Монгол Улсын Их Хурлаас Улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг иргэдийн туслалцаатайгаар тодорхойлох, асуудлын эрэмбэ, шийдвэрлэх арга зам, гаргах шийдвэрийн талаар иргэдтэй зөвлөлдөх, үндэсний зөвшилцлийг хангах зорилгоор “Зөвлөлдөж шийдье” улсын хэмжээний зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай тогтоол баталсан. Энэ хүрээнд Улс төр, эдийн засаг, нийгмийн зөвшилцөл чуулга уулзалтыг өнөөдөр (2023.01.11) Төрийн ордонд зохион байгуулж байна.
Энэ үер Жүжигчин У.Цогтбаяр үг хэллээ. Тэрбээр, "Жагсагчдын тэмцэл улам өргөжсөөр байна. Бид эхлээд нүүрсний хулгайгаар 40 их наядыг алдсан талаар ярьж байсан бол өнөөдөр энэ дүн 70 их наядаар яригдаж байна. Үүнийг учир мэдэх эрдэмтэн, судлаачид хүртэл баталж байна. Өнөөдөр танай нам ард түмний хамгийн том дайсан болчихлоо. Танай намыг татан буулгахын төлөө бүх зүйлээ дайчилна шүү. Хэрвээ танай нам өмнөх болон одоо байгаа Ерөнхийлөгчид хариуцлага тооцож, хууль шийтгэлийг нь чангалж, хөөн хэлэлцэх хугацааг нь сунга. Учир нь хулгайчид 3,4 сая иргэний боломжийг нь хулгайлагдаж байна. Та нар ард иргэдийнхээ төлөө ажиллана хэмээн тангараг өргөсөн бол энэ хэдхэн зүйлийг шийдчихээд гэртээ харьж болох уу.
Гурван мянган төмөр замчдын шударга хөдөлмөрийг талаар болгосон орлогч даргын асуудал гарч ирлээ. Ямар хүн дээр нь гүйцэтгэх ажиллагаа явуулсан бичлэг нь цацагдаад ямарыг нь гаргахгүй байгаа юм бэ. Манай жагсагчдад хууль зүйн зөвлөгөө өгч байсан эгчийг өмнөх хэлэлцүүлэгт оруулж өгөөч гэхэд арав гаруй энгийн хувцастай хүмүүс баривчлаад өнөөдрийг хүртэл 25 хоног шоронд хоригдож байна. Яагаад энэ хүнийг баривчилсан бичлэгийг гаргахгүй байгаа юм бэ. Бүх зүйлийг ил болгохыг хүсэж байна.
Хилээр 17 мянган машин гарчихаад байхад хяналтын 5 байгууллага юу хийж байсан юм бэ. Хэн нь ч ажлаа хийгээгүй байна. Дарга нар нь бүгд шалгагдах ёстой, бүгд шоронд явах ёстой. Одоо байгаа болон өмнөх Ерөнхийлөгч ч тэр. Хэрвээ үүнийг хийж чадахгүй байгаа бол Ерөнхий сайд та залуучуудтайгаа хамт жагс. Жагсагчдын талаар дэлхийн 20 гаруй орны хэвлэл ирж мэдээлэл авсан. Хэрэв Ерөнхий сайд та залуучуудтайгаа жагсвал дэлхийн 200 орны хэвлэл ирнэ гэдгийг батттай хэлье.
Ерөнхий сайдаа ард түмэнтэйгээ хамт тэмцье гэдэг үг ямар их хэлдэг юм бэ. Шүгэл үлээж байгаа бол үлээсэн шиг үлээ. Амандаа шүгэлээ зуугаад хамаг чадлаараа үлээ. Өөр юу хүлээж, хүсээд байгаа юм бэ. Үндсэн хуулийн дээр хүний эрх, эрх чөлөө байдаг. Өнөөдөр надад Тагнуул болон Цагдаагийн Ерөнхий газар надад гомдоод 5 удаа мэдүүлэг өгч, хамаатны эгч маань шоронд оруулчихсон. Хэрвээ энэ бүхнийг хийж чадахгүй бол танай намыг татан буулгахын төлөө чадах бүхнээ хийнэ шүү" гэв.