Үндэсний урлагийн их театрынхан өвөл цагийн үзвэрийн нээлтээ “Монгол угсаатан мину” тоглолтоор энэ сарын 27, 28-нд хийнэ. Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар С.Сүхбаатарын дэглэн найруулсан энэхүү тоглолт нь дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа монгол угсаатан, монгол туургатны уламжлал, ёс заншил, аж ахуйг яруу тансгаар магтан дуулсан цогц уран бүтээл аж. Төрийн шагналт, Ардын жүжигчин, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга, Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин, зууны манлай уртын дуучин Н.Норовбанзадын нэрэмжит дуучид, Монгол төрийн үндэсний хөгжмийн их найрал бүрэн бүрэлдэхүүнээрээ буюу Үндэсний урлагийн их театрын 200 гаруй уран бүтээлч уг тоглолтод оролцох юм.
Бэлтгэсэн А.Хангал