“Боолын гэрээ”, “Бодлын хулгайч”, “Үргээлэг 1, 2” зэрэг дэлгэцийн шилдэг бүтээлд сэтгэлд хоногшсон дүрүүдийг бүтээж, “Хохирогч” олон ангит кино, “Эргэж ирэхгүй намар” бүтээлээрээ чансаатай найруулагч гэдгээ харуулсан Б.Амарсайхан дараагийн “тэсрэлт”-ээ “МОНГОЛ” уран сайхны киногоор хийнэ. Энэ нь түүний ерөнхий найруулагчаар ажилласан хоёр дахь бүтээл бөгөөд түүхэн, драм төрлийнх аж.
Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан “Сүүлийн хоёр жил “Одоо л энэ киногоо хийх ёстой юм байна” гэж буцалж хийлээ. Би киногоо нэг л удаа үздэг биш он цагийн уртад үзэх бүр үзэгчтэй ярилцсаар байх тийм л бүтээл байгаасай гэж хүсэж байна. Итгэл найдвар хэзээ ч үхдэггүй, ялагддаггүй. Энэ бол бидний урам зориг юм. Өнөөдөр Монголд итгэл найдвар, урам зориг хамгийн их хэрэгтэй байна” гэсэн юм.
“Монгол” киноны гол дүрд Б.Амарсайхан, Т.Солонго-Уянга нар тоглож, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандорж, Гавьяат жүжигчин З.Жарантав, Л.Энхбаяр, Э.Батнямбуу, Б.Наранбаатар, Г.Энхтайван, Ц.Шүхэрт, Б.Бямбацэрэн, Б.Мөнх-Очир, Б.Мөнхсайхан зэрэг уран бүтээлчид оролцон тогложээ. “17” продакшн, ДДЭШ ТВ болон “Гэр комплекс”-ийн хамтын бүтээл “Монгол” уран сайхны кино ийн үзэгчдийн хүртээл болоход бэлэн болжээ.