Хан-Уул дүүргийн IV хороонд үйл ажиллагаа явуулдаг, “Ланд ровер” зэрэг автомашин худалддаг төвдөчигдөр 08.00 цагийн үед гал гарлаа. Уг барилгад гал гарсан талаар өчигдөр олон нийтийн сүлжээнд бичиж, нийслэлийн утаа нэмэгдлээ гэх байдлаар үзэл бодлоо илэрхийлсэн хүн ч байсан.
Онцгой байдлын байгууллагын 101 дугаарын утсанд 08.04 цагт дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд үүний дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн харьяа Гал түймэр унтраах, аврах 14, 30 дугаар ангийн алба хаагчид газар дээр нь шуурхай ажиллаж галын тархалтыг зогсоосон байна. Гал сөнөөгчдийг түймрийн голомтод очиход дээрх худалдааны төвийн 43х33 м хэмжээтэй барилгын дээврийн баруун урд хэсэгт гал их асаж байсан гэнэ. Онцгой байдлын албаныхан 08.30 цагт галын тархалтыг зогсоогоод улмаар цаг гаруйн дараа бүрэн унтраасан аж. Гал гарсан шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа бөгөөд богино холболт, цахилгаан дамжуулах материалын хэт ачааллаас болсон байх магадлалтай юм байна.
Автомашины худалдааны төвд ажилладаг эх сурвалжуудын өгүүлснээр “Гал цахилгааны шитнээс эхэлж гарсан юм шиг байна. Шинжээчид шалтгааныг тогтоох байх. Юутай ч худалдахаар үзүүлэнд тавьсан автомашинууд тортог, үнс болсноос өөр хохирол учраагүй” хэмээлээ.