Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад энэ сарын 20-28-нд зохион байгуулсан насанд хүрэгчдийн пауэрлифтингийн хэрэглэлтэй хэвтээ шахалтын ДАШТ-д Монголын тамирчид оролцсон. Тэднээс “Дэмжигч” клубийн тамирчин Ц.Баярхүү 240 кг-ыг шахаж дэлхийн аварга боллоо. Уг спортоор 12 жил тууштай хичээллэж, Азийн АШТ-д есөн удаа түрүүлэн, ДАШТ-ээс хошой мөнгө, хүрэл медаль хүртсэн тэрбээр энэ удаа алтан медальтай эх орондоо хөл тавих нь. Түүнээс гадна Д.Түмэнжаргал -105 кг-д мөн тэргүүн байрт шалгарч, шилдгүүдийн эгнээнд жагсав. 120 кг-д өрсөлдсөн хүчтэнүүдээс Гавьяат тамирчин Б.Чимэдцэрэн удаалж, 59 кг-д А.Амартайван хүрэл медалийн эзэн болжээ. Тэгвэл залуучуудын ангилалд Ч.Цэрэнбат 74 кг-д, өсвөр үеийнхэд Г.Сумьяасүрэн 63 кг-д анх удаа тэргүүлж алтан медалийн буухиаг үргэлжлүүлэв. Манай тамирчид багийн дүнгээр насанд хүрэгчдийн болон мастер 1, Мастер 2 ангилалд тус бүр II байрт шалгарсан байна.