Зохиолч Д.Мягмар 1933 онд төрж, 1949 оноос эхлэн уран зохиолын төрөл бүрээр туурвиж иржээ.
Намрын шар наран зулай дээрээс хайр найргүй төөнөнө. Хавар сургууль тармагц сумын төвийн ихэнх айл сэрүүн зуслан бараадаж, нутаг сэлгэн нүүцгээдэг тул хөл хөдөлгөөн эрс багасдаг ажээ. Үлдсэн зарим айл одоо намрын хадлан тарианы ид ажилдаа гарцгаагаад өнөөдөр бүр ч нам гүм байв. Гэр сахиж хоцорсон өвгөд, эмгэд нозоортол шарах нарнаас халшран, бас хүүхэд багачуулаа наранд цохигдох вий хэмээн орон гэрээс аль болохоор гаргахгүйг хичээнэ. Жил бүрийн есдүгээр сарын 1-нд сургууль цуглах үеэр энэ сумын төв хөл хөдөлгөөнөөр дүүрч, амь орон хөдлөх шиг болдог билээ. Гэтэл тэр цаг нь арай болоогүй байлаа...
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Мягмарын 1972 онд хэвлүүлсэн “Цоморлигоо нээсэн цэцэг” тууж ингэж эхэлдэг ажгуу. “Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сум нэгдлийн дунд сургуулийн хамт олонд зориулав” гэсэн тодотголтой уг тууж нь зохиолчийн Төрийн шагнал хүртсэн бүтээлүүдийн нэг юм билээ. Цоморлигоо нээсэн цэцэг гэж чухам юуг, эсвэл хэнийг хэлж байна, ямар үйл явдал гарч, хэрхэн өрнөж, төгсдөг бол гэж өөрийн эрхгүй бодохоор эхлэл.
Зохиолч Д.Мягмар утга зохиолын бүхий л төрлөөр бичиж байсан ч жүжгийн зохиолд мэргэшиж, гаршсан хэмээн утга зохиол судлаачид үздэг юм билээ. Манай улсын драмын урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүний мэндэлсний 90 жилийн ойд зориулж МУИС-ийн Утга зохиол, урлаг судлалын тэнхим, МЗЭ, зохиолчийн гэр бүлийнхэн хамтран эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулсан нь урлаг, утга зохиол, сэтгүүл зүйнхэн олноор цугласан сайхан арга хэмжээ боллоо. Тэнд үзмэр болгон дэлгэсэн хэвлэмэл бүтээл, эх зохиол, жүжгийн зохиолын төлөвлөгөө, гэрэл зураг зэргийг нэг бүрчлэн харж, танилцах зуураа дээрх зохиолын эхлэлийг буулгаж авсан минь энэ юм. Туужийн эхлэлийн хэдхэн өгүүлбэрийг уншихад энгийн хүүрнэл, тод дүрслэл, яруу хэллэг “амтагдах шиг”.
Бүтээлийн үзэсгэлэнд зохиолчийн хэвлүүлсэн “Тугтай чарга”, “Yймэрсэн сэтгэл” найраглал, “Өгүүллэгүүд”, “Нийлэх замын уулзварт”, “Балын амт”, “Нэгэн байшингийн тууж”, “Уянгын туужууд”, “Цоморлигоо нээсэн цэцэг”, “Уянгын арван тууж” , “Найрын ширээний ууц”, “Гудамжны эрдэмтэн” зэрэг 20 гаруй ном нь бүгд байх аж.
1933 онд төрж, 1949 оноос эхлэн уран зохиол бичсэн тэрбээр орчин үеийн сэдвээр ихэвчлэн туурвиж иржээ. “Газар бид хоёр”, “Тээрэмчин”, “Тээрэмчний охин” зэрэг тууж, “Нандин эрдэнэ”, “Найрын ширээний ууц”, “Нэгэн няравын паян” зэрэг жүжиг түүнийх.
