Хятадын баруун хойд нутгийн Сиань хотод энэсарын 18-нд болж, хоёр өдөр үргэлжилсэн “Хятад-Төв Ази” дээд хэмжээний уулзалтад энэбүс нутгийн таван улс, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизстаны Ерөнхийлөгч Садыр Жапаров, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов нар хүрэлцэн очжээ. Ийм бүрэлдэхүүнийг БНХАУ-ын дарга Си Жиньпин эх орондоо анх удаагаа хүлээж авсан нь энэ. Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикистаны төрийн тэргүүн нар энэташрамд Хятадад төрийн айлчлал хийлээ.
Уулзалтын төгсгөлд зургаан улсын Төрийн тэргүүн тунхаг бичигт гарын үсэг зурав. Хятадын удирдагч “шинэ эрин” гэж нэрлэсэн уг уулзалтад оролцогчид Зөвлөлтийн бүрэлдэхүүнд байсан улсууд хийгээд Хятадын төрийн тэргүүн нарын харилцааны механизм бий болгохоор тохиролцлоо. Дараачийн уулзалтыг 2025 онд Казахстанд хийхээр товлосон юм.
“Сиань”-ийнгэж нэрлэсэн тунхагт аюулгүй байдал, ложистик, худалдаа-эдийн засгийн харилцан ажиллагаа, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, байгаль орчныг хамгаалах зэрэг асуудлыг тусгасан байна. Гадаад гүрнүүд бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох, өнгөт хувьсгалыг өдөөн турхирахын эсрэг тэмцэхээ уулзалтад оролцогчид илэрхийлэв. Бүс нутгийн орнуудын хууль сахиулах байгууллага, армийн хүчин чадлыг бэхжүүлэхэд түлхэц үзүүлэх, аюулгүй байдлаа хангах тус бүрийнх нь хүчин чармайлт, алан хядах ажиллагаатай тэмцэхэд нь дэмжлэг үзүүлэхээ Хятадын удирдагч амласан юм. Түүнчлэн Төв Азийн БНУ-уудын аюулаас хамгаалах хүчний сургалтад зориулж, алан хядах ажиллагааны эсрэг бүс нутгийн төв байгуулахаар ажиллаж буйгаа тэрбээр мэдээлсэн байна. Төв Ази нь юуны түрүүнд аюулгүй байдлын үүднээс Бээжингийн сонирхлыг татаж байгаа юм гэж Оросын ШУА-ийн Хятад, орчин цагийн Азийн хүрээлэнгийн ажилтан Александр Лукин үзэж байна. “Тиймээс Хятадын удирдагчид нөөц бололцоогоо тус бүс нутгийн аюулгүй байдалд дайчилж, алан хядах үйл ажиллагааны эсрэг тэмцэх хүчнээ бэлтгэхэд нь эдгээр улсад тусалж байгаа юм. Эдгээр улсын нөөц боломж нь Хятадын хэрэгцээг хангаж чадахгүй учраас эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд энэ бүс нутаг сонирхлыг нь татахгүй байгаа” гэж тэрбээр хэлжээ.
Дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр талын бизнесийн төлөөлөгчид бас яриа хөөрөө хийж, холбогдох баримт бичигт гарын үсэг зурлаа. Хятадын төрийн хөрөнгө оруулагч СITIC групп, эрчим хүч, нефтийн салбарт нийтдээ 1.6 тэрбум ам.долларын таван төсөл хэрэгжүүлэхээр Казахстаны талтай гэрээ үзэглэсэн аж.
Хятадын CNMM компани Казахстаны Kaz Minerals компанитай хамтран завод байгуулах, Huawei нь Казахстаны төмөр замын сүлжээг тоон системд шилжүүлэх төсөлд хамтрахаар болжээ. 2013 оноос хэрэгжүүлж буй Хятадын “Нэг бүс-нэг зам” дэд бүтцийн төслийн ач холбогдлыг дээрх орнуудын удирдагчид өндөр үнэлж, уг төслийн хүрээнд Хятад-Киргиз-Узбекистан гэсэн маршрутаар төмөр болон автозам барьж дуусгахаар тохиролцов. Мөн Хятад, Тажикистан, Узбекистаныг холбосон автозам барьж эхлэх болсон байна. Туркменистан, Хятадын хооронд хий дамжуулах дөрөв дэх шугамын явцыг түргэтгэх нь зүйтэй гэж үзжээ.
Төв Азид Хятад улс төр, эдийн засгийн ямар ашиг сонирхолтой байна вэ? Энэ бүс нутгийн улсуудтай харилцан ажиллах шинэ хэлбэр Бээжинд яагаад хэрэгтэй болов? Украины эсрэг Оросын өдөөсөн дайн үүнд хэрхэн нөлөөлөв? Францын стратегийн судалгааны сангийн Хятадын асуудлаарх шинжээч Антуан Бондаз эдгээр асуудлаар ямар байр суурьтай байгааг сонирхуулъя.
-Ийм уулзалтыг яагаад чухам одоо хийв, эрт санаачлаагүйн учир юунд байна вэ?
-Хятад улс сүүлийн 20 жилд бүс нутгийн ийм уулзалтыг хийгээд байгаа юм. Тухайлбал, “Хятад-АСЕАН-ы (Зүүн өмнөд Азийн улсуудын холбоо), “Хятад-Төв болон Зүүн Европ”-ын орнуудын дээд хэмжээний уулзалт хийсэн. Одоогийн энэ уулзалт гурав дахь нь. 2020 оноос Гадаад хэргийн яамны сайд нарын түвшинд хийж ирсэн, өнгөрсөн оноос Төрийн тэргүүнүүдийн хэмжээнд хийх болсон юм. Энэ бол Хятадын стратегийн нэг хэсэг, зөвхөн Төв Азид ч чиглээд байгаа юм бас биш.
