Уул уурхай, эдийн засгийн олон улсын нэр хүндтэй хурлууд байдаг. Тухайлбал, Давосын дэлхийн эдийн засгийн чуулган, Канадын уул уурхайн PIDAC гэх мэт. Эдгээр хуралд Монгол Улсаас салбарын хүмүүс очиж оролцдог. Тэгвэл дэлхийд эрчээ авсан уул уурхай, эдийн засгийн дээрх хоёр хуралтай дүйх хэмжээний далайц, нэр хүндтэй, мал аж ахуй, хөдөө аж ахуйн дээд хэмжээний чуулган бас байдаг аж. Мал аж ахуй, хөдөө аж ахуйн салбарыг чухалчилдаг, өндөр хөгжилтэй орнууд үүнийг хэдийн хийж чаджээ. 31 дэх жилийн арга хэмжээнд нь Монгол Улс “Хүндэт зочин” орноор уригдан оролцлоо.
Энэ нь Франц улсын Клермон Ферран хотод жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногт болдог уламжлалтай, Европ тивийн тэргүүлэх мал аж ахуйн олон улсын үзэсгэлэн “Sommet de l`elevage” нэртэй арга хэмжээ юм. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Ерөнхийлөгчийн хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх О.Буяннэмэх нарын албаны болон эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг, эрхлэхээр сонирхож байгаа хувийн хэвшлийн төлөөлөл багтсан 30 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 4-7-нд болсон Европын мал аж ахуйн үзэсгэлэнд оролцоод ирлээ.
31 дэх удаагийн уг үзэсгэлэнг энэ жил Европын 80 орны 100 мянга гаруй хүн үзэж сонирхжээ. Анх 15 мянган хүн л тус үзэсгэлэнг зорьж очиж байж. Харин Францын эрчимжсэн мал аж ахуй буюу өндөр ашиг шимтэй үхэр, хонь үржүүлэгчдийн холбоо, хөдөө аж ахуйн хоршоологчид, холбогдох төрийн бус байгууллага санаачлан, тасралтгүй зохион байгуулсаар өдгөө 80 орны 100 мянга давсан үзэгч, сонирхогчтой болгож чаджээ.
Тухайн үзэсгэлэн болсон хот, холбогдох мужийн захирагч нар, Франц улсын Хөдөө аж ахуй, хүнсний яам зэрэг төрийн байгууллагынхан нь хувийн хэвшлийн зохион байгуулдаг уг арга хэмжээнд өндөр ач холбогдол өгч оролцдог юм байна. Ялангуяа “Хүндэт зочин” орны урилга өгсөн Монгол Улсын ХХААХҮ-ийн сайд нь ач холбогдол өгч төр, хувийн хэвшлийн өргөн бүрэлдэхүүнтэй хүрэлцэн ирсэнд талархаж буйгаа холбогдох албаны хүмүүс болон үзэсгэлэн зохион байгуулагчид дахин дахин илэрхийлж байв. Уг үзэсгэлэнд Азиас Монгол Улс анх удаа оролцсоныг ч тэд онцоллоо. Ингээд “Sommet de l`elevage” нь хэр өргөн цараатай үзэсгэлэн болох, яаж зохион байгуулдаг, монголчууд тэндээс ямар олзтой ирсэн талаарх мэдээллийг хуваалцъя.
Улаанбаатар-Франкфурт, Франкфурт-Лионы чиглэлийн нислэгээр очсон монголчуудыг Францад суугаа Монгол Улсын Элчин сайд У.Нямхүү болон ЭСЯ-ны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа хариуцсан зөвлөх Д.Мөнхжаргал нар угтаж авч, нутаг буцах хүртэлх бүх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлснийг дурдах хэрэгтэй болов уу. Дээрх үзэсгэлэнд “Хүндэт зочин” орноор оролцох эрхийг авахад ч тэдний хичээл зүтгэл их байсан юм билээ.
