Үйчүүрийг тоглохдоо тоглогчид 2 тал болон хуваагдаж нэг нь ахлан удирдаж, шоог царанд орхиж тоглоно. Хүн сондгойрвол хүн дутуу тал нь эзгүй байгаа хүнийхээ нэрийн өмнөөс төлөөлж шоо орхин тоглож болдог.
Үйчүүр тоглоомд ханшийн дэс бүхий 8 зүйлийн амьтан орох бөгөөд харцага нохой хоёрыг хамтатган нэгэн зүйлд авдаг онцлогтой. Дүрсийг лангаар үнэлэх ба тоглоом эхлэхдээ арслангаар толгойлон ханш, дэсийн дарааллаар бүх амьтдаа өрж тавьдаг.
Үйчүүрийн ханш, дэсийг жагсаавал:
Шувуу 64 ш, тус бүр 1 лангийн үнэтэй, нийт 64 лан
Туулай 32 ш, тус бүр 2 лангийн үнэтэй, нийт 64 лан
Хүдэр 16 ш, тус бүр 4 лангийн үнэтэй, нийт 64 лан
Буга 8 ш , тус бүр 8 лангийн үнэтэй, нийт 64 лан
Харцага 4 ш, тус бүр 7 лангийн үнэтэй, харцагатай нийлнэ
Нохой 3 ш, тус бүр 12 лангийн үнэтэй, харцагатай нийлээд 64 лан
Ирвэс 4 ш, тус бүр 16 лангийн үнэтэй, нийт 64 лан
Бар 2 ш , тус бүр 32 лангийн үнэтэй, нийт 64 лан
Арслан 1 ш, 64 лангийн үнэтэй болно.
Бүгд 134 ширхэг мод байна.
Тус тоглоомын бэлгэдэл бол юуны өмнө тооны бэлгэдэл байдаг. Тоглоомд 8 зүйлийн ан амьтан, 8-ын үржвэр 64 /8*8/ лан, нийт 134 модны тооны нийлбэр 8 /1+3+4/ байдаг бөгөөд энэ утгаараа “Үүчүүр” нь 8 тооны бэлгэдэлээр бүтсэн тоглоом гэж болно.
Тоглох журмын хувьд тоглогчид хоёр тал болж суугаад, ээлж дараагаар нийт 6 шоог орхиж, баян хангайн баялаг сангийн хөрөнгө буюу ан амьтдаас азын шооны буултаар дүрмийн дагуу хувь авч тоглодог ёстой. Хамгийн олон лан цуглуулсан нь хожно. Шооны нэг нүдийг хонхор, дөрвөн нүдийг улаан гэж нэрлэх ба хоёр нүдийг сэнж, гурван нүдийг ташуу, таван нүдийг шар, зургаан нүдийг нуруу гэж нэрлэн нийтэд нь “хар” гэнэ.
1 улаантай буувал шувуу,
2 улаантай буувал туулай,
3 улаантай буувал буга,
4 улаантай буувал ирвэс,
5 улаантай буувал бар,
6 улаан буувал арслан авна.
1 хонхор буувал “чүг” гэх буюу “унтах”,
2 хонхор нь бусадтай хоёр хоёроор дүйвэл хүдэр, туулай ,
3 хонхортой буувал харцага,
4 хонхортой буувал нохой,
5 хонхортой буувал ирвэс, 6 хонхортой буувал бар,
7 хонхор буувал арслан авна.
3 хонхор, 3 улаан бол буга, харцага авна.
1 улаан, 2 сэнж, 1 ташуу, 1 таван нүд, 1 хонхороор буувал шувуу,
2 улаан, 1 таван нүд, 2 зургаан нүд, 1 хонхороор буувал туулай
4 таван нүд, 1 ташуу, 1 хонхор буувал хүдэр,
2 таван нүд, 3 ташуу, 1 зургаан нүд буувал нохой
5 ижил бараан нүд, улаангүй буувал мөн нохой
5 ижил бараан нүд, улаантай буувал мөн “нохой хорьсон шувуу” гээд шувуу авах
5 ижил бараан нүд, 1 хонхортой буувал “нохой хорьсон хонхор” гээд юу ч авахгүй байх гэх мэт ханштай байна. Ийнхүү нэг орхилтоор тойрч 2 тал ээлжлэн авсаар дуусахад улайлга эхэлнэ.
