Монгол болон ӨМӨЗО-ы уран бүтээлчдийн хамтран бүтээсэн “Хархүү” уран сайхны кино олон улсын наадамд оролцохоор шалгарчээ. Тодруулбал, ирэх хоёрдугаар сарын 1-11-нд Ираны Тегеран хотод “Фажр” олон улсын кино наадам болно. 41 дэх удаагийн эл наадмын уралдаант хэсэгт “Хархүү” кино өрсөлдөхөөр шалгарсан байна. Хятадын “Шанхай” кино компанийн бүтээл “Хархүү” кинонд монгол морины тухай өгүүлжээ. Уг бүтээлийг залуу найруулагч Э.Буянхишиг найруулсан бол Монголын жүжигчин Д.Ганцэцэг тогложээ. Тус уран бүтээл Азийн олон улсын “First” кино наадмын хоёр номинацад шилдгээр шалгарч, гран при шагнал хүртсэний зэрэгцээ Хятадад 1981 оноос хойш зохион байгуулж буй “Алтан тахиа” наадамд нэр дэвшиж байв.
Бэлтгэсэн А.Тайшир