Эрдэм шинжилгээний бага хурлын үеэр үг хэлсэн хүмүүсийн ярианаас Д.Мягмар гэж хэн болохнь ойлгогдож байлаа.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Л.Болд “Манай улсын шилдэг зохиолчид үндэсний утга зохиолын хэлний үгийн сан, найруулгыг төгөлдөржүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг хэн хүнгүй мэднэ. Би хэлний мэргэжилтэн учраас ингэж хэлж байгаа юм. Тэдгээрийн нэг нь Д.Мягмар зохиолч. Уран зохиол судлалаар эрдмийн зэрэг хамгаалуулах зөвлөлийнхөнд хандаж хэлэхэд “Мягмар судлал”-ыг үүсгээсэй. Хоёрдугаарт, дунд сургуулийн хичээлийн хэрэглэгдэхүүнд энэ хүний намтар, уран бүтээлээс сайтар оруулаасай. Зохиолчийн хэлний толь хийх хэрэгтэй байна. Манай улсад Д.Сэнгээ гуайн хэлний толь гэж ганц байдаг. Олон зохиолчийн хэлний толийг бүтээх шаардлагатай. Тэдгээрийн нэг нь Д.Мягмар гуай мөн. Бид тав, 10 жилийн зайтай уулзалдах нэг хэрэг. Том сэтгэгчдийн оюуны өвийг авч үлдэх, түгээн дэлгэрүүлэх ёстой юм. Мөн түүний зохион туурвих уран чадварыг нээсэн иж бүрэн судалгаа хийгээсэй гэж хүсэж байна” гэв.
“Үер” киноны зураг авах үеэр
МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоо “Монголын уран зохиолд шийдвэрлэх олон асуудал бий. Туурвил зүй, уран зохиолын ялгамжтай байдал, түүнчлэн сэтгүүл зүйд ч Монголын зохиолчдын нөлөөллүүдийн талаар зайлшгүй ярих нөхцөл үүсээд байна. Сэтгүүл зүйн өгүүлэл, нийтлэл, эдүгээ гарч буй бүхий л хэвлэмэл материалд яагаад уран зохиолын үндсэн амь болсон туурвил зүйн гайхамшигтай бичилтүүд, онцлогууд байхгүй байна вэ. Энэ цаг үеийн тусгалыг уран сайхнаар, сэтгэлд хүрэхүйцээр, яруу тодоор дүрслэн харуулах чадамж яагаад буураад буйг цаг ямагт харж байгаа. Хэдийгээр баримтат зохиол бүтээлийн эрин үе гэж ярьж буй боловч утга зохиолын хамгийн гайхалтай агшнууд, дүр, дүрслэлийн ачаар хүмүүс бие биеэ сайн ойлгодог юм шиг. Хайрыг, хаврыг ч мэдэрдэг юм шиг санагддаг. Тийм болохоор Д.Мягмарын мэндэлсний ойд зориулж ийм арга хэмжээ зохион байгуулж буй нь бид бүхнийг сэргээсэн, урлаг, утга зохиолын шинжлэл зүй, туурвил зүй, найруулга зүйд ч томоохон алхам нэмсэн үйл явдал болж байна” гэлээ.
Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Н.Сувд “Драмын театр уран бүтээл хийх үндсийн үндэс нь зохиол. Манай театр байгуулагдсан цагаасаа зохиолчидтойгоо хамтран ажиллаж ирсэн. Театрын түүх зохиолчдын уран бүтээлийн замналыг харуулдаг. Хэдийгээр орон тоогоор цалинжиж байгаагүй ч Д.Намдаг, Ч.Чимид, Ч.Лодойдамба, Ч.Ойдов, С.Жаргалсайхан, Б.Лхагвасүрэн нарыг бид театрын зохиолчид гэж шүтэн бишрэхийн зэрэгцээ өөрсдийн хүмүүс гэж үздэг. Тэдний нэг нь Д.Мягмар гуай юм. Жүжгийн зохиол бол бусдаас ярвигтай төрөл. Үзэгчидтэйгээ нийлээд дөрвөн хананы дотор бүхэл бүтэн амьдралыг цогцлооход зохиолчдын ур чадвар маш чухал. Бүгд амь нэгтэй ажилладаг. Хэзээнээс нааш манайд жүжгийн зохиолч ховор байсан юм. Тиймээс Соёлын яам нэгэн үед Д.Намдаг гуайг орон тоогоор багшлуулж, жүжгийн зохиолчдыг бэлтгэсэн. Д.Мягмар, Д.Батбаяр, Х.