УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг цахилгааны шөнийн тарифтай асуудлыг хөндлөө. Тэрбээр, Гэр хорооллын айл өрхөд цахилгаан эрчим хүчний тарифын хөнгөлөлт үзүүлэх журмыг Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 199 дүгээр тогтоолоор баталсан. Гэтэл 2023 оны төсөвт цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлт тусгагдаагүй байна. Үүнд иргэд бухимдалтай, шүүмжлэлтэй хандаж байна. 500 гаруй иргэн тус журмын дагуу ирэх оны төсөвт цахилгааны хөнгөлөлтийг оруулахыг шаардаж, надад санал хүсэлт ирүүлсэн.
2022 оны судалгааг аваад үзэхэд нийслэлд 125 мянган айл өрх, 10 мянгаас дээш хүн амтай сум суурин газрыг аваад үзвэл 48 мянган айл өрх эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамрагддаг байсан. Маш олон мянган айл өрх эрчим хүчний хөнгөлөлттэй байх, агаарын бохирдлоос сэргийлэхэд нөлөөлж байсан. Төсвийн байнгын хороо болон ажлын хэсгийнхэн энэ асуудалд анхаарал хандуулахыг хүсэж байна. Цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтыг цуцалж болохгүй" хэмээв.
Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэнэ.
- Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуяг нарын 5 гишүүн 2021.06.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.11.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж 2022.04.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
- Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл /Мөнгөн зээлийн үйл ажиллагааг зохицуулах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээлэл: Намрын ургац хураалт болон өвөлжилтийн бэлтгэл хангах чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар