Энэ үйл явдал 1972 оны аравдугаар сард болжээ. Уругвайн регби (спортын нэг төрөл)-гийнбагийн гишүүд анд нөхөд, төрөл төрөгсдийнхөө хамт 45 хүн Чили рүү нисэх онгоцоор гарсан байна. Жижиг онгоцоор Уругвайгаас Чилид очихын тулд эхлээд урд зүг рүү Аргентин дээгүүр удаан нисэж, Андын нурууны өмнөд хэсгийг туулаад, уулан дээгүүр шулуун нисэхэд аюултай учраас дараа нь умард тийш эргэнэ. Гэтэл энэ удаад нисгэгч нь эргэх ёстой газраа эргээгүйгээс онгоц уулын орой мөргөж бут үсрэв. Онгоцны их бие зорчигчдын хамт доош хөндий рүү цасан дээгүүр чарга шиг гулсаж одлоо. Энэ ослоор 12 хүн амь үрэгдэж, тав нь сураггүй болсон ч маргааш нь шарилуудыг олсон байна. Амь үрэгдсэн гэж үзээд шарилууд дунд тавьчихсан байсан спортын багийн ахлагч Нандо Паррадо хасах 30 градусын хүйтэнд хэдэн арван цаг байгаад ухаан оров. Түүнийг үзсэн эмч нар хожим нь хэлснээр бол Паррадог амиа алдсан гэж үзээд хүйтэнд гадаа байлгасан нь аварсан аж. Ийм хөлдөөх “эмчилгээ” организм дах бүх үйл явцыг удаашруулж, ухаан алдахад хүргэсэн толгойн гэмтлээс үүдэж цус харвах явц зогсжээ. Улмаар тархины ажиллагаа нь сэргэсэн гэнэ. Онгоцонд Нандогийн ээж, эмэгтэй дүү хоёр хамт явж байж. Ээж нь нас барж, дүү нь хүнд шархдаад ухаангүй байв. Нандо дүү рүүгээ мөлхөж очоод тэврээд авлаа. Дүү нь амьсгал хураалгүй дөрвөн шөнө, гурван өдрийг өнгөрөөв.
Энэ гайт нислэгээр зорчиж явсан хүмүүсээс бүтэлгүй явдал салахгүй дагасаар байлаа. Насандаа цасны бараа хараагүй энэ хүмүүс 3600 метрийн өндөрт, өвлийн хүйтэнд эзэнгүй газар идэх юм, нөмөр халхавч, дулаан хувцасгүй байсан гэнэ. Хоёр долоо хоног өнгөрч байтал цасан нуранги дарж, дахин найман хүн амьсгал хураав. Амь голтой хүмүүс нь үхсэн хүмүүсийнхээ шарилтай хамт онгоцныхоо бүтэн үлдсэн хэсгийн багахан зайд гурав хоног шахцалдаж байлаа. Нандо амьд байгаа хэдийгээ аврахын тулд нисгэгчийн бүхээгийн жижиг цонхыг хөлөөрөө өшиглөсөөр хагалж дөнгөжээ. Гэвч дараах өдрүүдэд шархаа даагаагүйгээс, мөн хөлдсөнөөс гурван хүн нас барлаа. 45 зорчигчоос 16 нь амьд байв. Онгоц унаснаас хойш 11 хонож байтал түүгээр зорчиж явсан хүмүүс бүгд үхсэн гэж үзээд эрлийг зогсоосныг амьд үлдэгсэд радиогоор сонслоо. Осолд орсон онгоц цагаан өнгөтэй тулцасаар өвч хучигдсан газраас ялгарч харагдахгүй байсан юмсанж.
Амьд үлдэгсэд хөнгөн цагаанаар хийсэн онгоцны эд анги дээр цас тавьж хайлуулан, лонхонд хийж, усаа хөлдөөчихгүйн тулд хувцсан дотроохийж, өвөртөлж байв. Идэх юм юу ч байсангүй, ус л харин элбэг. Аврагдах горьдлого нэгэнт байхгүй болсноос үхэгсдийнхээ махнаас идэхээр шийдэв. Гэвч хүний мах иднэ гэдэг санаснаар болох эд биш аж. Амьд байгаа хүмүүс бүгд католик шашинтай болохоор хүний махаар хүнс хийнэ гэдэг сүсэг бишрэлтэй нь харшилж байлаа. Түүнээс гадна үхэгсдийн нэлээд нь хэн нэгний нь төрөл садан, ойр дотнынх нь анд найз байв. Тэгээд хэнийх нь ч танил бус, бас онгоцны ослын гол буруутан нисгэгчийн махаар “зоог” барихаар шийдсэн байна. Амьд үлдэгсэд аврагдах өөр арга зам хайхаас яалтай. Нандо Паррадо, Роберто Канесса, Нума Туркатти, Антонио Висинтин нар Чилийн Ногоон хөндий тийш явахаар шийдэв.