,
МОНГОЛ, ФРАНЦ УЛС ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАР ДАХЬ ХАМТЫН АЖИЛЛАГААНДАА ШИНЭ ЭХЛЭЛ ТАВИВ
Үзэсгэлэнгийн талбай Францын Клермон Ферран хотоос 10 км-ийн зайд, тусгайлан зассан барилга байгууламжтай 180 мянган ам метр талбайд болдог аж. Үхэр, хонины үзэсгэлэнгийн байруудад гэхэд Европын Холбооны өнцөг булан бүрээс шилмэл малтайгаа ирсэн 1500 гаруй аж ахуйн нэгж, фермер ажиллаж байх жишээтэй. Шилмэл үүлдрийн мал бүрийн талбайд оролцогчид нь уулзалт, гэрээ хэлцэл хийх хэсэг засжээ. Гэхдээ малын эзэн, хариуцагч бүр толгой мэдэн амнаасаа үг унагахгүй. Үзэгч, сонирхогч мэдээлэл авах бол заавал тухайн үүлдрийн малын холбоо, хоршооны нэгдсэн удирдлагатай уулзуулдаг юм билээ. Ингэснээр мэргэжлийн хүн нь малын худалдаа, экспорт, гадаад хамтын ажиллагаа, үржил селекцийн талаар бүрэн танилцуулга, мэдээлэл өгдөг аж. Ялангуяа францчуудын хувьд малчин, фермер тус тусдаа ажиллах бус, хоршоо, холбоо болж, нэгдсэн удирдлагатайгаар үзэсгэлэнд оролцдог байна.
Фермерүүдээс үзэсгэлэнгийн онцлог, ач холбогдлын талаар сонирхоход “Энд оролцсоноор нэгдүгээрт, зөвхөн Францын төдийгүй Европ тивийн болон бусад орны хүмүүст мал аж ахуйгаас ямар хүнс үйлдвэрлэж байгаагаа бодитоор харуулах боломжтой. Хоёрдугаарт, малаа шалгаруулалтад оролцуулдаг. Энэхүү шалгаруулалтаас алт, мөнгөн медаль авах нь чухал биш. “Sommet de l`elevage” үзэсгэлэнгийн мал шалгаруулалтын талбайд гарах нь өөрөө нэр төрийн хэрэг байдаг. Ингэснээр тухайн малын худалдаа, экспорт нэмэгддэг давуу талтай. Гуравдугаарт, энд ирснээр Европын олон зуун жилийн түүхтэй фермийн болон хөдөө аж ахуйн өв уламжлалыг үе залгамжилж яваа үйл хэргээрээ бахархдаг” хэмээн дуу нэгтэй хариулж байлаа.
Үзэсгэлэнг сонирхож буй хэдэн мянган хүний дотор нялх хүүхдээ тэвэрсэн нь олон байв. Мөн бага болон сургуулийн насны хүүхдүүд аав, ээжтэйгээ олноор ирсэн байлаа. Хөдөө аж ахуйн хөгжилд суурилсан, өвлөгддөг бизнестэй учраас хүүхдүүдээ мал аж ахуйд ойр өсгөж, танин мэдүүлж буй нь энэ аж. Гэтэл Монгол Улс мал аж ахуйн орон гэх ч сүүлийн жилүүдэд бидний үр хүүхэд малд дургүй болж, хөдөө аж ахуйгаас алсарч холдсоор байна. Үүнийг Францад үзэж харсан зүйлстэйгээ уяж бодоход бүр ч эмгэнэлтэй санагдсаныг нуух юун.
