Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшгийн нөлөөлөл ихэсч байгаа өнөөгийн нөхцөлд биологийн олон янз байдлын доройтлоос үүдэн бий болж буй сорилтууд, боломжит шийдлүүд болон Монгол Улсын зүгээс гаргах хүчин чармайлт, үүрэг амлалтын талаар хөгжлийн түншүүд, төр засгийн газар болон олон улсын байгууллагууд хоёр дахь жилдээ НҮБ-ын Конвенцийн Талуудын бага хурлын бэлтгэл уулзалт хэлэлцүүлэг хийж байна. Уулзалтын үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зүгээс Монгол Улсад нийгэм, эдийн засгийн томоохон нөлөө үзүүлж буй хүлэмжийн хийн ялгарал багатай хөгжил, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхийг дээшлүүлэх болон генетик нөөцийг ашиглах ба түүнийг хамгаалах эрх зүйн зохиуулалтын сэдвүүдээр сэдэвчилсэн хуралдааныг удирдан зохион байгууллаа. Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй ган зуд, цасан болон шороон шуурганы давтамж ихэссэнтэй холбоотойгоор мал аж ахуй болон нутгийн иргэдийн амьжиргаанд ихээхэн хохирол учруулж байгаа тул дасан зохицох эрсдлийн менежментийг сайжруулах чиглэлд яаралтай арга хэмжээ авах нь чухал болоод байна. “Хүлэмжийн хийн ялгарал бага, дасан зохицох шийдлүүд ” сэдэвт хуралдаанаар уур амьсгалын өөрчлөлтөд нэн өртөмтгий мал аж ахуй эрхлэгчид энэ нөхцөлд хэрхэн дасан зохицох, түүнийг төр засгийн зүгээс хэрхэн дэмжих, санхүүжилтийн арга хэлбэрийг хэрхэн боловсронгуй болгох чиглэлд ярилцлаа. Тухайлбал, уур амьсгалын эрсдэлийг урьдчилсан тооцсон шийдвэр гаргах төлөвлөлтийг бүх түвшинд сайжруулах, төсвийн төлөвлөлтийн чадавхийг бэхжүүлэх, мал аж ахуйн үр ашгийг дээшлүүлэхийн тулд малын гаралтай бүтээгдэхүүний гарал үүслийг тодорхой болгох замаар зах зээлд бүтээгдэхүүн нийлүүлэлтийг сайжруулах замаар тогтвортой хөдөө аж ахуйн дадлыг нэвтрүүлснээр Үндэсний тодорхойлсон хувь нэмэрт тусгагдсан дасан зохицох болон хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахтай холбоотой хөдөө аж ахуйн салбарын зорилтыг хангах, бэлчээр, голын ай сав газрын тогтвортой менежментийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, үндэсний болон орон нутгийн түвшинд уур амьсгалын эрсдэлийн мэдээлэлд суурилсан төлөвлөлтийг боловсронгуй болгох мөн малчдыг тэр дундаа эмэгтэй болон залуу малчдыг дэмжиж ажиллах зэрэг эдийн засаг нийгмийн цогц шийдэл боловсруулах боломжуудын тухай хэлэлцэв. Монгол Улс нь генетикийн олон янз байдал бүхий ургамал, амьтны нөөц баялагтайгаас гадна байгалийн салшгүй хэсэг болсон нүүдэлчдийн уламжлалт соёл, ахуй амьдралаар өвлөн авсан генетикийн нөөцийг ашиглахтай холбоотой уламжлалт мэдлэгээр баялаг юм. “Генетик нөөц ба түүний хамгаалалын эрх зүйн асуудал” сэдэвт хуралдаанаар шинжлэх ухааны болон нутгийн иргэдэд генетик нөөц ашигласны үр ашгийг тэгш шударгаар хуваалцах тухай мөн 2021 оноос хэрэгжиж эхэлсэн Генетик нөөцийн тухай хуулийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн ач холбогдлын талаар хэлэлцлээ. НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр нь тус хуулийг боловсруулахад дэмжлэг үзүүлж ажилласан ба хуулийг бүрэн хэрэгжүүлж чадсанаар орон нутаг болон байгаль орчинд ихээхэн эерэг нөлөө гарах юм. Генетикийн нөөцийг хадгалах, хамгаалах бодлогыг салбар бүрт, орон даяар дэмжсэн бодлого ба урт хугацааны тогтвортой санхүүжилтийн механизмийн бүрдүүлэх, уялдаа холбоог сайжруулах мөн чадавхийг нэмэгдүүлэх нь генетик нөөцийг зохистой ашиглах хамгаалах, цаашлаад биологийн олон янз байдлыг хамгаалахад чухал ач холбогдолтой болохыг хэлэлцүүлгийн үеэр онцлон тэмдэглэв. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгч Илейн Конкиевич Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас зохион байгуулж буй уулзалт, хэлэлцүүлэгт НҮБХХ дэмжлэг үзүүлж байгаад таатай байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ тус уулзалтын өндөр ач холбогдолтойг онцлон “Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдал доройтох зэрэг сөрөг нөлөөлөл нэмэгдэж байгаа тул шийдэмгий, уялдаа холбоотой, нэгдсэн арга хэмжээ авах шаардлага үүсч байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь ногоон бас тогтвортой ирээдүйг бий болгох мөн байгаль орчныг хамгаалах, биологийн олон янз байдлыг хадгалахад Монгол Улсын Засгийн газар, ард түмэн тэр дундаа бүх эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, охид, хөвгүүдэд цаашид ч дэмжлэг үзүүлэх болно” хэмээн хэллээ.