УИХ-аар хэлэлцэж эхлээд буй Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгаснаар намыг бүртгэх Дээд шүүхийн бүрэн эрхийг Сонгуулийн ерөнхий хороонд шилжүүлнэ. Мөн намуудын санхүүгийн мэдүүлгийг хүлээн авах гэх мэт олон эрхийг тус байгууллага хэрэгжүүлэхээр байгаа юм. Тиймээс манай сонгуулийн төв байгууллага хараат бус ажиллаж чадах уу, улс төрийн болон өөр бусад сонирхлоор аль нэгэн намыг хяхан хавчиж, ашиг сонирхлын зөрчил гаргахгүй байх баталгаа бий юү гэдэг нь урьдынхаас илүү анхаарал татаж байна. Учир нь сонгуулийн байгууллага нь хараат бус, төвийг сахисан байж, ил тод, хуулийн дагуу ажиллах, эсэхээс тухайн улс орон хэр ардчилсан сонгууль явуулав, үр дүн нь хүлээн зөвшөөрөгдөх үү гэдэг нь хамаардаг.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүний тавыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Ерөнхийлөгч, хоёрыг Дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор парламент нэр дэвшигчийн сонсгол хийж, зургаан жилийн хугацаагаар томилох ёстой. Нэр дэвшигчийн сонсгол хийж томилох зохицуулалтыг тус хуульд 2021 онд оруулсан учраас одоогоор нэг ч удаа зохион байгуулаагүй гэсэн үг. Сонгуулийн ерөнхий хорооны одоогийн гишүүд 2020 оны эхнээс бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн парламентын сонгуулиар үнэмлэхүй олонхыг нь МАН бүрдүүлсэн өнөөгийн УИХ, өмнөх Ерөнхийлөгч Х.Баттулга нарын санал болгосон хүмүүс Сонгуулийн ерөнхий хороонд ажиллаж байна. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны даргаар П.Дэлгэрнаранг томилох үед тухайн үеийн Төрийн тэргүүн Х.Баттулга, эрх баригч намын дарга У.Хүрэлсүх нарын “тохирооны хүн” хэмээх тодорхойлолт түүнийг дагалдаж байв. Үнэхээр ч Москвад Цэргийн дээд сургуулийг улс төрийн ажилтнаар дүүргэсэн П.Дэлгэрнаран, Монголд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн У.Хүрэлсүх хоёрыг холбох сэжим бишгүй. 1990-ээд оны сүүлчээр нэг нь УИХ дахь МАХН (одоогийн МАН)-ын бүлгийн Ажлын албанд зөвлөх, нөгөө нь тус бүлэгт референт, “Прогноз” (МАХН-ын дэргэдэх эрдэм шинжилгээний байгууллага, өдгөө “Стратеги” академи нэртэй) төвд эрдэм шинжилгээний ажилтан байсан тэдэнд Зүүний хүчний холбоог хамт байгуулалцаж явсан түүх бий. Харин өмнөх Төрийн тэргүүний эзэмшдэг “Талх чихэр” компанийг улсын үйлдвэр байхад МХЗЭ-ийн хорооных нь дарга явсан талаар түүний намтарт дурдсан байна. П.Дэлгэрнаран 2012 оны сонгуулийн дараа буюу АН-ыг эрх барьж байхад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газрын даргаар ажилласнаас нь тус намтай холбож болно. Үргэлжлүүлэн тэрбээр 2020 он хүртэл “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын тэргүүн дэд захирал, захирал, захирлын зөвлөхөөр ажиллаж байсан юм.
Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүнээс хоёр нь буюу дарга, нарийн бичгийн дарга нь орон тооны статустайгаар ажилладаг. Нарийн бичгийн дарга Д.Даваа-Очирыг Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын даргаар томилуулах гэж нэлээд зүтгүүлснээс харвал тэдний холбоо тун ойр. Тиймээс ч Ерөнхийлөгчийн 2017 оны сонгуулийн дараа Х.Баттулга түүнийг ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар томилж, Сонгуулийн ерөнхий хорооны энэ албанд томилогдох хүртэл ажиллуулсан биз. Ерөнхийлөгч Х.Баттулгын санал болгон томилуулсан хоёр дахь хүн нь тухайн үед Тамгын газрынх нь дэд даргаар ажиллаж байсан Г.Байгалмаа. Улс төрийн хүрээнийхэн түүнийг МоАХ, тэр дундаа Х.Баттулгатай тун ойр гэдгээр нь андахгүй. Өмнөх Ерөнхийлөгчийг өөр бусад албан тушаалд томилогдоход ч байнга хамт байсан тэрбээр 2016 онд УИХ-ын сонгуулиар Хан-Уул дүүрэгт АН-аас нэр дэвшсэн улстөрч бүсгүй юм.
