Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газарт өчигдөр “Академик түншлэл” Монгол-Оросын боловсролын байгууллагууд хоорондын урт хугацааны хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хийж буй анхны уулзалт боллоо. Уулзалтын үеэр хоёр улсын боловсролын байгууллагууд хоорондын хамтын ажиллагааны хэтийн төлөвийг хэлэлцэж, хөгжүүлэх шаардлагатай тэргүүлэх чиглэлүүдээ тодорхойлон, харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан юм. “Академик түншлэл” хөтөлбөр нь энэ жил ОХУ-ын Засгийн газраас Монгол Улсын оюутан, суралцагчдад олгож буй 620 тэтгэлэгт хөтөлбөр, түүнчлэн хоёр улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хооронд шинжлэх ухаан, дээд боловсролын салбарт хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж эхэлж байгаа аж. Хөтөлбөрийн дагуу бол Монголын боловсролын байгууллагууд багш, ажилтнуудаа хойд хөршид магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах шалгаруулалтад оролцуулах, хөрвөх сургалтуудад хамруулах, ерөнхий боловсролын болон мэргэжлийн сургалтын байгууллагуудын төгсөх ангийн сурагчдаа ОХУ-д 130 гаруй мэргэжлээс сонгон бакалаврын тэтгэлэгт хөтөлбөрт оролцуулах, багш, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх аж. Хойд хөршөөс ОХУ-ын шилдэг 10 сургуулийн нэг М.К.Аммосовын нэрэмжит Хойд Дорнодын холбооны их сургууль, Арктикийн соёл урлагийн улсын их сургууль, Сахагийн Бүгд найрамдах Улсын хөгжмийн их сургуулийн төлөөлөл ирж, “Академик түншлэл” арга хэмжээнд оролцон манай их, дээд сургуулиудын үйл ажиллагаатай танилцаж, оюутан сурагчдад ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр хэрхэнэлсэн суралцах талаар мэдээлэл өгсөн байна.