-Ийм уулзалт нь эдийн засгийн ашиг сонирхлоос үүдэлтэй юү, эсвэл Бээжин өөрийн улс төрийн нөлөөг Москва хийгээд Европын холбоонд мэдрүүлэх гээд байна уу?
-Хятадын хувьд Төв Азид хэд хэдэн чухал зүйл бий. Юуны түрүүнд энэ бүс нутаг дахь тогтвортой байдал. Дор хаяад сүүлийн 20 жилд Хятад үүнд анхаарч байгаа. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бий болгосон нь чухамхүү энэ зорилгод, тодруулбал, алан хядах аюул заналтай хийх тэмцэлд нь нийцэж байгаа юм. Түүнчлэн Төв Азийн хөрш орнуудтай залгаа хилийнхээ аюулгүй байдлыг хангах хүсэл нь энэ арга хэмжээнд тусгалаа олж буй.
Эдийн засгийн зорилго арай хожуу гарч ирсэн. Энэ нь эрчим хүчний асуудал дээр зангидагдаж байгаа юм. 2030 онд Төв Азийн орнуудтай хийх эдийн засгийн солилцоогоо 70 тэрбум ам.долларт хүргэх зорилт Хятад 2020 онд тавьсан. Гэтэл энэ зорилт бүр 2022 онд биелчихсэн.
Сүүлийн үед эдийн засгийн хэлхээ холбоогоо бэхжүүлээд зогсохгүй Хятадын талаас улс төрийн ашиг сонирхол илүүтэй болж буй нь ажиглагдах болж байна. Эцсийн эцэст энэ бүс нутагт Оросын нөлөө, байр суурийг сулруулах сонирхол байна. Ингэж чадвал Хятадад ихээхэн боломж бий болно.
-Хятадын нөлөө байнга нэмэгдэж Оросын уламжлалт ноёрхолтой өрсөлдөх боллоо гэж тус бүс нутгийн шинжээчид үздэг. Хятадын ашиг сонирхлыг илүү тодорхой хэлж өгч болох уу?
-Тажикистанд хэдэн жилийн өмнө Хятад нэг төрлийн цэргийн пункт байгуулсан. Энэ нь цэргийн бааз биш, алан хядах ажиллагаатай тэмцэх цэргийн харуул маягийн юм. Хятадын хувьд алан хядах үйлдэл хийх гэмт бүлэглэлээс хилээ хамгаалах нь Тажикистан дахь бодлогынх нь нэг гол чиглэл байдаг.
Оросын гүйцэтгэж буй үүргийг Хятад өөртөө авахыг хичээж байна гэж хэлж болохгүй гэж бодож байна. Бүх үүргийг хуваарилчихсан гэж хэлж болно. Үүний тодорхой жишээ нь 2022 оны эхээр Казахстанд болсон үймээн. Тэгэхэд гаднаас Хятад биш, Орос л оролцож байж зогсоосон шүү дээ. Ингээд бодохоор ойрын жилд, ямар ч байсан ойрын саруудад Оросыг Хятад орлох, түүний нөлөөг аль болох хязгаарлах магадлал бага.
Хятадын хувьд аюулгүй байдлаа хамгаалахыг бүхнээс дээгүүр тавьж, энэ нь эдийн засаг, улс төрийн асуудалтай улам бүр холбогдож байна.
-Таны дурссан Казахстан дахь үймээн Украины дайны өмнөхөн болсон. Энэ дайн эхэлснээр Төв Азийн орнуудад ямар нэг юм өөрчлөгдсөн үү. Магадгүй эдгээр улс Оросын хажуугаар өөр түнш хайдаг ч юм уу?
-Их өөрчлөлт Хятадаас бус, Украин руу оросууд дайрсанд, энэ нь Оростой нэгэнт тогтоосон гүнзгий хамтын ажиллагааг нь эргэлзээнд оруулж болзошгүйд сэтгэл нь түгшсэн Төв Азийн орнуудаас өөрсдөөс нь эх үүсвэртэй. Тийм болохоор Украины дайны уршгаар сүүлийн саруудад юм өөрчлөгдсөн бол тэр нь юуны урьд Төв Азийн орнуудаас эхтэй гэж би хэлэх гээд байна. Нөгөө талаас Хятад ойрын саруудад энэ бүс нутагт Оросыг орлоно гэж одоо хэлэх нь хэтэрхий эртэднэ гэж бодож байна.
-Нөгөө “Торгоны зам” төсөл ямар шатандаа явна вэ. Энэ зам Оросын нутгаар дайрч өнгөрөхөөр урьд нь төлөвлөж байснаа одоо чимээ тасарлаа. Уг төсөлд Төв Азийн орнууд ямар үүрэгтэй байгаа вэ?
-“Торгоны зам” төсөл маш олон талтай, энэ чинь ердөө зам төдий юм биш. Төмөр замын зарим шугам Оросын нутгаар, нэг хэсэг нь Төв Азийн орнуудын нутгаар дайрна. Өргөн утгаар нь авч үзвэл10 жилийн өмнө Казахстанд зарласан “Торгоны зам” санаачилгаар Хятад, Төв Азийн орнуудын хоорондын харилцан хамаарлыг бэхжүүлэх зорилт Бээжин тавьсан юм. Хятадын анхаарлыг Төв Азийн орнууд 10 жилийн өмнөхөөсөө хавьгүй илүү татах болоод байна.