Эрчим хүчний яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2022 оны ээлжит VI хуралдаан 2022.12.28-ны өдөр боллоо. Хуралдааныг Эрчим хүчний дэд сайд бөгөөд Зөвлөлийн дарга М.Баярмагнай даргалж, танхим болон цахим хэлбэрээр зохион байгуулав.
Хуралдаанаар Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яамны захиалгаар гүйцэтгэсэн “Улаанбаатар хотын шинэ дагуул хотуудын эрчим хүчний хангамжийн эх үүсвэрийн техник, эдийн засгийн үндэслэл”-ийг хэлэлцэн шийдвэрлэв.
Эрчим хүчний яамнаас өгсөн даалгаврын хүрээнд цаашид Улаанбаатар хотын шинэ дагуул хот болон хөгжих Шинэ Зуунмод хотын төсөлд хамрагдах 1) Шинэ нисэх буудлын ард байгуулах “Аэросити” шинэ хот, 2) Тээвэр ложистик, үйлдвэрлэлийн төв, 3) Төр захиргаа, олон нийтийн төв, 4) Оюутны хотхон, нам давхар бүхий орон сууцны бүс болон “Эдийн засгийн чөлөөт бүс”-ийн төсөл, төвийн бүсийн тулгуур төв Зуунмод хот, Сэргэлэн сумын төв, Их Майдар эко хотын төслийг тус тус хэрэгжүүлэхэд шаардагдах эрчим хүчний эрэлт хэрэгцээг хэрхэн хангах асуудлыг судалсан.
Боловсруулсан саналын нэг хувилбар нь дулааны 400 Гкал/ц, цахилгааны 250 МВт чадал бүхий дулаан, цахилгааны хосолмол эх үүсвэр барьж байгуулах шийдэл байв. Зөвлөлийн гишүүд холбогдох албан тушаалтнуудаас сонирхсон асуултдаа хариулт авч, санал шүүмжийг тусган ажиллалаа.
Түүнчлэн Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2022 оны ажлын тайланг хэлэлцэн, хүрсэн үр дүнгээ хэлэлцэн дүгнэв.