Зандраабайдий нар эндээс уран бүтээлээ эхлүүлсэн түүхтэй. Соёлын яамны бүтэц, зохион байгуулалтад зохиолын асуудал хариуцсан нэгж байсан нь оновчтой гэж боддог. Д.Мягмар гуай бол хамтарч ажиллаж байсан анхны минь зохиолчдын нэг. Уран сайхны удирдагч гэдэг албан тушаал хүлээж аваад ажлаа эхлэхэд уул нуруу шиг түшигтэй энэ хүн зохиолын дөр олоход, зохиолчидтой ажиллаж сурах замыг минь нээж өгсөн хүн. Түүний “Найрын ширээний ууц” яагаад 10 гаруй жил тайзнаас буугаагүй вэ. Яагаад хожим кино болов. Хариуцлага гэдэг зүйл нийгэмд дутагдахаар, алдагдахаар юу болдгийг харуулсан, өөрөөр хэлбэл, хэзээд байдаг мөнхийн сэдэв хөндсөн болохоор тэр юм. Инээдмийн жүжиг л дээ. Инээдмийн тусмаа тавихад амаргүй. Тэгэхээр бичихэд бүр хэцүү байх. Инээдмээр шүүмжлээд зэмлүүлдэг байлаа. Малчныг шүүмжиллээ гэдэг байсан. Даргыг донгодлоо ч гэж байсан. Гэсэн ч энэ бүхнийг бид дөлгөөхөн, олон үггүйгээр ихийг ойлгуулдаг зохиолчтойгоо хамт даваад гарч байв. Ийм нөмөр нөөлөгтэй хамтрагчийнхаа тухай өнөөдөр ярих сайхан байна. Үйлс нь мөнх хүн юм аа” хэмээв.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн доктор Т.Баясгалан энэ өдөр “Төрийн шагналт зохиолч Дэмбээгийн Мягмарын өгүүллэгүүдийн уран чадварын асуудалд” сэдвээр үндсэн илтгэл тавьсан юм. Тэрбээр“Д.Мягмар 1954 онд “Ирээд эрсэн нь” гэдэг өгүүллэг нийтлүүлснээс хойш тасралтгүй бичсээр хүний гоо сайхан чанар, ариун нандин хайр дурлал, хүмүүсийн амьдралд гарч буй өөрчлөлт, хуучин, шинэ үзэл санааны зөрчил тэмцэл, байгаль экологи, ан амьтныг хайрлан хамгаалах асуудлаар уран сэтгэмжээр баялаг дөч орчим өгүүллэг бичжээ. Зохиолч Д.Мягмар өгүүллэгүүдээ зөөлөн уянгалаг аясаар туурвин бичсэн нь уншигчийн сэтгэл зүйд нөлөөлөх чадварыг өндөрт өргөж өгчээ. Ялангуяа хайр дурлалын сэдвийг ажил хөдөлмөр, хүний дотоод мөн чанарын асуудалтай нягт хослуулж бичсэн өгүүллэгүүд нь нэлээд амжилттай болжээ. Д.Мягмарын өгүүллэгүүдийг сэдвийн хувьд хөдөлмөрийн хүний сэдэвтэй гэж ерөнхийд нь тодорхойлж болох ч хүмүүсийн сэтгэхүйн нарийн үйл явц, хайр дурлалын асуудлыг тусгасан байдал нь яруу найраг, тууж бичлэгийн зүйлсээсээ ялгарах өвөрмөц онцлогтойг тэмдэглэх хэрэгтэй. Ихэнх өгүүллэг нь хэмжээ богино боловч утга санаагаа бүрэн илэрхийлж чаддаг, дүр дүрслэл нь тод томруун байхын зэрэгцээ амьдралын тухайн агшин, үйл явдлыг кино зураг мэт илхэн харуулдаг онцлогтой. Зохиолчийн “Гоо үзэсгэлэн” (1959), “Миний уулзвал зохих гурван хүн” (1959), “Амьдралын шалгалт” (1960), “Дурлалын тухай өгүүллэг”, “Дэнгийн цагаан эрвээхэй” (1961) өгүүллэг нь цуврал шинжтэй. Сэдвийн болоод бусад аль нэгэн талаар холбоотой бөгөөд хүмүүсийн хайр дурлал, ажил хөдөлмөрт хандах хандлага, амьдралыг үзэх үзлийн ялгаа зөрөөг харуулсан байдаг. “Монголын орчин үеийн уран зохиолын түүх” (1968)-ийн нэгдүгээр ботид эдгээр нь 1960-аад оны өгүүллэгүүдийн дотроос хайр сэтгэл, түүний гоо сайхан чанарын асуудлыг өвөрмөц хэлбэрээр тусгаснаараа онцлогтой болохыг тэмдэглэсэн байна.