Сонгуулийн ерөнхий хорооны бусад гишүүний тухайд ч тэр хараат бусаар, бие дааж ажилладаг гэж хэлэх аргагүй. Тодруулбал, 2016 оны сонгуулиас хойш буюу МАН-ыг эрх барьсан үеэс Засгийн газрын агентлаг, төрийн бусад байгууллагыг удирдаж буй хүмүүс бий. Тухайлбал, Улсын бүртгэлийн ерөнхий газрын болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдож, өдгөө Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга бөгөөд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын алба хашиж буй Б.Баасандорж, ЦЕГ-ын дарга, хошууч генерал Ж.Болд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбат гэх мэтээр нэрлэж болно. Б.Ганбат гэхэд л 2012 оноос Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр ажиллаж буй аж.
Сонгуулийн ерөнхий хорооны одоогийн бүрэлдэхүүнийг онцлоход ийм байна. Харамсалтай нь, ардчилсан сонгуулиар парламентаа бүрдүүлэх гэж зорьж эхэлснээс хойших 30 гаруй жилд Сонгуулийн ерөнхий хорооны үе үеийн гишүүдийг ийм шүүмжлэл тойроогүй. Арга ч үгүй юм, аль нам эрх барьж, Ерөнхийлөгчөөр ямар хүн ажиллаж байсан, тухайн үед хэн гэдэг улстөрч, бүлэглэл хүчтэй, нөлөөтэй байснаас хамааран сонгуулийн төв байгууллагыг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэг нь хамаарч ирсэн гэхэд болно. Тиймээс ч сонгууль бүрийн дараа нам, эвсэл, нэр дэвшигчдээс гомдол гаргаж, маргаан дэгдээн, Сонгуулийн ерөнхий хорооныхныг буруутгаж байв. 2008 оны долдугаар сарын 1-ний үймээн, самуун ч иргэд, сонгогчид сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөөгүйгээс үүдсэн түүхтэй. Мөн УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын чуулганы анхдугаар хуралдааныг Ерөнхийлөгч Х.Баттулга нээхдээ “Энэ удаагийн сонгуульд нэр дэвшсэн 606 хүний 27 нь 31 гэмт хэрэгт холбогдож, хуулийн байгууллагад шалгагдаж байна. Гэтэл Сонгуулийн ерөнхий хороо хууль тогтоох дээд байгууллагын сонгуулийн босго, шүүлтүүр байх үүргээ биелүүлэлгүй, тэдэнд нэр дэвшигчийн үнэмлэх олгож, сонгогчдод эргэлзээ, төөрөгдөл үүсгэлээ. Монголын төрийн босго өндөр байх шалгуур тогтоогч нь Сонгуулийн ерөнхий хороо байх ёстой” хэмээн удирдлагыг нь огцруулахыг шаардсан юм. Ингээд төд удалгүй Төрийн тэргүүний хувьд ойрын хүрээллээсээ хүмүүсийг нэр дэвшүүлэн, томилуулсан хэрэг.
Үнэхээр ч УИХ-ын өнгөрсөн сонгуулиар Сонгуулийн ерөнхий хорооноос нэр дэвших эрхээ авсан зургаан хүн сурталчилгаагаа хийж явахдаа шүүхийн шийдвэрээр тусгаарлагдан, хоригдсон. Зарим нь ч шоронгоос сонгогдсон билээ. Сонгуулийн кампанит ажил өрнөсөн тэр өдрүүдэд сонгуулийн төв байгууллагаас үүнд хангалттай тайлбар хийгээгүй нь үнэн, “дээрээс”, томилуулсан хүмүүсээсээ ямар нэгэн “чиглэл” хүлээж буй аятай таг чиг суусан нь нууц биш. Улс төрийн намын тухай хуулийн төсөлд Ардчиллыг хуулиар бэхжүүлэх Европын комисс, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институц, хүний эрхийн алба зэрэг байгууллагын шинжээчдийн өгсөн хамтарсан зөвлөмжид ч энэ талаар анхааруулсан байдаг. Тухайлбал, “Парламентын олонх болон Ерөнхийлөгч нэг улс төрийн хүчний төлөөлөл байвал Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнд эрх баригч намын нөлөөг улам бүр нэмэгдүүлж болзошгүй” хэмээн тусгажээ. Хэдийгээр гурван жилийн өмнө Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн дийлэнхийг гишүүдийнх нь үнэмлэхүй олонхыг МАН-ынхан бүрдүүлсэн УИХ, АН-аас нэр дэвшин сонгогдсон Ерөнхийлөгч хоёр бүрдүүлсэн ч өдгөө нөхцөл байдал нь дээрх анхааруулсан түвшинд хүрээд буй. Парламентыг ч, Төрийн тэргүүний институцийг ч Ардын намынхан бүрдүүлж байна.
