Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж яваа УИХ-ын гишүүд тойргийнхондоо толгойгоо эргэтэл загнуулж яваа сурагтай. Бодлого, шийдвэрийг нь бодитой шүүмжлэхээс илүүтэй “Боодол өвс аваад ирсэнгүй” гэх мэтээр баахан чичилж, бараг хөөж тууж байна. Энэ бол сонгуулийн тогтолцоог зайлшгүй өөрчлөх цаг болсны илрэл. Үндсэндээ өнгөрсөн 30 гаруй жилд тойргийнхноо л тойлж, тулга тойрсон асуудлуудтай зууралдан, “тэнгэр элч”-ийн дүрд тоглож ирсэн улстөрчид “үйлийн үр”-ээ үзэж байгаа нь энэ. Гэхдээ улстөрчид улаан нүүрээ улалзуулах нэг хэрэг. Харин төр, түүний байгууллагуудын легитим чанар алдагдаж, хүлээн зөвшөөрөгдөх, эсэхдээ тулж буй нь том аюул. Ерөнхийлөгч, УИХ, хуулийн болон төрийн захиргааны байгууллагууд, улс төрийн нам гээд бүгдэд нь итгэх итгэл эрс муудаж байна. Жишээ нь, “Сант марал”-ын судалгаанаас харахад 2010 онд оролцогчдын 22.3 хувь нь УИХ-д огт итгэдэггүй гэж хариулж байсан нь 2023 онд 42.2 болж өсжээ. Өөрөөр хэлбэл, өвс өгсөнгүй гэж загнуулан, хөөгдөж буй гишүүн Ш.Адьшаагаас илүүтэй иргэд өөрсдийнхөө сонгосон, төрийн эрх барих дээд байгууллага УИХ-д итгэхээ больж, хүлээн зөвшөөрөхгүйдээ харааж, зүхэж буй хэрэг.
...Гэвч ихэнх нь мухар буюу 7-10 км үргэлжилсэн богино, өөр хоорондоо холбогдоогүй, үерийн далан дагуух, зуслангийн бүсийг чиглэсэн нь олон. Эдгээрийг бас л сонгогдсон гишүүд нь зүтгүүлж, хийлгэдэг. Энэ бол өнгөрсөн хугацаанд, мажоритар тогтолцооны үед нийслэлийн хөгжлийг ч бүтэн харж, цогц бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаагийн илрэл. Эцэст нь халааснаасаа ганц ч төгрөг гаргаагүй УИХ-ын гишүүд татвар төлөгчдийн мөнгөөр босгосон бүтээн байгуулалтын өмнө бахархалтай гэгч нь зогсон, тууз хайчлахдаа “Би хийсэн, хийлгэсэн” гэж хэлэхээсээ ичдэггүй. Тиймээс л ард түмэн одоо гишүүдээс өвс нэхэж уурлаад байгаа юм...
Ардчилсан Үндсэн хуулийг баталснаас хойш УИХ-ын сонгуулийг найман удаа зохион байгуулжээ. Ингэхдээ 2012 оны сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсныг эс тооцвол бүгдэд нь мажоритар хувилбар ашигласан. Үүнээс гадна сонгууль бүрийн өмнө буюу долоон удаа тогтолцоог нь өөрчлөхдөө мажоритар хувилбар дотроо л эргэж буцаж байв. Тодруулбал, харьцангуй олонхын буюу нэг тойрог-нэг мандат хувилбарыг дөрөв (1996, 2000, 2004, 2016 он), багц саналын буюу олон мандаттай жижиг тойргийн тогтолцоог гурван (1992, 2008, 2020) удаа ашигласан юм. Ингэхдээ улс орны эрх ашиг, хөгжил дэвшил, ардчилсан сонгуулийн зарчим, үнэт зүйлийг эхэнд тавихаас илүүтэй тухайн үеийн УИХ-ын гишүүд, эрх баригч нам, эвслийнхэнд ашигтай, аль болох олноороо сонгогдох сиймхий хайж, түүнийгээ хуулиар баталгаажуулж ирсэн нь нууц биш.
