврей оршин суудгийг анзаарсан байдаг. Харин Дэлхийн II дайны дараа, түүний явцад еврей нарын амссан зовлон хийгээд түүхэн үндэс угсаа, шашин шүтлэгийг нь харгалзан Палестиний газар нутаг дээр еврейн, арабын гэсэн хоёр улс байгуулахаар НҮБ шийдсэн байна.
Манай гариг дээр автономит эрхтэй Палестин улс бий болгож, түүнийг өөрийн гэсэн засаг захиргаатай, тусгаар тогтнолын зарим эрх дархтай байлгах гэж олон улсын хамтын нийгэмлэг ихээхэн хүчин чармайлт гаргасан юм. Палестиний ард түмнийг өөрийн гэсэн бие даасан улстай болгох гэж дэлхийн энхийг эрхэмлэгч улс түмэн бас асар их чармайсан. Гэлээ ч зовлон үзсэн палестин нутагт ямар нэг дэвшил бий болгохгүй байгааг улс төр судлаачид төдийгүй дэлхийн янз бүрийн бүс нутгийн томоохон улстөрчид хараад ийм дэвшил бий болохыг хүлээгээд урам нь хугарч, бие даасан Палестиний тусгаар улс хэзээ ч бий болохгүй нь гэж үзэх болжээ.
Гэлээ ч шударга ёс ялж, эцэст нь Палестиний ард түмэн өөрийн хувь заяаг шийдэх эрхтэй болохын тулд тэндхийн эх орончид болон энхийг хүсэгч ард түмнүүд хамтран тэмцэхээс татгалзах учиргүй юм. Бидний эргэн тойронд ертөнц өөрчлөгдөж, улс орнуудын хооронд тэдний хэмжээ, эдийн засгийн өсөлт, амжилтаас нь үл хамааран эрх тэгш, үнэнч, биенээ хүндэтгэдэг харилцаа бий болгохын төлөөх ард түмнүүдийн хөдөлгөөнд АНУ-ын давамгайлал, НАТО-гийн дарамт шахалт тахимаа өгөөсэй гэж хүсдэг улс орон улам бүр нэмэгдэж байгаа өнөөгийн нөхцөлд энэ нь гойд чухал болж байна.
Их гүрнүүдийн хооронд цөмийн зэвсгийн зөрчил тэмцэл гарах магадлалыг хамгийн бага хэмжээнд хүргэж, дэлхийд шинэ дайн үүсэх нөхцөлийг үгүй хийхийг хүн төрөлхтөн хүсэж байгаа бол манай гаргийн янз бүрийн бүс нутгаар тогтохгүй, дэлхий дахинд бүхэлд нь онцгой аюултай халуун цэгүүдийг устгахыг хичээх ёстой. Энэ бол ердөө Араб-Израилын төдийгүй Израил, Ираны хооронд үүсэж болзошгүй зөрчил тэмцэл юм.
Ийм дайн үүсгэх шалтаг олоход Израилын харцгуудад төвөгтэй биш. Ойрхи Дорнод тэсрэх аюултай байдалд олон жил байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд энэ бүс нутагт жинхэнэ дайнд хүргэж болохуйц үйл явц цөөнгүй тохиолдсон. АНУ, Израил үүнд Иран, Ливаны“Хезболла”, Палестиний ХАМАС хөдөлгөөнүүд болон Сирийн эрх баригчдыг буруутгадаг. Гэтэл энэ бүс нутагт өнөөгийн нөхцөл байдал бий болоход Америкийн засаг захиргаа, Израилын удирдлага тодорхой хэмжээнд буруутай. Израил, Палестиний автономи, Ливи, Сирийн хил дээр төдийгүй Ойрхи Дорнодын бүс нутгийн бусад хэсэг ч үүнд хамаарна. Ирантай эв санаа нэгтэй байгаа шийтүүдийн ихэнх нь Израилыг НАТО-гийн гишүүн орнуудтай нэг буулганд орчихоод Ойрхи Дорнодод Америкийн давамгайллыг хадгалахад тэргүүн шугам нь болж байна гэж үздэг.
