Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг ирэх зургадугаар сарын 18-нд улсын хэмжээнд зохион байгуулна. Тодруулбал, гурван аймгийн ИТХ-ын гурав, 17 аймгийн 31 сумын ИТХ-ын 41, нийслэлийн хоёр дүүргийн ИТХ-ын хоёр төлөөлөгч буюу нийт 46 хүнийг сонгох юм. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд зааснаар энэ сарын 9-нөөс өмнө тус сонгуулийг зохион байгуулах сум, дүүргийн Сонгуулийн хороог байгуулах ёстой. Харин аймаг, нийслэлийн Сонгуулийн хороог өнгөрсөн сард байгуулаад буй. Мөн энэ сарын 19-нөөс эхлэн холбогдох аймаг, сум, дүүргийн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоох юм. Ташрамд дурдахад, иргэд нөхөн болон дахин сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалт дахь мэдээлэлтэйгээ Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим хуудсаар дамжуулан танилцаж, шалгах боломжтой.