Мажоритар хувилбарын сул талуудын нэг, парламентын гишүүн тойргийнхоо сонгогчдоос хараат болдог нь манайд ийнхүү тод илэрч, яах ч аргагүй байдалд орж буй нь энэ. Жишээ нь, 2020 оны сонгуулиар Дундговь аймагт МАН-аас нэр дэвшин сонгогдсон гишүүн Г.Мөнхцэцэг 10 175 хүний санал авсан. Энэ нь одоогийн УИХ-д хамгийн цөөн санал авсан тохиолдол бөгөөд тухайн тойргийн нийт сонгогчийн 36.3 хувийн дэмжлэг хүлээсэн гэсэн үг. Харин Баянгол дүүрэгт АН-аас нэр дэвшин сонгогдсон С.Одонтуяа 27.1 мянган хүний санал авсан ч энэ нь нийт сонгогчийнх нь 26.2 хувь юм. Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуулиар тооцвол манай сонгогчийн тоо хоёр сая гаруй. Өөрөөр хэлбэл, пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор хоёр сая гаруй сонгогчийг өөртөө татах гэж улсын хэмжээний бодлого ярьж “зовохын” оронд тойргийнхоо 30 хүрэхгүй мянган хүнд “попрох” нь амар. Тэгээд ч мажоритар тогтолцооны үед сонгогчдын 30 хүрэхгүй хувийн саналыг авсан ч “ялж” болж буй учраас улстөрчид, намууд мажоритар хувилбарт хайртай. Энэ нь популизмыг дэлгэрүүлдэг. Нутгархах хандлага, жалга довны үзэл ч ингэж л газар авч байна.
УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн авсан саналаар жишээлбэл, Дундговийн бүх сонгогчтой биш, 10 мянган хүнтэй “тулж” ажиллан, тойглоод байхад л тойргоо хяналтаас алдахгүй, “барьчих” гээд байгаа юм. Үүний тулд тойргийнхондоо таалагдаж л байвал юу ч хамаагүй ярьж, амлаж, эд бараа, бэлэн мөнгө өгөх зам руу эргэлт буцалтгүй ордог. Тус тойргийн хувьд гишүүн Б.Наранхүү сонгогчдод будаа агшаагчаас авхуулаад мотоцикл хүртэл тарааж, “эрхлүүлсээр” өмнөх хоёр удаагийн УИХ-д найман жилийн турш сууж байв. Цөөн сонгогчтой, жижиг тойрогт мөнгөтэй хүн эзэн суудгийн жишээ нь энэ. Сонгогч олонтой, том тойрогт ч гишүүд өөрсдийн нэр, зурагтай үзэг, тэмдэглэлийн дэвтэр, цаг тооны бичиг, аяга, шанага данх, бидон, цаг гэх мэт эд зүйл, гурил, будаа, боов, чихэр тараах явдал тасардаггүй, бүр дасал болчихсон.
Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулах далимд овсгоотой зарим нь үүлдэр сайтай, үржлийн мал, эмнэлгийн ор гэх мэт эд зүйл иргэдэд өгч, төсвийн хөрөнгөөр хийж байгаа ажлыг хүртэл өөртөө наах гэж ядаж яваа харагдана лээ. Үнэндээ сумд төсвийн хөрөнгөөр ямар бүтээн байгуулалт хийхийг Засгийн газар бус, тэндээс сонгогдсон гишүүд нь л мэдэж, тодорхойлж буй. Тойрогтоо бариулах соёлын төв, эмнэлэг, сургуулийн араас гишүүд нь хөөцөлдөж, салбарын сайд нарыг нь лоббидож, “шантаажилдаг”. Нийслэл, дүүрэгт ч ялгаагүй. Нэг жишээ хэлье. Улаанбаатарын нийт авто замын урт 1213 км. Энэ нь нийслэлийг бүхэлд нь хоёр удаа тойрчих хэмжээний зам гэсэн үг. Гэвч ихэнх нь мухар буюу 7-10 км үргэлжилсэн богино, өөр хоорондоо холбогдоогүй, үерийн далан дагуух, зуслангийн бүсийг чиглэсэн нь олон. Эдгээрийг бас л сонгогдсон гишүүд нь зүтгүүлж, хийлгэдэг. Энэ бол өнгөрсөн хугацаанд, мажоритар тогтолцооны үед нийслэлийн хөгжлийг ч бүтэн харж, цогц бодлого хэрэгжүүлж чадахгүй байгаагийн илрэл. Эцэст нь халааснаасаа ганц ч төгрөг гаргаагүй УИХ-ын гишүүд татвар төлөгчдийн мөнгөөр босгосон бүтээн байгуулалтын өмнө бахархалтай гэгч нь зогсон, тууз хайчлахдаа “Би хийсэн, хийлгэсэн” гэж хэлэхээсээ ичдэггүй. Тиймээс л ард түмэн одоо гишүүдээс өвс нэхэж уурлаад байгаа юм.