Улмаар дээрх байгууллагуудын зүгээс Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнийг илүү тэнцвэртэй болгох, тэднийг сонгох, томилохдоо бие даасан, хараат бус зарчмыг хэрэгжүүлэх нөхцөл бүрдүүлэх хэрэгтэйг уламжилсан байгаа юм. Тухайлбал, Сонгуулийн ерөнхий хорооны бүрэлдэхүүнд намуудын тэгш төлөөллийг хангуулж, аль нэгэнд нь давуу байдал үүсгэхгүйн тулд гурван гишүүнийг нь УИХ дахь олонх, мөн гурван гишүүнийг парламент дахь цөөнх, бусад гурвыг нь Дээд шүүх, Хүний эрхийн үндэсний комисс, Үндэсний аудитын газар гэх мэт төрийн бие даасан байгууллагуудаас санал болгон бүрдүүлэх нь зүйтэйг сануулжээ. Харин Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлээд буй Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд ийм зохицуулалт алга. Тус хуулийг дагалдуулан өргөн мэдүүлсэн Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Сонгуулийн ерөнхий хорооны есөн гишүүний тавыг нь орон тооны болгохоос өөр зүйл тусгаагүй аж.
2 дугаар зүйл. Сонгуулийнтөв байгууллагынтухай хуульддоордурдсанзүйл, заалт нэмсүгэй:
7.6. Хороо улс төрийн намын үйл ажиллагааны талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
7.6.1. намыг бүртгүүлэх өргөдлийн маягтыг батлах;
7.6.2. намыг бүртгүүлэх өргөдөл, холбогдох баримт бичгийг нягтлан шалгах, нэмэлт мэдээлэл гаргуулахаар шаардах;
7.6.3. намын бүртгэлийн жагсаалт, бүртгэлийн хувийн хэрэг хөтлөх;
7.6.4. намын оршин байх албан ёсны хаяг, хөрөнгийн өөрчлөлтийг бүртгэх;
7.6.5. намд өгөх хандивын бүртгэлийг хөтлөх маягтыг батлах;
7.6.6. хуульд заасан үндэслэл журмын дагуу намыг тараах тухай дүгнэлт гаргах;
7.6.7. намын бүртгэлд үндэслэн хуулийн этгээдийн гэрчилгээ, тамга, тэмдэг олгох;
7.6.8. намд олгох төрийн санхүүжилтийн тооцож, төсөвт суулган олгох;
7.6.9. намд олгох төрийн санхүүжилтийн хэмжээг тогтоох;
7.6.10. намд олгох шууд бус дэмжлэгийг олгох, шийдвэрлэх;
7.6.11. намын үйл ажиллагаанд хэрэглэх цахим программ хангамжийг баталгаажуулах;
7.6.12. намын албан ёсны цахим хуудас, нийгмийн сүлжээний хаяг, холбогдох өөрчлөлтийг бүртгэх;
7.6.13. Улс төрийн намын тухай хуулийн
8 дугаар зүйлийн 8.8-т заасны дагуу хэрэгжүүлэх хяналт;
7.6.14. Улс төрийн намын тухай хуулийн
10 дугаар зүйлийн 10.5-т заасны дагуу хэрэгжүүлэх хяналт;
7.6.15. Улс төрийн намын тухай хуулийн
21 дүгээр зүйлийн 21.1-т заасны дагуу намыг идэвхгүйд тооцох, эсэх тухай шийдвэр гаргах;
7.6.16. Улс төрийн намын тухай хуулийн
33 дугаар зүйлийн 33.13-т заасны дагуу намд хяналт тавих;
7.6.17. Улс төрийн намын тухай хуулийн
33 дугаар зүйлийн 33.13-т заасны дагуу намд хяналт тавих;
7.6.18. Улс төрийн намын тухай хуулийн
34 дүгээр зүйлийн 34.13-т заасны дагуу намд хяналт тавих;
7.6.19. Улс төрийн намын тухай хуулийн
37 дугаар зүйлийн 37.2-т заасны дагуу намын санхүүгийн тайланд хяналт тавих;
7.6.20. Улс төрийн намын тухай хуулийн
39 дүгээр зүйлийн 39.1-т заасны дагуу намын санхүүгийн тайланд хяналт тавих.
Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөөс (Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдуулан өргөн барьсан)