Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх сард бүрэн хэмжээний гурван жүжиг тоглож, хүүхдүүд болон эцэг, эхдээ бэлэг барих нь. Тодорхой хэлбэл, нийслэлийн 28 дугаар сургуулийн багш, сурагчид “Театрын хүүхдүүд” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Сурагчид өөрсдөө хэрэгжүүлэх эл төслийн нээлтэд Соёлын болон Боловсрол, шинжлэх ухааны яам, СУИС, УДЭТ-ын төлөөлөл, бусад сургуулийн удирдлага оролцлоо. Тус сургууль драмын болон уран зохиолын дугуйлан хичээллүүлдэг. Хичээлийг УДЭТ болон СУИС-ийн багш нар урилгаар заадаг аж. Өөрөөр хэлбэл, хэдийн бэлтгэгдсэн сурагчид зохиолоо бичиж, түүнийгээ “амилуулах” нь. Багш нартайгаа сургуулийн захирал Л.Отгонсүрэн хамтран сурагчдаа дэмжихээр төсөл бичиж, Соёлын яаманд илгээсэн аж. Тус яамнаас “Соёлын бүтээлч сар” аяныхаа хүрээнд сурагчдын бүтээлийг дэмжин ажиллаж буй юм билээ. Ингэснээр дээрх сургуулийн сурагчдын мөрөөдөл биелэх боломж бүрджээ.
Захирал Л.Отгонсүрэн сурагчдынхаа туурвих жүжигт зориулж зураг зурсан байна. Уг зурагт Мөнх, Хүлэгү, Хубилай, Аригбөхийг хаан сэнтийд залрахад түүхэн үүрэг гүйцэтгэсэн Сорхогтани бэхиг хуралдай хийж буйгаар дүрсэлсэн байв. Тус сургуулийн дизайн урлалын таван багш уг зурагт дүрсэлснээр жүжгийн хувцсыг урлана. Ингэхдээ сурагчдаа сургаж, хамтран оёх юм. Хувцас урлах оёдол, хатгамлын машинуудаа ч хэдийн бэлтгэжээ. Хувцаснууд нь тун өвөрмөц шийдэлтэй байхаар зурагт тусгасан байлаа. Мөн Сорхогтани бэхи болон хуралдайд оролцогчдыг амьтдаар төлөөлүүлэн зуржээ. Эхний эмэгтэй хэрэм, дараагийн хөвгүүн ирвэс, гурав дахь нь арслан, дөрөв дэх охин могой, Сорхогтани бэхиг цагаан үен “болгож” дүрсэлсэн юм.
Төслийн эхний шатанд зургаас сэдэвлэж хувцас урлана. Хоёр дахь шатанд нь абсурд төрлийн гурван жүжиг тоглоно. Гурав дахь шатанд нь энэ бүгдийгээ бататгаж, сургуулийн дэргэдэх бичил студиэ түшиглэн цахим контент хийх аж. Жүжгийн зохиолыг тус сургуулийн аравдугаар ангийн сурагчид бичжээ. Гол дүрийг нь тавдугаар ангийн сурагч Г.Нарангоо бүтээх аж. Тэрбээр сургуулийн логог бүтээсэн авьяаслаг сурагч. Тус сургуулийн лого нь галт шувуу юм билээ.
Ер нь сурагчдынхаа санаачилгыг тус сургуулийн удирдлага байнга дэмждэг гэнэ. Энэ удаагийн ажил сурагчдын санаачилсан 10 гаруй төслийн ердөө нэг нь аж. Үүний талаар захирал Л.Отгонсүрэн “Театрын хүүхдүүд” төсөл нь сурагчдын гаргасан санаа юм. 26 хүүхэд надад хандаж, жүжгийн багш олж өгөөч гэсэн. Ингээд УДЭТ-ын найруулагч Н.Наранбаатарт хандаж, жүжигчин О.Майдарравжааг багшаар урьсан. Цаашид сурагчдадаа зориулсан соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулна. Төслөө сарын турш хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Үүнд 1000 гаруй хүүхэд оролцоно. Биднийг дэмжсэн Соёлын яамныханд баярлалаа” хэмээлээ.