“Дэнгийн цагаан эрвээхэй”, “Дурлалын тухай өгүүллэг” зэрэгтээ хуучны ардын домог яриаг үндэслэн тэр цагт үнэнч хайр дурлалыг өнгө мөнгөний хүчээр хавчин түрж эмгэнэлт зөрчилд оруулж байсныг онцлон үзүүлж, эртнээс нааш эмэгтэй хүний эрхэм дээд гоо үзэсгэлэн, түүнтэй холбоотой үнэнч ариун нандин хайр дурлалын түүх нь их нулимс асгаруулсан, харамсалтай түүх байсныг өгүүлээд, ариун нандин хайр дурлалыг үл ойлгогч хүмүүсийн хор атаа, бурангуй чанар бол түүний дайсан нь болсоор ирснийг сэтгэл хөдлөм үзүүлж чаджээ. “Дурлалын тухай өгүүллэг”-ийн гол үзэл санаа, ёс суртахууны ач холбогдол нь нас өндөр болж хоногоо хүлээн явж чадахгүй шахам болсон эмгэн гэрээсээ алс зайдуу орших үнэнч хайр сэтгэлийн гунигт домогтой холбоотой нэгэн болор мэт тунгалаг нуурын уснаас нүүрээ угаах гэж өглөө болгон ирж буйд оршино. Арван наймтай үзэсгэлэнт бүсгүй Сүнжидмаа яагаад заавал энэ нуурын уснаас нүүрээ угаадаг учрыг нь эмгэнээс асуухад, энэ нуур хагацлын зовлон үзэж хайрт хүнийхээ араас гашуудсан бүсгүйн нулимснаас тогтсон учиртай юм аа гээд, өр өвдөм гунигт домгийг Сүнжидмаад хүүрнэнэ. Тэгээд энэхүү домгийг манай нутгийн хамгийн үзэсгэлэнтэй бүсгүй нь дараагийн бүсгүйдээ ярьж уламжлуулах замаар өдий хүрсэн гэж эмгэн Сүнжидмаад хүүрнэж буйгаар монгол хүн эртнээс нааш ариун нандин хайр дурлалыг хэрхэн нандигнаж ирсэн ёс уламжлалын тухай өгүүлжээ. Үнэндээ Д.Мягмар хүний сэтгэлийн ийм нандин зүйлсэд ханддагаараа өвөрмөц зохиолч юм. Жишээлбэл, “Хоёр дахь удаагийн гэрлэлт” (1961), “Би азгүй хүн” (1961) зэрэг өгүүллэгээс нь үзсэн ч Д.Мягмар хүний сэтгэл зүрх рүү үлэмж гүнзгий нэвтэрч бичдэг, аливаад ухаалаг, үнэний байр сууринаас бясалган бичдэг болох нь харагдаж байна. Үхэл зовлон амсаж анхныхаа ханиас хагацаж, дахин эхнэртэй болсон нь хэдий сайн хүн таарсан ч анхны ханийнх нь үйл хөдлөл, итгэл сэтгэл нь үргэлж сэтгэлийнх нь мухарт хадгалагдаж явдгийг үзүүлсэн “Хоёр дахь удаагийн гэрлэлт” хэмээх сэтгэл зүйн шинжтэй өгүүллэг нь уншигчдыг эрхгүй нэгийг эргэцүүлэхэд хүргэдэг. Зохиолч энэ өгүүллэгээрээ асуудлыг гүн ухааны түвшинд аваачиж шийдэх уран бүтээлийнхээ ололт амжилт руу алхам алхмаар ахисаар байсан нь харагддаг юм” гэж ярилаа.
Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, МЗЭ-ийн шагналт зохиолч, яруу найрагч Д.Мягмарын бүтээл туурвилын эргэн тойронд ханатлаа ярья гэвэл хэдэн үдэш жүжгийг нь үзвэл хүсэл биелэх ч юм шиг.
Д.Мягмар агсны гэр бүлийнхний төлөөлөл сэтгүүлч З.Боргилмаа хуран цугласан олонд хандаж үг хэлэх үедээ “Амьдралын сайхан нь уулзалтдаа байдаг” гэсэнд сэтгэл хөдөлсөн. Зохиолчийн төрсөн нутаг Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын ИТХ-ын дарга Ц.Нямдорж болон тус сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал П.Энхтуяа нар нутгийн брэнд болсон идээний дээжээ бариад ирсэн нь амьдралын амтыг, сайхныг илүүтэй тодруулах шиг. Уг сургуулийг 2014 онд аймгийн ИТХ-ын шийдвэрээр зохиолч Д.Мягмарын нэрэмжит болгосон юм билээ.