Хүн амынх нь үлэмж хэсгийг шийтүүд эзэлдэг улсууд Иранд аятайхан ханддаггүй, энэ нь дотоод улс төрийн байдалтай нь холбоотой байдаг. Сири, Ливан зэрэг улс “Исламын улс”-ын эсрэг тэмцэлд Ираны үзүүлсэн тусламжийг ихэд үнэлдэг. Тухайлбал, Сирид алан хядах ажиллагаа үйлдэж байсан хүчнийг устгахад Ираны тусгай хүчний цэргүүд асар их үүрэг гүйцэтгэсэн. Цэргүүдийг генерал Сулейманн удирдаж байсан бөгөөд сүүлд нь түүнийг АНУ, Израилын тагнуулууд устгасан билээ. Энэ үйлдэл нь “Исламын улс”-ын алан хядагчдад буян үйлдсэн явдал болсон юм.
Өмнөд Ливаныг бүхэлд нь хамардаг сонгуулийн хоёрдугаар тойрогт эрх мэдлийг “Амаль”, “Хезболла”-гийн эвсэл атгаж байдаг. Тодруулбал, шийтийн хөдөлгөөний хяналтад байдаг районд сонгогчдын дөрөвний нэг нь амьдардаг байна. Өмнөд Ливаны хаана ч явсан “Хезболла”-гийн далбаа харагдаж, “Хезболла”-гийн билэг тэмдэгтэй хувцас, цүнх худалдаж байдаг аж. Гэлээ ч энэ хөдөлгөөн Израил улсыг бутцохихыг эрмэлздэггүй, тус хөдөлгөөн өөрийн гэсэн улс байгуулахын төлөө Палестиний ард түмний тэмцэлтэй эв санаа нэгтэй байж, тус бүс нутагт ислам шашнышийтийн салаа мөчрийг хадгалж байх баталгаа нь Иран гэж үздэг.
“Хезболла”, ХАМАС-ын аль нь ч Ойрхи Дорнодод Израилтай өрсөлддөггүй. Өнөө цагийн Израил нь өөрөө албан ёсоор хүлээн зөвшөөрдөггүй боловч цөмийн зэвсэгтэй, дайн хийх хамгийн орчин үеийн хэрэгсэлтэй Ойрхи Дорнод дахь цор ганц улс юм. Цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх гэрээнд Израил гарын үсэг зурах бодолгүй байдаг. Түүгээр ч барахгүй Өрнөдийн шинжээчдийн бодлоор хөршүүдтэйгээ, Евразийн томоохон улсуудтай дайтахаас Израил эмээдэггүй аж.
Бүс нутагтаа хамгийн гол дайснаа Иран гэж үзэж, энд явуулж буй үйл ажиллагааг ажиглахад Ираны инженерүүд цөмийн зэвсэг бий болгочихож болзошгүй гэж Израил нэг бус удаа мэдэгдэж байв. Тиймээс Ираныг цөмийн зэвсэгтэй болгочихгүйн төлөө бүхий л арга, хэрэгсэл ашиглаж байдаг юм. Ираны цөмийн зэвсгийн хөтөлбөрийг зогсоох зорилгоор саявтар Израил эдний лабораториудыг устгаж, энэ салбарын инженерүүдийг хөнөөсөн нь нэг том цохилт өгсөн. Атомын бөмбөгтэй болохоор төлөвлөөгүй бөгөөд хэрэгжүүлээд удаж байгаа хатуу хоригоо АНУ цуцалбал хэлэлцээрийн ширээнд суухад бэлэн гэдгээ Иран хэлээд байгаа. Тэгэхдээ энэ санаачилга хэрэгжих нь юу л бол. Иранд санхүү, эдийн засгийн хохирол учруулсан үйл ажиллагаагаа АНУ үргэлжлүүлсээр байгаа.
Нэг талаас АНУ болон түүний НАТО-гийн түншүүд нь цөмийн зэвсгийн асуудлаарх олон талт хэлэлцээрийн ширээнд Иран эргэж суух боломжийг зориуд боомилж, нөгөө талаас Иранд шинээр цохилт өгөх үйлдэл рүү Израилыг илэрхий түлхэж байна гэлцэх боллоо. Цөмийн цохилт өгвөл цаашдаа АНУ-ын эрх ашигт нийцнэ.
