Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өнөөдөр БНСУ-ын KBS-Төслийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтад нийслэлийн холбогдох албаныхан болон KBS-Төслийн Монгол дахь ерөнхий захирал Ко Сун Хун тэргүүтэй төлөөлөгчид оролцов. Энэ онд БНСУ-ын олон нийтийн тэргүүлэгч KBS телевизийн 50 жилийн ой тохиож байна. Үүнтэй холбоотойгоор тус телевизээс олон ангит, түүхэн кино хийх гэж байгаа юм. Уг киноны хэсэгт монгол угсааны Кидан буюу Хятан улсын талаар гарах тул киноны багийнхан судалгаа хийхээр Монголд иржээ.
Уулзалтын үеэр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө “Монгол, Солонгос Улс нь гуравдагч хөршийн найрсаг харилцаатайн дээр олон улсын түвшинд ч бие биенээ харилцан дэмжиж ирсэн түүхтэй. Энэхүү харилцаа нь иж бүрэн түншлэлийн хүрээнд эдийн засаг, худалдаа үйлчилгээ, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарт амжилттай өрнөж байна.
Мөн Улаанбаатар хот болон БНСУ-ын хотуудын хооронд Ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосноос хойш талууд харилцан хамтын ажиллагааг нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлж ирсэн. Дэлхийд алдартай Солонгосын кино урлагийн хөгжлийг ойроос харж, түүний нэгээхэн хэсэгт эх орны минь сайхан байгаль, хүн зон дүрсээ мөнхлөх болсонд баяртай байна” хэмээлээ.
KBS-Төслийн Монгол дахь ерөнхий захирал Ко Сун Хун “Киноны зарим хэсгийн зураг авалтыг Монголд хийх хүсэлтэй байгаа тул тусалж, дэмжээрэй. Монголын үзэсгэлэнт байгалийг киногоороо дамжуулж солонгосчууддаа сурталчлахад таатай байх болно” гэсэн юм. Уулзалтын төгсгөлд нийслэлийн зүгээс кино багийн хамт олонд дэмжлэг үзүүлэхдээ таатай байх болно гэдгээ илэрхийллээ.