2023 он гарснаас хойш Монголд ирсэн гадаадын жуулчны тоо мэргэжилтнүүдийн тооцооллоос давсныг БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого, зохицуулалтын газраас мэдээллээ. Манай улс “Монголд зочлох жил” санаачилгын хүрээнд энэ онд нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлсэн бөгөөд аялал жуулчлалын хамгийн идэвхгүй үе буюу эхний улиралд ихдээ 50 мянган хүн ирнэ гэж тооцжээ. Тэгвэл энэ сарын 4-ний байдлаар 107 877 жуулчин ирсэн нь эл тооцооллыг 53.94 хувиар давсан аж. Жуулчдын 57 хувь буюу 62 мянга нь хойд хөрш, 18 хувь буюу 19 мянга гаруй нь БНХАУ-аас иржээ. Эдгээрийн дараа солонгос, казах, япон жуулчдын тоо эрэмбэглэгдэж байна. Улсын хилээр нэвтэрсэн газраар нь авч үзвэл “Чингис хаан” олон улсын агаарын замын боомтоор хамгийн олон буюу 35 мянга гаруй гадаадын иргэн орж иржээ. Дараа нь Алтанбулаг, Боршоо, Замын-Үүд, Цагааннуур боомт хамгийн ачаалалтайгаар эрэмбэлэгджээ.
Бэлтгэсэн: Н.Мишээл