“Sommet de l`elevage” үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулсан хурал, уулзалт, чөлөөт арга хэмжээний үеэр ч анзаарсан нэг зүйл нь Франц улсад хөдөө аж ахуйн салбарын хүмүүсээ, тэр дундаа малчид, фермерүүдээ хот, суурин газрын иргэд нь “Бидний хүнс хоолыг бэлтгэж, улсын эдийн засагт их хувь нэмэр оруулж байгаа хүмүүс” гэж маш хүндэтгэлтэй ханддаг юм билээ. Дарга, сайд нар нь ч хөдөө аж ахуйн салбарын улсын эдийн засагт оруулдаг хувь нэмрийг байнга онцолж, малчид, фермерүүдийн үйл ажиллагааг хэрхэн дэмжих талаараа маш тодорхой санал, зөвлөмжүүд хэлж байв.
“Бид мал аж ахуйгаас ямар хүнс үйлдвэрлэж байгаагаа харуулах нь чухал” гэж фермерүүдийн хэлснийг батлах зүйлтэй үзэсгэлэнгийн үеэр олон таарсан. Үзэсгэлэнд оролцогчид “Манай хонины сүүгээр хийсэн бяслаг. Манай үхрийн мах ийм амттай. Та амтал” гээд таваг дүүрэн мах, бяслаг аваад ирж байв. Мөн Францад ямар ч малын өвчин байдаггүйг баталж, чанартай махаа түүхийгээр нь иддэг ард түмэн юм билээ. Бас фермер өрхүүд махаа бэлтгээд, түүхийгээр ийш тийш нь борлуулах гэж ачиж явдаггүй. Харин өөрсдөө ангилж савлаж, боловсруулан, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд, борлуулдаг аж. Тиймээс фермерүүд уг үзэсгэлэнд зөвхөн мал аж ахуйгаа танилцуулах биш, хүнсний бүтээгдэхүүний худалдааны танхимд өөрсдийн үйлдвэрлэсэн төрөл бүрийн бяслаг, мах, махан бүтээгдэхүүнийг борлуулж, ашиг олдог. Үзэсгэлэнгийн ерөнхий онцлогийг цухас дурдахад ийм байна.
“Хүндэт зочин” орны урилгатайгаар үзэсгэлэнд оролцсон манай улсын хувьд ямар давуу тал байсныг товчхон бичье. Үзэсгэлэн нээх өглөө Монголын ХХААХҮ-ийн сайд, Францын Бүрэн эрхт Хөдөө аж ахуй, хүнсний сайд нар хоёр орны хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах ёслол болов. Манай хоёр орон хөдөө аж ахуйн салбарын хамтын ажиллагааны уг санамж бичгийг анх 2013 онд үзэглэжээ. Үүнээс хойш хоёр орны хамтын ажиллагаа хөдөө аж ахуйн салбарт эрчимтэй хөгжсөн. Ялангуяа сүүлийн жилүүдэд хувийн хэвшил хоорондын хамтын ажил лагаа нэлээд тэлсээр байгаа. Тиймээс хоёр тал хамтын ажиллагаагаа шинэ түвшинд гаргах санамж бичгийг ийнхүү шинэчлэн байгуулсан юм. Уг санамж бичиг нь маш өргөн хүрээг хамарсан бөгөөд хоёр улс эрчимжсэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн чиглэлээр хамтарсан судалгаа хийх, салбарын мэргэжилтнүүдийг богино, дунд хугацааны сургалтад хамруулахаар болов. Мөн монгол малын генетик нөөцийг үнэлж тодорхойлоход Францын талаас дэмжлэг үзүүлэх, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцины шугамыг манай улсад нэвтрүүлэх, мал эмнэлгийн хорио цээрийн тусгаарлах эрүүл бүс байгуулах, өвлийн хүлэмжийн аж ахуй, хүнсний ногооны агуулах байгуулах чиглэлд хамтран ажиллах саналыг тусгажээ. Францын Хөдөө аж ахуй, хүнсний сайд дээрх чиглэлүүдэд Монгол Улстай хамтран ажиллахад таатай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд цаашид газар зүйн заалт нэвтрүүлэх чиглэлд нэлээд олон зүйл хийхийг онцлон тэмдэглэв. Тэрбээр газар зүйн заалтыг хэрэгжүүлэх чиглэлд Монгол Улсад суугаа Францын Элчин сайд, Европын Холбоо, Франц дахь Монголын Элчин сайдын яам ч идэвхтэй ажиллаж байгааг дурдсан юм.