Тоглоомын зан үйлд шоог орхиход 6 өөр талаараа буувал “шоо нүд” боллоо гэдэг. Шоо нүд болох нь урам зориг, аз хийморьтой явааг илэрхийлдэг ба улайлганы амьтдаас бусад бүх дүрснээс нэг нэгийг, шанд нь дахин орхино. Дахин “шоо нүд” буувал дахин бүгдээс тус бүр нэгийг авна. Тоглоомын эхэнд “шоо нүд” буусан тал баяждаг. Мөн “харцага туулай дэгдээх”-ийг азтайд тооцдог. “Харцага туулай” буюу 2 ш дөрвөн нүд, 3 ш хонхор буюу нэг нүд буувал “харцага туулай дэгд, дэгд” хэмээн “унтах” хүртэл шоог дахин орхих эрхтэй болно. Ер нь 1 ш дөрвөн нүд, 1 ш хонхор, бусад нь бараан өнгөөр гэхдээ өөр өөр талаараа буувал хамгийн сайн буулт, шооны дөрвөн нүд буюу улаан нь олон байх тусам сайн буулт, хамгийн муу буулт нь ганц хонхор буюу нэг нүд дагаж буух юм. Бараанаар дүйсэн бүхэнд хонхор дагавал унтана. Зүй нь бараан дүй хүдэр буюу 4 ижил бараан, эсвэл хоёр хоёроор дүйж буувал хүдэр авах ёстой. Гэтэл үүнийг 1 хонхор бараан дагаж тусвал “унтана” гэсэн үг юм.
Шооны олз омогтой буултууд:
1 улаан, бусад нь хар бол шувуу
2 улаан бусад хар буувал туулай
2 улаан, бусад хар нь 2, 2-оор дүйвэл зарим нутагт хүдэр
2 улаан, бусад 4 нь ижил хар бол туулай, хүдэр хоёуланг
4 ижил хар, эсвэл 2, 2-оор ижил хар бол хүдэр
3 хонхор буувал харцага /1 улаантай бол шувуу нэмэх/
3 хонхор, 3 улаан буувал харцага, хүдэр хоёуланг
3 хонхор, 2 улаантай бол харцага туулай дэгдэж байна гэж “хоосон” буутал орхих
3 улаан бусад нь өөр хар буюу хонхор буувал буга
3 улаан, бусад нь 3 ижил бол буга хүдэр хоёуланг
5 ижил хар, эсвэл 4 хонхор буувал нохой
“ ижл хар, 2 ижил хар, 1 өөр хар бол бас нохой
4 улаан, эсвэл 5 хонхор буувал ирвэс
5 улаан эсвэл 6 хонхор буувал бар
6 улаан эсвэл 7 хонхор буувал арслан
“Унтсан” буюу “ганзага хоосон” буултууд:
3 ижил хар, 2 ижил хар боловч 1 хонхор
3 ижил хар, 3 өөр хар
2 ижил хар, 2 ижил хар, 1 өөр хар, 1 хонхор
4 буюу 5 ижил хар, 1 хонхор/өөрөөр хэлбэл хараар дүйж юм авах болзол байвч 1 хонхортой тул ганзага хоосон болно/
2 ижил хар, 2 ижил хар, 2 хонхор /зарим нутагт улаан дүй гэж харцага авах нь бий/
Шооны буултад тохирох дүрс дууссан үед байгаа дүрснээс лан бодож авна. Жишээ нь: Нохой дууссан байхад нохой буувал 12 шувуу эсвэл 6 туулай эсвэл 4 хүдэр эсвэл 1 буга, 2 туулай гэх мэтчилэн авна. Хэрэв сангийн хогшил дуусвал эсрэг тоглогчийн хогшлоос авна. Тоглоомын үед шоогоо цар тавагнаас унагаавал унагасан шооны тоогоор царанд буусан амьтныг буцааж тавих торгуультай. Тэр амьтан нь байхгүй бол үнээр нь бодож төлнө. “Шоо нүд” тусаад шоогоо унагавал бүх юмнаасаа буцааж тавина. Ер нь авах үед ч тэр амьтан нь буусан бол үнээр нь бодож авна. Жишээ нь: шувуу дууссан бол 1 туулай аваад 1 шувуу буцаана гэх мэт. Нохой дууссан бол байхад нохой туcвал 12 шувуу юм уу 6 туулай, эсвэл 1 буга, 2 туулай гэх мэтээр авч, хоорондоо наймаалцана.