Өөрийнх нь объектуудад цохилт өгөхөд Израилыг турхирах тул Иран цөмийн зэвсэгтэй болохоор үнэндээ төлөвлөөгүй гэдэгт цөмийн эрчим хүч, цөмийн зэвсгийн мэргэжилтнүүдийн ихэнх нь итгэхгүй байгаад анхаарлаа хандуулваас зохилтой. Цөмийн зэвсэг бий болгож буй баримтыг нууж хаах боломжгүй, худал хэлэх нь учир утгагүй. Орчин цагийн тагнуулын техник хэрэгсэл, сүлжээ, хиймэл дагуулаас хийх ажиглалт зэрэг худал хуурмагийг илчлэх арга зам одоо цагт олон болжээ. Иран бол том нутагтай, уулархаг нутагт нь ямар нэг лаборатори, цөмийн зэвсгийн бүтэц хэсгийг үйлдвэрлэх газрыг нууцаар байгуулчихаж болно гэж үзэх хүн цөөнгүй байж мэднэ. Тэгээд ч атомын хөтөлбөртэй холбоотой судалгаа, шинжилгээний ажил явуулдаг 17 төв Иранд байдгийг Өрнөд мэднэ. Тэдгээрт атомыг энхийн зорилгод ашиглахад чиглэсэн ажил өрнөж байдаг юм.
Хүч, нөөц нь байвал хэдхэн өдөрт атомын зэвсэг бүтээчих инженерүүдтэй улс өнөөгийн ертөнцөд хэдэн арав бий. Тухайлбал, Өмнөд Солонгос, Египет, Герман, Бразил, Япон. Цөмийн зэвсэг байгаа бол түүнийг нэг ч улс нууж чадахгүй. Өрнөд ч, Израил ч өөрсдийгөө цэрэг-техникийн ихээхэн давуу талтай, дайн боллоо гэхэд Иран хийгээд түүний холбоотнууд, бусад улсуудад байгаа шийтийн хөдөлгөөний цэргийн байгууламжийг ядах юм үгүй “номхруулчихна” гэдэгтээ итгэлтэй байх шиг. Тэгэхдээ эрх мэдлийн дээд эрэмбэд байгаа хүмүүс нь л ийн үзээд байдаг. Тэгвэл Израилын дайснуудын боломж шинэ технологийн үрээр өдөр тутам, бүр цаг тутам нэмэгдэж байгааг цэргийн мэргэжлийн хүмүүс тэмдэглэж байна.
Харцгууд хэрэв өдөөвөл Ойрхи Дорнодын шинэ дайнд хоёр талаас гарз хохирол илүүтэй учруулах боловсронгуй хэрэгсэл ашиглахад эргэлзэх юм үгүй. Иранд үндсэндээ орчин цагийн агаарын цэргийн хүчин гэж байхгүй, тэгэхдээ нисгэгчгүй нисдэг төхөөрөмжийг олон парктай болсон, түүнийгээ бусад улс оронд байгаа шийтийн цэрэгжсэн бүтцүүдэд өгдөг. Израилын пуужин эсэргүүцэх хүчний бүрэлдэхүүнд тус бүртээ харвах дөрвөн төхөөрөмжтэй 10 батарей бий. Төхөөрөмж тус бүр нь 20 пуужин эсэргүүцэгч хөөргөх боломжтой. Энэ систем Израилын тэнгэрийг бүрэн хамгаалж чадна.
Ойрхи Дорнодын орнууд илүү технологи сайтай зэвсгээр хангагдсан. Израилын дайснууд илүү орчин үеийн пуужингуудтай, тэдний хурд Израилын “Төмөр цамхаг”-ийн боломжийг ихээхэн багасгана. Хүн ам олонтой жижиг орны хувьд энхийг сахих нь, өөрөөр хэлбэл, хөрштэйгөө хэл амаа ололцох урлаг, палестинчуудтай зэрэгцэн орших асуудлыг шийдвэрлэх, эзлэгдсэн газар нутгаас зайлсхийх, Ойрхи Дорнод дахь АНУ-ын ашиг сонирхлоос өөрийн ард түмний эрх ашгийг тэргүүн зэрэгт тавих нь илүү ашигтай стратеги юм. Ойрхи Дорнодод атомын бөмбөг биш, энхийг бүтээх хүчин чармайлт илүүтэй хэрэгтэй. Асуудлыг энхийн арга замаар шийдвэрлэхээс татгалзах нь Ойрхи Дорнодын бүс нутгийг ужиг зөрчилд хүргэх болно.