Хуульч гэдэг малгайн доор ажилладаг шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, аж ахуйн нэгж, байгууллагын хуулийн зөвлөх зэрэг ажил эрхэлдэг хүмүүс өнгөрсөн бямба гарагт хуралдлаа. Энэ хуралд уг холбоонд бүртгэлтэй 6000-аад хуульчаас сонгон шал гаруулалтаар 474-ийг нь төлөөлөгчөөр оролцуулсан юм. Гэвч 150-иад хүн ирсэнгүй. Их хуралдаа 398 хуульч ирсэн гэж бүртгүүлсэн бөгөөд ирцийн хувийг 66.4 гэж тооцон хурлаа үргэлжлүүлсэн аж. Эл хурлаар Хуульчдын холбооны зөвлөлийн үйл ажиллагааны тайлан, ерөнхийлөгч Б.Өнөмөнх бүрэн эрхийнхээ хугацаанд хийсэн ажил, Хуульчийн эрх зүйнбайдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, дүрэмдээ нэмэлт, өөрчлөлт оруулах, Мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүдийг чөлөөлөх шинэ ерөнхийлөгч, зөвлөлийн гишүүдээ сонгох зэрэг асуудлыг хэлэлцлээ.
Дээр дурдсан албан тушаалд томилогдох, сонгогдохын тулд тус холбооноос зохион байгуулдаг шалгалтад заавал орж, “шүүсээ” шахуулдаг учраас эрх зүйч мэргэжил эзэмшээд хуульч болсон олон хүн үйл ажиллагааг нь сайшаахгүй ч, шүүмжилдэггүй. Бас холбооны ажилд шүүмжлэлтэй ханддаг хэсэг ч бий. Шүүмжлэлтэй хандахаас ч аргагүй. Хуульчдын нэр хүндийг шавартай хутгасан үйл явдлууд өнгөрсөн жилүүдэд шилээ даран хөвөрч байхад Хуульчдын холбооныхон, дарга, удирдлага нь таг дуугүй суусаар халаагаа өгөв. Угтаа бол шүүх, хуулийн байгууллагуудад итгэх олон нийтийн итгэл алдарсан өнөө цагт нэр хүндийг нь хамгаалах, өргөх учиртай байгууллага нь чимээгүй суусаар байсан гэхэд хилсдэхгүй. Шүүгч нар авлигын хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн, өмгөө лөгчдийн ёс зүйтэй холбоотой үйлдэл, хуульчдынх нь дотроос нэг бус хүн эрүүгийн хариуцлага хүлээсэн гээд олон асуудал ар араасаа хөвөрч байхад Хуульчдын холбоо ус балгасан мэт дуугүй л сууж байв.
Тавдугаар их хурлын үеэр ч Хуульчдын холбооны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандсан цөөнгүй төлөөлөгч үг хэлсэн юм билээ. Хамгийн түрүүнд хурлын зохион байгуулалтыг маш муу гэж төлөөлөгчөөр оролцсон олон хуульч үзэж байв. Их хурлаа зохион байгуулах хорооны эрх бүхий албан тушаалтнаа төлөөлөгчид нь эрэн хайж байсан, шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульч зэргийг тус тусад нь салгаж суулгасан, санал хураах, тоолох ажиллагаа хэт хуучинсаг арга барилаар явуулсан гэх мэтээр шүүмжлэх хүн нэг бус гарсан юм. Цөөнгүй төлөөлөгч “Хуульчдын холбоо гэх байгууллага хуульчдынхаа төлөө юу ч хийдэггүй, сар болгон 20 000 төгрөгийн хураамж авахаа л урьтал болгодог. Жилд дөрвөн кредит заавал цуглуулах ёстой гэж хууль, журамдаа тусгаад сургалт зохион байгуулахын тулд хуульчдаас мөнгө их хэмжээгээр татдаг ч үр дүнтэй байж чаддаггүй” гэх мэтээр шүүмжилсэнаж. Нэг кредит нь 42 500 төгрөгийн төлбөртэй нэр төдий сургалтад хуульчид заавал суух ёстой байдаг юм билээ.
Өөр нэг хэсэг нь Монголын хуульчдын холбооны үе үеийн удирдлагыг шүүмжилсэн. Тодруулбал, өндөр албан тушаалд санаархсан залуусын буудалладаг газар нь Монголын хуульчдын холбоо болсон. Холбооны удирдлага санхүүгийнхээ тайланг ил болгох ёстой гэсэн шүүмжлэл ч хэлжээ. Түүгээр ч зогсохгүй, халаагаа өгч буй ерөнхийлөгч Б.Өнөмөнхийг өөрөө бус, Тамгын газрын даргаараа тайлангаа тавиулсныг ч буруушааж байгаа юм.
Эдгээр шүүмжлэл үнэний ортой. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 47.1-т “Хуульчдын холбооны ерөнхийлөгч нь хуульчийн хувьд манлайлагч, хуульчдын нэр хүнд, ёс зүйн хувьд үлгэр дуурайлал үзүүлэгч, хуульчдыг байр суурь, бодлогын хувьд илэрхийлэгч байна” гэж заасан. Гэвч өмнөх ерөнхийлөгч Ж.Хунан ч, сая халаагаа өгсөн Б.Өнөмөнх ч хуульчийн хувьд манлайлагч байсан уу, ёс зүйн хувьд үлгэр дуурайл үзүүлэгч мөн үү гэдэгт эргэлзэх хуульч олон.
