УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, эсэхээс үл хамааран сонгуулийн тогтолцоонд пропорциональ буюу хувь тэнцүүлсэн хувилбар оруулж, холимог хэлбэрээр явуулахаар ярилцаж буй. Ингэхдээ сонгогчдоос гурван хувиас доошгүй санал авсан улс төрийн намуудад суудал хуваарилахаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгасан. Мөн энэ шалгуурыг хангасан намд төсвөөс буюу төрөөс санхүүжилт олгохоор Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд заасан. УИХ-ын сүүлийн сонгуулийн дүнгээс харвал эл босгыг МАН, АН хоёр л давахаар байгааг инфографикаас харж болно. Дээрх төсөлд тусгаснаар хоёр нам сонгуульд эвсэж орсон тохиолдолд тав, гурав болон түүнээс дээш бол долоон хувийн босгыг давах ёстой. Эл зохицуулалт 2020 оны сонгуульд үйлчилсэн бол нийт сонгогчоос 5.23 хувийн санал авсан ХҮН, МСДН, Зүй ёс намын “Зөв хүн электорат” эвсэл парламентад төлөөлөлгүй үлдэхээр байв. Юутай ч тус сонгуульд оролцсон 14 нам, гурван эвслээс дээрх шаардлагыг хангасан нь ердөө гурав л байсан гэсэн үг.
Уг нь пропорциональ хувилбарыг оруулж, сонгуулийн тогтолцооны өөрчлөлт хийх гэж буй гол шалтгаан нь сонгогчдын саналыг гээхгүй, төлөөллийг алдагдуулахгүй байхад чиглэж байгаа. МАН нийт сонгогчийн талд нь ч хүрэхгүй буюу 44.8 хувийн дэмжлэг авчихаад өдгөө УИХ-д 62 суудал авч, төрийн эрх барих дээд байгууллагын бүрэлдэхүүний 81.5 хувийг эзэлж, үнэмлэхүй олонхыг бүрдүүлж байгаа нь шударга бус гэж үзсэн учраас үүнийг зүтгүүлж буй. Үнэхээр ч сонгогчдоос 24.4 хувийн санал авсан АН-ынхныг УИХ-ын суудалд хувь тэнцүүлэн тооцвол багадаа 18 төлөөлөлтэй байж болох байсан ч тэд одоо бүлэгтээ албан ёсны 10 гишүүнтэй. Өнөөгийн эрх баригчид 2016 оны сонгуулиар мөн л илүүрхэж, УИХ-д 65 суудал авсан. Үндсэндээ МАН хоёр сонгууль дараалан үнэмлэхүй олонх болж, ардчилсан Монгол Улсад нэг нам дангаар ноёрхож буй. Уг нь өнгөрсөн хугацаанд манайд хэрэглэж ирсэн сонгуулийн мажоритар тогтолцооны нөлөөгөөр АН, МАН гэсэн хоёр нам байр суурь, нөлөөгөө бэхжүүлсэн ч сүүлийн жилүүдэд “нэг намын тогтолцоо”-ны дор бид аж төрж байна. Иймд хууль тогтоох байгууллага дахь улс төрийн хүчний тоог нэмэгдүүлж, зохистой харьцаа бүрдүүлэх шаардлагын үүднээс пропорциональ хувилбарыг зайлшгүй оруулж ирэх ёстой хэмээн үзэж байгаа нь буруу биш. Гэхдээ ийм хувилбараар сонгууль зохион байгууллаа гэхэд манай намууд бэлэн байна уу. Авсан саналд нь суудал хуваарилах гэхээр АН, МАН хоёр л тунаж үлдээд, бусад нь босго давахгүй байх вий. Тэд шинэчлэгдэх үү.
Өдгөө Дээд шүүхэд бүртгэлтэй 36 нам байгаа ч идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг нь тун цөөн, сонгуульд оролцдог нь бүр ч бага. Тухайлбал, Монголын эмэгтэйчүүдийн үндэсний нам Дээд шүүхэд 2003 онд бүртгүүлсэн ч парламентын сонгуульд нэг ч удаа оролцож байгаагүй. Нэрнээс нь харвал манай хүн амын талаас илүүг нь бүрдүүлж буй эмэгтэйчүүдийг үндэсний хэмжээнд нэгтгэсэн, тэдний эрх ашгийг хамгаалж, төлөөллийг нь шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх зорилготой байж болох эл нам түүхийнхээ 20 жилийн турш юу хийгээгүй гэхэд болно.
Монголын либерал намын түүх гэхэд 2000 оноос эхэлдэг. Тус нам 2004, 2008 онд дангаараа, 2016 онд Хөгжлийн хөтөлбөр намтай эвсэн сонгуульд оролцсон ч тэд өдгөө нэрээ “наймаалцах” гээд бүтэлгүйтэж буйг нь ярих хүн бишгүй. Тодруулбал, нэрээ “Ардчилсан Монгол ялна” нам болгон өөрчлөх хүсэлтээ Дээд шүүхэд удаа дараа гаргаж буй бөгөөд хамгийн сүүлд буюу энэ сарын 16-нд өргөдлийг нь буцаасан юм. Энэ мэтээр намын нэр “наймаалцаж”, солих төдийгөөр нам авч явдаг нэг хэсэг хүн бий.