Энд нэг зүйлийг онцлоход, Франц улс нь цар тахал дэгдсэнээс хойш хөдөө аж ахуй, хүнсний салбартаа ихээхэн анхаарал тавьж, төсвийн болон бусад хөрөнгө оруулалтыг хэд дахин нэмэгдүүлж буй аж. Тухайлбал, өнгөрсөн тавдугаар сараас эхлээд Хөдөө аж ахуй, хүнсний яамандаа Бүрэн эрхт гэдэг тодотголыг албан ёсоор өгчээ. Энэ нь хөдөө аж ахуй, хүнсний салбараа илүү чухалчилж буйн илэрхийлэл гэлтэй.
Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр хоёр орны хөдөө аж ахуйн салбар хариуцсан сайд нар шилмэл мал шалгаруулалтын тусгайлан зассан индэрт гарч, НҮБ-аас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жил” болгон зарласантай холбогдуулан мэдэгдэл хийлээ. Энэ үеэр Францын Хөдөө аж ахуй, хүнсний сайд “Монгол Улс уг санаачилгыг гаргаж, НҮБ-аар дэмжүүлсэнд баяртай байна. Бид ч уг санаачилгыг дэмжин ажиллах болно” гэв. Францад эрчимжсэн мал аж ахуй өндөр хөгжсөн. Үүний зэрэгцээ бэлчээрийн мал аж ахуйгаа тодорхой хэмжээнд хадгалан үлджээ. Ялангуяа Монголд импортолж, нутагшуулах боломжтой мал нь ихэнхдээ уулын сэрүүн бүсэд өвөл, зунгүй бэлчээрээр явах нь элбэг гэдгийг онцлов.
СҮҮ, МАХНЫ ЧИГЛЭЛИЙН САЙН ҮҮЛДРИЙН ҮХЭР АВАХ 1.2 САЯ ЕВРОГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА
Үзэсгэлэнгийн онцлох үйл ажиллагаануудын нэг нь фермийн аялал байлаа. Зочин орны хувьд манай төр, хувийн хэвшлийн төлөөлөгчдөд зориулсан тусгайлсан фермийн аялал зохион байгуулсан юм. Манай хувийн хэвшлийн төлөөлөгчид үхэр, хонины гурван ч удаагийн фермийн аялалд явсан. Тэдний хувьд үзэсгэлэнгийн талбайд байгаа олон үүлдрийн малыг сонирхохын сацуу фермд очиж, туршлага судлах нь чухал байсан.
Түүнчлэн энэ үеэр Францаас цэвэр үүлдрийн сүүний үхэр импортолж, Монголд сүүний үхрийн кластер фермийг хөгжүүлж буй “Нүүдэлчин агро ферм” ХХК хамтран ажилладаг Францын “Эважура” компанитай хүүгүй, урт хугацаатай зээлээр монбиллиард үүлдрийн үхэр импортлох 1.2 сая еврогийн гэрээ байгууллаа. Энэ нь Монголд эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтойг талууд онцоллоо. Тус гэрээний хүрээнд эхний 64 үхрийг энэ сарын 14-нд Франц улсаас Монгол руу тээвэрлэх юм байна.