Б.Өнөмөнхийн хувьд Гадаадын иргэн харьяатын газарт мэргэжилтэн, Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан нэгэн. Мэргэжлийн хуульчдын зүгээс “Зөрчлийн хэрэг шалгадаг эрх бүхий албан тушаалтан хуульчдын мэргэжлийн байгууллагын нэр хүндийг өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд шавартай хутгалаа” гэж үзэл бодлоо илэрхийлсэн нь ч бий.
Уг нь дээрх хуулийн 47.2-т “Хуульчдын холбооны ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа хоёр жил байх бөгөөд түүнийг улируулан сонгохгүй” гэж заасан ч Б.Өнөмөнхийн хувьд “Ковид-19” цар тахлын дэгдэлт “буян” болж гурван жил ерөнхийлөгчийн албан тушаал хашчихав.
Түүнээс өмнөх ерөнхийлөгч, одоогийн ХЭҮК-ын дарга Ж.Хунан Хуульчдын холбоог албан тушаал дэвших шат дамжлага болгосон хүн. Тэр үедээ ёс зүйн хувьд үлгэр дуурайл үзүүлэгч байж чадаагүй гэж шүүмжлэх хуульчид ч тус холбооны 6000-аад гишүүн дунд цөөнгүй гэлцэх. Тодруулбал, нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2018 оны гуравдугаар сард түүний ээж, Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүнээр ажиллаж байсан Т.Уранцэцэгийн нэхэмжлэлтэй, Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-д холбогдох хэргийг хэлэлцсэн байдаг. ШЕЗ-өөс түүнийг тэтгэврийн насанд хүрсэн гэж үзээд Төрийн тэргүүнд хандсан бөгөөд Ерөнхийлөгчийн зарлигаар албан тушаалаас нь чөлөөлсөн юм. Үүнтэй Т.Уранцэцэг шүүгч санал нийлэхгүй, амралттай байхад ажлаас чөлөөлсөн хэмээн гомдол гаргаж нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс ШЕЗ, Ерөнхийлөгчийн зарлиг хууль зөрчөөгүй хэмээн шийдвэрлэсэн түүхтэй. Гэтэл тэр үед Хуульчдын холбооны тэргүүнээр ажиллаж байсан Ж.Хунан (ээж нь Т.Уранцэцэг) олон нийтийн сүлжээнд “Ээлжийн амралттай байгаа хүнийг халсан шийдвэрийг зөв гэж шийдвэрлэдэг шүүгч байдгийг хардаг хүн дээ би”, “Зарим шүүгч ичээч ээ. Ийм шүүгч нар байж болохгүй ээ”, “Сүүлийн таван жилд шүүгч болсон бүх шүүгчийг шалгах хэрэгтэй”, “Монгол Улсын хууль зүйн салбар ингэж хүн амьтанд доромжлуулахгүй ээ” гэх зэргээр бичсэн нь энэ холбооны ерөнхийлөгчид тавих шаардлагад нийцэхгүй хүн гэж үзэж байсан юм даг.
Монголын хуульчдын холбоо гэх байгууллага өнгөрсөн бямба гарагт шинэ ерөнхийлөгчөө сонгосон. Уг албан тушаалд Ш.Алтангадас, Б.Алтан шагай, Г.Батзаяа, Л.Галбаа тар, П.Одгэрэл, Ч.Өнөржаргал, М.Шинэбаяр нар нэрээ дэвшүүлсэн бөгөөд тэдний дунд 2020 оны нийслэлийн ИТХ-ын сонгуульд АН-аас нэр дэвшиж байсан нэгэн ч байв. Тэднээс МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, хууль зүйн ухааны доктор П.Одгэрэлийг санал хураалтад оролцсон олонх дэмжсэнээр Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөр сонголоо. Санал хураалт хоёр шаттай болсон бөгөөд эхний шатанд П.Одгэрэл 366 хүчинтэй саналаас 174-ийг, Г.Батзаяа 69-ийг нь авсан ч нийт төлөөлөгчийн 50-иас дээш хувийн дэмжлэг аваагүй хэмээн хамгийн олон санал авсан эл хоёр хүний дунд дахин санал хураалт явуулсан юм. Улмаар П.Одгэрэлийг олонх нь дэмжжээ. Түүний хувьд хөсөр унасан хуульчдын, холбооныхоо нэр хүндийг шударга ёсны хамт өөд нь татах эрх, үүргийг ийнхүү хүлээлээ. Түүнийг өмнөх ерөнхийлөгч нарынхаа хийгээгүй ажлууд болох санхүүгийн хяналт шалгалт, тайланг нь ил болгох, хяналтын зөвлөлөө бүрдүүлж, гадаад харилцаагаа улам хөгжүүлж, хуульч хэмээх мэргэжлийн нэр хүндийг өргөж, шударгаар ажиллана гэж олон гишүүн нь хүлээж суугаа нь лавтай.