Монголд нээлтээ хийгээд удаагүй “Трио” уран сайхны киноны уран бүтээлчид Женевийг зорих гэж байна. Үүнд жүжигчин, зохиолч, найруулагч Д.Баттөмөр, дауны синдромтой залуу Жамаагийн багын дүрд тоглосон Т.Тэмүүлэн, түүний эцэг, эх, мөн уг кинонд зөвлөхөөр ажилласан “Тарвалин” хийдийн хамба лам, гэвш Г.Ариунболд, Монголын дауны холбооны ерөнхийлөгч Ц.Ганзориг нар хамт явах ажээ. НҮБ-аас жил бүрийн гуравдугаар сарын 21-нд дэлхийн дауны өдрийг тэмдэглэж, тодорхой сэдвийн хүрээнд улс орнуудыг хамарсан арга хэмжээ зохион байгуулдаг. Манай улс энэ жил анх удаа бие даасан хөтөлбөртэйгөөр олон улсын хурал, зөвлөгөөнд оролцох гэж буй гэнэ. Швейцар улс дахь Элчин сайд Д.Гэрэлмаа дэлхий нийтэд монголоид хэмээх нэр томьёог доромж утгаар ашиглахгүй байх талаар илтгэл тавьж хэлэлцүүлэх аж. Хэлэлцүүлгийг Монголын дауны холбооны ерөнхийлөгч Ц.Ганзориг удирдах нь. Үүний дараа хуран цуглагсдад Монголын уран сайхны “Трио” киног үзүүлэх бөгөөд найруулагч үзэгчдийн асуултад хариулан, бэсрэг хэлэлцүүлэг өрнүүлэх юм байна.
Бэлтгэсэн Ж.Гэрэл