ХХААХҮ-ийн сайд дээрх үзэсгэлэнд оролцох үеэрээ Францын Лион хотод байрладаг, дэлхийн хамгийн анхны мал эмнэлгийн сургууль “VetAgro”, Европын төдийгүй дэлхийн хамгийн чанартай малын вакцины үйлдвэр болох зорилготой “Boehringer Ingelheim” компани, Парист төвтэй Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагынхантай уулзлаа. Вакцины үйлдвэрийн тухайд дэлхийд хамгийн эрэлттэй байгаа шүлхийн вакциныг амьд эс, вирусээс ялган авч, өсгөн үржүүлж үйлдвэрлэх шинэ технологи нэвтрүүлж буйгаараа онцлог. Вирусээс хамгаалсан ариун орчинд вакцин үйлдвэрлэх энэ технологийг одоогоор зөвхөн тус компани бүрэн нэвтрүүлэхээр зорьж, олон зуун сая еврогийн өртөгтэй, өндөр технологийн үйлдвэр байгуулж байна. Тиймээс хамгийн чанартай вакцин үйлдвэрлэж чадна гэсэн итгэлтэй байгаа аж. Тус үйлдвэр Төв Азийн цөөнгүй оронд шүлхийн өтгөрүүлсэн вакцин нийлүүлж ирсэн арвин туршлагатай. Манай улс ч гэсэн уг үйлдвэрээс хамгийн чанартай вакцин авч, дотооддоо вакцин савладаг үйлдвэр байгуулах сонирхолтой байгаагаа Х.Болорчулуун сайд илэрхийлсэн. Мөн тэрбээр Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагынхантай уулзаж, Монголын баруун бүсийн газар зүйн тогтцыг ашиглан, нэг аймгийн хэд хэдэн сумыг хашаалах байдлаар малын эрүүл бүс байгуулах, Дорнодын Халхгол сумын нутагт 100 мянган га-д хорио цээрийн тусгаарлах бүс байгуулж, малаа эрүүл гэдгээ батлан, мах экспортлох зорилготойгоо танилцуулсан билээ. Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын орлогч захирал сайдын саналыг сонсоод, “Бид Монголын сайд, дарга нартай уулздаг. Энэ удаад хөдөө аж ахуйн мэргэжлийн сайдтай анх уулзлаа. Та малаа эрүүлжүүлэх, мах экспортлох тал дээр том амбицтай ажиллах гэж буй юм байна. Миний хувьд ч хэсэгчилж эрүүл бүс байгуулах нь илүү үр дүнтэй байж магадгүй гэж үзэж байна. Гэхдээ амар биш. Та бүхэн үүнийг хэрэгжүүлэхдээ манай мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авч, ажиллах хэрэгтэй” гэв. Сайд ч ажлаа хэрэгжүүлэхдээ тус байгууллагаас холбогдох мэргэжилтнүүдийг урьж, газар дээр нь ажиллуулан, зөвлөгөө авахаа илэрхийллээ.
ХХААХҮ-ийн сайдын баг ганц үзэсгэлэн биш, олон газарт очиж, чухал ажлуудыг амжуулсан тул сонины зай талбайд баригдаад, тэр бүрийг энд дэлгэрэнгүй бичих боломжгүй байна. Харин үзэсгэлэнгээс хийсэн бусад сурвалжилга, мэдээллийг хөдөө аж ахуйн мэдээллийн төрөлжсөн www.agronews.mn болон бусад сайтаар хүргэх болно. Ялангуяа манай холыг зорьсон хувийн хэвшлийнхэн юу олж мэдэж, ямар туршлага судалсныг өгүүлнэ.
Ямартай ч Европын мал аж ахуйн тэргүүлэх үзэсгэлэнгийн анхаарлын төвд монголчууд байж чадлаа. Эрүүл, өндөр ашиг шимтэй малаас хэрхэн эрүүл хүнс авч, хүнсний аюулгүй байдлыг хангадгийг, дэлхийн олон оронд экспорт хийж, арвин орлого олж болдгийг бодитоор харлаа, монголчууд. Үүнд оролцсон төлөөлөгчид эрүүл мал, экспорт гэдэг хоёр үг ямар чухал болохыг сэтгэлийн гүндээ тээж ирсэн гэдэгт итгэлтэй байна. Энэ бол бидний мал аж ахуйгаа эрчимжүүлэн хөгжүүлэх шинэ зам юм.
Бэлтгэсэн И.Отгонжаргал