Үүнийг дагаад сонгуулийн зардал өсөх нь зүйн хэрэг. Нам, эвслүүд 1992 оны сонгуульд 137 сая төгрөг зарцуулсан бол 2020 онд 67.2 тэрбумыг кампанит ажлын сар хүрэхгүй хугацаанд гаргасан байгаа юм. Сонгуулийн зардлын дээд хэмжээг тогтоож байгаа ч буураагүй. Тэгээд ч нам, эвсэл, нэр дэвшигчдээс эрх бүхий байгууллагад ирүүлсэн тайланд зардлын хэмжээг үнэн, зөв мэдүүлдэг, эсэх нь туйлын эргэлзээтэй. Түүнчлэн өнгөрсөн сонгуулиар ялалт байгуулсан нэр дэвшигчид бусдаасаа дунджаар 3.6 дахин их мөнгө зарцуулсан гэх тооцоо бий. Өөрөөр хэлбэл, сонгуулиар хэдий чинээ их мөнгө зарцуулна, тэр хэрээр дүнд нь нөлөөлж, тухайн хүний сонгогдох магадлал өсөх дүр зураг харагдаж байгаа юм.
Иймд УИХ-ын гишүүн хэд байхаас үл хамааран сонгуулийн тогтолцоогоо өөрчилж, пропорциональ хувилбар нэвтрүүлэхэд хууль тогтоогчид зайлшгүй санал нэгдэх ёстой. УИХ-ын 2012 оны сонгуулиар 48 гишүүнийг томсгосон тойргоос, 28-ыг нь Монгол Улсыг нэг тойрогт тооцож, намын авсан саналтай нь хувь тэнцүүлэн жагсаалтаас сонгосон. Өөрөөр хэлбэл, нийт суудлын 63 хувийг мажоритар, 37 хувийг пропорциональ хувилбараар хослуулсан сонгууль зохион байгуулсан юм. Үр дүнд нь парламентад суудалтай нам, эмэгтэй гишүүний тоо нэмэгдсэн гэх мэт тодорхой ахиц гарсан. Тухайлбал, АН, МАН-аас бусад намаас болон бие даан нэр дэвшсэн 15 хүн УИХ-ын гишүүн болсон юм. Гадаадад байсан иргэд ч тус сонгуулиар анх удаа саналаа өгсөн түүхтэй. Хамгийн гол нь пропорциональ тогтолцоотой үед УИХ-ын гишүүд тойргоос хамаарахаа больдог. Гишүүд нь зөв харж инээж, буруу харж уйлан байж тойргийн сонгогчийн гэр орон, ажил төрөл, үр хүүхэд, өвчин зовлон гээд хамаг асуудлыг нь шийдэх шаардлагагүй болно.
УИХ дахь МАН-ын бүлгийнхэн өчигдөр хуралдсан бөгөөд тэд сонгуулийн тогтолцооны хувьд можаритор нь давамгай байх ёстой гэж гишүүдийн олонх нь үзсэнийг олонхын бүлгийн дарга уламжилсан. Улмаар эрх баригчид ХҮН, АН-ын удирдлагатай эрх баригч намын дарга уулзаж, ярилцжээ. Уг нь ирэх сонгуулиар пропорциональ хувилбарыг 100 хувь хүлээн зөвшөөрөхгүй ч МАН-ын гишүүдийн дэвшүүлсэн 50:50, ядаж АН-ынхнаас боловсруулсан 40:60 харьцаатай холимог тогтолцооны хувилбараас бууруулалгүй хуульчлан батлах учиртай юм сан. Үүний тулд сонгуулийн пропорциональ тогтолцоо нэвтрүүлэхийг Үндсэн хуулиар баталгаажуулах ёстой.