УИХ-ын энэ хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 5-ны нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн нэг дэх хэлэлцүүлгийг хийсэн. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэлэлцүүлэг хоорондын хугацаа хэлэлцэж буй асуудлын шинж байдал, цар хэмжээнээс хамааран долоогоос доошгүй ажлын өдөр байх ёстой. Энэ хугацаанд УИХ-ын гишүүд тойрогтоо шууд болон өөрийн бие төлөөлөгчөөр дамжуулан уг үйл ажиллагааны үр дүнг мэдээлж, иргэдийн санаа бодлыг судалж, харгалзан үзэх ажлыг гүйцэтгэх зохицуулалттай. Үүний дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар 2023 оны 85 дугаар захирамжаар гишүүдийг тойрогт нь ажиллуулахаар томилсон юм.
Тиймээс гишүүд тойрог, тойрогтоо ажиллаж, Засгийн газраас өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл, эхний хэлэлцүүлгийг нь хийсэн талаар иргэд, сонгогчдод танилцуулж, саналыг авч буй. Тухайлбал, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, гишүүн Х.Ганхуяг нар Баянгол, гишүүн П.Анужин, Э.Батшугар, Б.Жаргалмаа, Н.Учрал нар Сонгинохайрхан, С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Налайх дүүрэг, Ц.Идэрбат Хэнтий, гишүүн Х.Баделхан Баян-Өлгий, Д.Батлут Орхон аймагт ажиллаж байна.