Үйчүүрийг цагаан сарын шинийн нэгний өдөр тоглоход тэр жилийнх нь засал болдог гэж ч үздэг.
(1) Үйчүүрээр наадаад арслангаа хамууруулбал гурван жил тоглохгүй хадгалдаг заншилтай. Арслан хамууруулах гэдэг нь тоглогч хоёр тал шооны буултаар дүрмийн дагуу бүх амьтдаа авч дуусаад лангаа тоолоход арслан авсан тал нь арслангаа эсрэг талын бага лантай бусад амьтан/ шувуу, туулай, хүдэр, буга, харцага, нохой / -д суутгуулан тооцуулахыг хэлнэ.
Арслан авахаар орхих үедээ түүний үнэ цэнийг хүндэтгэн доор нь шувуу дэвсэж, “Арслан гуай, улай улай” гэж уухайлах, бөгөөд арслангаа өрд өгөхийг их муу гэж үзнэ. Арслан авсан хүн ч
“Араатны хаан минь аварч өршөө
Агная гэж агнасангүй
Аз тохиолоор агналаа” гэж домнодог.
Ер нь тоглоомын үед дуугүй суугаад байлгүй, “нохой хорьсон хонхор туслаа” гэхэд “Нохой нь байхад идүүр нь байлгүй яахав” гэж тайвшруулах, буга тусвал
“Өргөн хангайн буян
Өндөр тэнгрийн хишиг, залбирч хүртье
Бугын буян хишиг дэлгэрэг” гэх зэргээр бэлгэ дэмбэрлийн үг хэлэх, шувуу тусахад
“Олзны бага нь амттай,
Шувуу байсандаа ч яах вэ
Шунал ихэдвэл шулам болно” гэхчлэн наргиан наадмын үгсийг үүсгэн хэлэлцэж байхыг эрхэмлэдэг. Мөн улайлганы үед тухайлбал бар авахад ойртоод 6 улаан болоод хэтэрчихвэл “шатлаа” гээд авч чадахгүй болдог . Энэ үед “Барсын арьс цооров уу, хайран арьс” гэх юм уу арслан авах гээд 7 хонхроос даваад 8 хонхор буучихвал “Арслангаа худагт хийчихвээ” гэхчлэн шоглох, 7 улаан болчихвол “Арслангийн мах шарж идэхдээ хүрээ юү” гэхчлэн, энэ мэтээр цэцэн цэлмэг егөө үг, ерөөл бэлгийн үгсийг хэлэлцэж, хөгжилдөж байдаг. Бага хүүхдэд арслан, буга тусвал “Арслан авлах эр байна” гэх буюу “Буга намнах хүүтэй болжээ” гэж бэлгэшээнэ. Хүүхдэд бол шувуу туссан ч “Эрхий мэргэн болоорой” гэж өхөөрдөнө. Тоглоомын эцэст лангаа тоолоод хожсон талдаа
“Хогшил хөрөнгөө улам арвижуулаарай
Хойтон болоход хоёр дахин их лан хураагаарай” гэхчлэн ерөөх, хожигдсон талдаа
“Та нар муудаа хожигдсон биш
Азын шооны нүд төөрчээ
Аавын хүүгийн аз туньжээ
Хэдэн ланг ч зээлдүүлж болно
Хэргийн үедээ хэлээд ирээрэй” гэх мэтээр хөгжилдөөд өндөрлөдөг. Наадаж дуусаад тоглоомоо хураахдаа ямагт арслангаар толгойлдог заншилтай.
Наадаж дуусаад тоглоомоо хураахдаа ямагт арслангаар толгойлдог заншилтай.
(1) “Унтах” гэдэг нь нэг нүд буюу хонхор дагах, эсвэл дүйж болзол хангаагүй дан бараан тусах үед тоглогч тал юу ч авч эрхгүй болохыг хэлж байна.