УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн бариад буй. “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт” сүлжээний гишүүн байгууллагуудаас тус төсөлтэй холбоотой санал, зөвлөмжийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлжээ. Гадаадад байгаа иргэдээс санал авах зохицуулалтыг төсөлд тусгаж, урьдчилсан санал хураалт болон нэрийн жагсаалтад хяналт тавих заалтыг сайжруулсан гэж тэд үзэж буй аж. Мөн санал хураах, тойрог байгуулах үйл явцыг тодорхой болгох шаардлагатай хэмээн дурдсан байна. Түүнчлэн сонгуулийн сурталчилгааны зардлыг бууруулах арга хэмжээг далайцтай авах, тайлангийн ил тод байдал, хяналтыг боловсронгуй болгох ёстойг онцолжээ.
“Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт”-ыг 2008 онд байгуулсан бөгөөд сонгуулийн үйл явцын ил тод байдлыг сайжруулахад иргэний нийгмийн хяналт, оролцоог хангах зорилготой төрийн бус байгууллагуудын сүлжээ юм. Гишүүн байгууллагууд нь сонгуулийн ажиглалт, зардлын тайлан, сонгогчийн нэрийн жагсаалт, нийгмийн сүлжээн дэх сурталчилгаа гэх мэт өргөн хүрээнд хяналт, шинжилгээ хийж ирсэн туршлагатай.
Бэлтгэсэн: Б.Уран