БНСУ-ын Жонбүк хотод Ази, Номхон далайн орнуудын мастеруудын наадам үргэлжилж байна. Тус наадамд Монголын баг тамирчид спортын 16 төрөлд өрсөлдөж медалийн хур буулгасаар байна. Тухайлбал, усанд сэлэлтийн эмэгтэй тамирчдаас Д.Туяа 40+ ангилалд 100 метрийн араар даллах, эрэгтэйчүүдээс Орхон аймгийн “Хангарьд” клубийн Х.Ержан 200 метрийн мэлхий сэлэлтийн төрөлд аварга боллоо. Мөн 45+ ангилалд ур чадвараа сорьсон оролцогчдоос Г.Хулан 200 метрийн мэлхий сэлэлтээр түрүүлж, “Remax” клубийн Э.Оюун-Эрдэнэ 30+ ангилалд удаалав. Буухиа сэлэлтийн өврөөр даллах төрөлд “Хангарьд” клубийн тамирчин У.Болдбаатар, П.Батбилэг, Х.Ержан, Н.Содсайхан нар хүрэл медаль зүүжээ.
Түүнчлэн ширээний теннисний тэмцээнд мастеруудаас 30-39 насныхны хосын төрөлд Ё.Нямдулам, Б.Гиймаа нар шилдгээр тодорлоо. 40-49 насныхнаас хосын болон багийн төрөлд Б.Баярмагнай, Я.Бэгз нар алтан медальтай эх орондоо ирэх нь. 50-59 насныхнаас багийн төрөлд С.Галбадрах, Б.Баяржин, А.Ганбат нар тэргүүлж, хосынход С.Галбадрах, Б.Баяржин нар I байр эзэлж, шагналын тавцанд зогсов. Монголын теннисчид одоогоор таван алт, гурван мөнгө, найман хүрэл медаль хүртээд буй. Тэгвэл олимпын таеквондогийн төрөлд 14 орны тулаанчидтай манай таван тамирчин хоёр төрөлд өрсөлдөн, зургаан алтан медаль зүүсэн юм. Тулааны төрөлд 35 насныхнаас 53 кг-д “Арслан” клубийн С.Янжинлхам, 74 кг-д “Мараната” клубийн дасгалжуулагч, тамирчин О.Оюунбилэг, 45 насныхнаас “Дайчид стар”-ын Д.Батбаатар, 60 насныхнаас 63 кг-д С.Зоригт нар аварга болов. Таеквондогийн пүмсэ төрөлд С.Янжинлхам, 45 насныхнаас шүүгч Н.Түмэнжаргал нар тэргүүллээ.