С.Батцэцэг: Сурагчдын төсөл “Соёлын бүтээлч сар” аян зорилготой бүрэн нийцсэн
(Соёлын яамны хэлтсийн дарга)
-“Соёлын бүтээл сар” аяны гол зорилго нь бүтээлч иргэнийг нээж, төлөвшүүлэх юм. Сурагчид хичээлийн агуулгаа бүтээлч санаатайгаа уялдуулж, багш нь загвар гаргаж, хамтдаа хувцас үйлдвэрлэж, зохиол бичиж жүжиг гаргахаар болсон нь “Соёлын бүтээлч сар”-ын гол зорилготой нийцэж байна. Үр дүнгээ танилцуулж бусад сургуульдаа үлгэр дуурайлал болоорой гэж хүсье. Ингэснээр бүтээлч иргэн төлөвшиж, Монгол Улсын тогтвортой хөгжилд бодит хувь нэмэр оруулна хэмээн найдаж байна.
Г.Наранзул: Хүүхдүүдийнхээ бүтээлч сэтгэлгээг соёл урлаг, түүхтэй уялдуулан хөгжүүлж буйд баяртай байна
(Боловсрол, шинжлэх ухааны яамны мэргэжилтэн)
-Өвөрмөц, бүтээлч ажил зохион байгуулжээ. XXI зууны хүүхдүүд өөр болсон. 1970, 1980, 1990-ээд оны боловсролоор одоогийн түвшинд мэргэжил эзэмших боломжгүй, залуусын сэтгэлгээ хандлага өөрчлөгдөж буй. Үүнийг мэдрээд хүүхдүүдийнхээ бүтээлч сэтгэлгээг дэмжээд, соёл урлаг, түүх соёлтой нь уялдуулаад математик, уран зохиол, монгол хэл, технологи, байгалийн шинжлэх ухаан, цахимтай нь холбосон төсөл хэрэгжүүлж байгаад талархъя. Багш нарын ур чадварыг сориод, сурагчдын мэдлэгийг тэлж буй нь бүтээлч санагдлаа. Үүнийгээ батжуулаад цахим контент хийх юм байна. Амжилт хүсье.
Д.Даваасүрэн: Сурагчид хичээлээ аз жаргалтайгаар сурахад энэ төсөл тусална
(Ерөнхий боловсролын газрын хэлтсийн дарга)
Соёл, боловсролыг нэгтгэн, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөрт оруулж, хүүхдүүдийнхээ ур чадварыг ахиулахыг харах таатай байна. Сэдсэн санаа нь хүлээлт үүсгэсэн өвөрмөц ажил юм. Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилтийн үнэлгээ гаргахад энэ ажил тустай. Хүүхэд сургууль дээрээ хичээлээ аз жаргалтайгаар сурах аргыг энэ төслөөр хэрэгжүүлэх юм байна. Миний төсөөлж буйгаар боловсрол, соёлыг нэгтгэж, хичээл сурлагын гол хэрэглэгдэхүүн болгосон, хүүхдүүдэд урам өгсөн төсөл болжээ. Бусад сургууль төсөлд суурилсан эл арга зүйг хэрэгжүүлээсэй. Сайн жишгээ түгээгээрэй. Манай газар хамтарч ажиллахад бэлэн. Хувцас яасан бол, жүжиг хэрхэн бүтэж байгаа бол гэдгийг эргэж тойрно гэв.
Т.Оюумаа: Багш надад сэтгүүлч болох жим гаргаж өгснийг нь хожим ойлгосон
(Tovch.mn сайтын эрхлэгч)
Г.Нарангоо шиг жаахан байлаа. Нийгмийн идэвх сайтайг минь Л.Отгонсүрэн багш харсан байх. Намайг элдэв мэтгэлцээн, илтгэлийн уралдаанд тэмцээнд хөтлөөд л чирээд явдаг сан. Энэ нь надад сэтгүүлч болох жим болснийг хожим нь ойлгосон. Багш удирдан залж, чиглүүлсний хүчээр сэтгүүлч болсон. Багшдаа баярлалаа. Өнөөдөр Г.Нарангоог хөтлөөд л явааг нь хараад багын дурсамж сэргэв. Ер нь Отгоо багш маань сургуулиас гадуурх үйл ажиллагаанд хүүхдүүдээ нэгтгээд л хөтлөөд явдаг байв.