Нисгэгчдийн ярианаас үзвэл энэ хөндий онгоц унасан газраас баруун зүгт хэдэн милийн зайд байх ёстой аж. 18 настай Канесса өвөл дуусаж дулаарахыг хүлээх нь зөв гэсэн бодолтой байсан болохоор тэр хөндий рүү явах, эсэхээ шийдэж чадсангүй. Бусад нь болохоор ямар ч байсан явна гэж зүтгэнэ. Тэдний аялал эхлээд их бүтэмжтэй байж онгоцноос тасарсан сүүл хэсэгтэй тааралдаж, ачаатайгаа золгов. Чемодануудыг онгойлговол шоколад, тамхи, цэвэр хувцаснаас гадна аккумляторын цэнэгтэй зайхураагуурбайж байх нь тэр. Хоёр дахь шөнө тэнгэр эрс муухайрч, аялагчид золтой л хөлдөж үхсэнгүй. Уулыг тийм ч амархан давчихгүй нь тодорхой боллоо. Тэгээд буцахаар шийдэж онгоцны ачаан дотроос олдсон даавууны өөдөс, ер оёж шидэж болох бүхнээр хөнжил шигюм хийцгээв.
Нөгөө зай хураагуур харамсалтай нь ач тус болохооргүй эд байлаа. Түүнийг ашиглаж өөрсдөдөө тохиолдсон гай гамшгийг мэдээлэх гэсэн ч бүтэлтэй болсонгүй. Уг нь хувьсах гүйдэл хэрэгтэй байтал зайтогтмол гүйдэл өгөөд байдаг. Мань гурав дахин зориглож, амийг нь аварна гэж үзээд байгаа Ногоон хөндийн эрэлд гарлаа. Гурван өдөр яваад цааш бас хол зам туулах ёстойг ухаарч Висинтинаг лагерь руу буцааж, Паррадо, Канесса хоёр хүний махнаас үлдсэн нөөцөө аваад цааш явлаа. Удалгүй мах нь гэсэж, улмаар ялзарч муудаж эхлэв. Роберто цусан суулга өвчин тусаж, Нандо түүнийг үүрч дүүрч явахаас аргагүй боллоо. Ес дэх хоногийнхоо орой нь тэдний дөхөж очсон голын эрэг дээр фермийн эзэн л болов уу гэмээр морьтой хүн байхыг Роберто олж харав. Тэр морьтон мань хэдийг аль өглөө харсан ч энэ бөглүү газар ихэд ядарч туйлдсан, эцэж турсан, даарч хөрсөн хүмүүс хаанаас ч юм бэ гараад ирсэнд итгэж ядсан аж. Уулын голын урсгал ширүүн, чимээ шуугиан ч их тул морьтой хүн юу хэлээд буйг Нандо, Роберто хоёр сонсохгүй байлаа. Морьтой хүн ч ялгаагүй, гэхдээ тэрбээр айхавтар овсгоотой нэгэн байж. Хуудас цаас, түүн дээр мөр гаргах юм олоод тэр хоёр луу шидэв. Нандо юу тохиолдсоноо, тусламж хүсэжбайгаагаа тэр цаасан дээр бичиж, морьтой хүн түүнийг уншаад, өөрийн авч явсан талх, бяслагийг өгчихөөд давхиж одлоо. Онгоц осолд орсноос хойш 71 хоног өнгөрлөө. Маргааш нь нөгөө морьтон ирж тусламж үзүүлэв. Робертыг эмнэлэгт хэвтүүлж, Нандо аврагчдыг аваад нисдэг тэргээр ууланд үлдсэн хүмүүс рүүгээ явлаа. Арванхоёрдугаар сарын 22-ны тэр өдөр тэнгэр эвгүй байснаас хүмүүсийнхээ хагасыг нь нисдэг тэргэнд суулгаж, үлдсэнд нь хоол, хүнс өгчихөөд орхихоос өөр арга байсангүй. Маргааш нь бүгдийг нь авч, өндрийн өвчнийг нь эмчлүүлж, өлбөрч үхдэгийн даваан дээр очсонд нь хоол, унд залгуулж, чийг бамыг нь багасгав.
Зургаан хоногийн дараа амь аврагдсан азтай хүмүүс сэтгүүлчидтэй уулзаж, болсон бүхнийг шавайгаа ханатал сайн ярьж өглөө. Үүнээс хойш энэ түүхийг “Андын нуруунд болсон итгэмээргүй явдал” гэж нэрлэх болсон байна. Нандо Паррадо зохиолч Пирс Пол Ридтэй хамтран гайт 571 дүгээр рейсийн тухайн ном бичиж, Андын нуруунд болсон явдлын тухай “Амьд үлдэгсэд” нэртэй кино 1993 онд дэлгэцнээ гарав. Ном мэдээж хамгийн эрэлттэй бүтээл болсон байна.
Нандог гэртээ буцаж ирэхэд тохиолдсон уй гашууг эцэг нь тэсэж өнгөрөөж чадаагүй байлаа. Нандог сануулах юм тэр айлд ганц фото зураг нь л үлдсэн байсан. Гэсэн ч тэрбээр сэтгэлээр унасангүй, автомашинаар уралдаж, хожим нь бизнес эрхэлж, сайн дасгалжуулагч болсон гэдэг.
Бэлтгэсэн Р.Жаргалант