УИХ-аар хэлэлцэж эхлээд буй Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд судлаачид, иргэний нийгмийн төлөөлөл “Том реформын эхлэлийг тавьсан нэлээд сайн төсөл” гэсэн үнэлгээ өгөв. Төслийг боловсруулах явцад тэд оролцож, улс төрийн намыг шинэчлэхэд шаардлагатай зарим гол өөрчлөлтийг тусгаж чаджээ. Энэ талаар “Бодлогод залуусын хяналт” ТББ-аас зохион байгуулсан “Улс төрийн намын шинэчлэлийг урагшлуулахад иргэдийн оролцоо” хэлэлцүүлгийн үеэр тэд онцолсон юм.
Төсөлд улс төрийн намын удирдах бүх албан тушаалд нэг хүйсийн хүн 40 хувиас багагүй байна гэсэн квот тогтоож, жендерийн тэгш эрхийг хангасан зохицуулалт оруулсан. “Амьгүй намууд”-ыг цэгцлэхийн тулд сонгуульд дараалан хоёр удаа оролцоогүй, санхүүгийн тайлангаа өгөөгүй бол идэвхгүйд тооцож, дахин нэр дэвшүүлэх эрхийг хасах, шинэ нам бүртгэх явцын хяналтыг сайжруулах, намууд хяналтын байгууллагатай байх замаар дотоод ардчиллаа хангах зохицуулалт тусгасан байна. Мөн сонгуулиар нийт сонгогчийн хоёр хувиас дээш санал авсан намд төрөөс санхүүжилт олгох, шууд бус дэмжлэг үзүүлэх, жинхэнэ буюу дэмжигч гэсэн гишүүнчлэлтэй байх зэрэг заалтыг тэд онцолсон. Эдгээр заалт нь Венецийн комиссоос баталсан 11 зарчмын тодорхой хувийг хангажээ.
“Нээлттэй нийгэм” форумын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Энхцэцэг “Нэг нам давамгайлсан системийг засах гол арга зам нь төрийн санхүүжилтийн хяналт юм. Судлаач нар зарим зүйл дээр буулт хийж, олон улсын зарчимтай зөрчилдөж буй, 30 жилийн турш мөрдсөн тодорхой заалтыг үлдээсэн ч намуудын санхүүжилтийг ил тод болгох, төрийн санхүүжилт, хяналтыг сайжруулах саналаа тусгаж чадсан. Буруу системийг засах ерөнхий чиглэлээ зөв болгосон” гэв. Улс төрийн намын тухай хуулийн 50 хувийг шинэчилж байгаа аж.
Бэлтгэсэн: С.Уул