Нөгөө талаас ихэнх нь анх үүсгэн байгуулсан хүнийхээ “хувийн компани” шиг байдалтай буй учраас “халаасны”, “нэг хүний” гэх мэтээр тодорхойлж, иргэд ч олон нам байх хэрэггүй хэмээн шүүмжлэх болсон. Тэдгээрээс дурдвал, “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатын Эх орон нам, “Буян” компанийн захирал Б.Жаргалсайханы БНН, УИХ-ын гишүүн, сайд асан Л.Гүндалайн Ард түмнээ хайрлая нам гэх мэтээр хөвөрнө.
Монголын ногоон намын хувьд манай анхны улс төрийн хүчнүүдийн нэг. Тиймээс ч тэд Дээд шүүхээс гаргасан албан ёсны жагсаалтын гуравдугаарт буюу АН, МАН-ын дараа бичигддэг. Нэр дэвшигчид нь саналын хуудсанд энэ дарааллаар бичигддэг тул өөр бусад намын анхаарлыг татаж ирсэн. Өөрөөр хэлбэл, сонгуульд тэдэнтэй хамтран оролцвол жагсаалтын гуравдугаарт бичигдэнэ гэсэн үг. 2000 оноос хойш тасралтгүй зургаан удаагийн сонгуульд оролцохдоо бусад намтай гурван удаа эвссэн нь ч үүнийг батлах биз. Уг нь “ногоон” хэмээх тодотгол нь улам бүр үнэ цэнтэй болж байгаа ч тэд 30 гаруй жилийн түүхтэй ууган намын зангарагтай байж чадахгүй, дарга, удирдлага нь зангидаж, чиглүүлж хүчирдэггүй нь нууц биш.
Иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хүндэтгэхийн зэрэгцээ намууд төлөвшиж, бодлогоороо өрсөлддөг болох нь чухал. Улс төр гэдэг нь угтаа намуудын бодлогын өрсөлдөөний талбар байх учиртай. Нөгөө талаас Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасанчлан санхүүгийн зөрчил болон бусад алдаа дутагдалтай нь холбоотойгоор статусыг нь бууруулж, тодорхой хугацаанд “идэвхгүй” ангилалд байлгах гэх мэт хариуцлагын арга хэмжээ авахаар тусгасныг шууд буруутгах аргагүй. Тэгээд ч ногдсон үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тухайн намыг “идэвхгүй” ангилалд оруулж, эрх зүйн статусыг бууруулж “шийтгэдэг” нь олон улсын жишиг юм. Тухайлбал, бодлогын нам байж улс орны хөгжлийн бодлогод идэвхтэй оролцох гол үйл явц болох сонгуульд огт өрсөлдөхгүй явж ирсэн Монголын эмэгтэйчүүдийн үндэсний намыг ингэж шийтгэх нь байтугай, татан буулгавал таарна. Ерөнхийлөгчөөс УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцэж эхлээд байгаа Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дараалсан зургаан жилийн хугацаанд нам УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэн оролцоогүй бол “идэвхгүй” ангилалд оруулахаар тусгасан юм билээ. Ард түмний нам гэхэд 2005 онд байгуулагдсанаасаа хойш 15 жилийн дараа буюу ердөө өнгөрсөн сонгуульд л оролцсон байгаа юм. Дээд шүүхийн цахим хуудаснаас тус намын мэдээллийг нягталбал дарга, үүсгэн байгуулагчийн нэр ч алга. Харин Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам 2007 онд байгуулагдсан цагаасаа парламентын сонгуульд тасралтгүй оролцсон байдаг. Дарга нь ч идэвхтэй, намуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг, уулзалт хаана л болно, тэнд оролцож яваа харагддаг. Гэсэн ч тэд 2020 оны сонгуулиар нийт сонгогчоос 0.13 хувийн санал авсан нь хангалтгүй. Анхлан оролцсон сонгуулиуддаа хоёрхон хүн нэр дэвшүүлж байсантай харьцуулбал сүүлд 13 хүн өрсөлдүүлсэн ч тэд 2020 онд нийлээд 5142 санал авсан нь чамлалттай.
Юутай ч Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Монголд үүсгэн байгуулсан цагаасаа хойш их хурлаа хийгээгүй, гишүүддээ үйл ажиллагаагаа тайлагнаагүй, сүүлийн 10 гаруй жилийн турш ямар ч хурал хийгээгүй, Дээд шүүхэд бүртгүүлснээс өөр зүйлгүй, холбогдох эзэн нь олддоггүй нам нэлээд байна. Үүнийг хуулиар цэгцлэх шаардлагатай” хэмээсэн нь ч учиртай.